Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос түүхэндээ байгаагүй хатуу авлигын эсрэг хууль хэрэгжүүлнэ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх өчигдөр буюу Пүрэв гарагт авлигын эсрэг шинэ хуулийн саналыг дэмжсэн шийдвэр гаргалаа.

Уг хууль нь төрийн албан хаагчдыг хоолонд урих, тэдэнд бэлэг өгөх дээд хэмжээг зааж өгч байгаа юм.

Хоолонд урьж, гар цайлгаж ажил хэргээ бүтээдэг гүнзгий соёлтой Солонгосчуудад том цохилт болох энэ хууль ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.

Хуулинд зааснаар төрийн албан хаагчид, багш нар, сэтгүүлчид зэрэг хүмүүс бусдаар нэг удаадаа 30,000 вон ($27) хүртэл үнэтэй хоолоор дайлуулах, 50,000 вон ($45) хүртэл үнэтэй бэлэг авахыг зөвшөөрч байгаа ажээ.

Ийм санаачилга гарах болсон шалтгаан нь 2014 онд Севол хөлөг онгоц далайд живж олон зуун хүний амь үрэгдсэнтэй холбоотой. Тухайн үед далайн тээврийн салбарынхан төрийн хариуцсан албаныхантай хэт ойр харилцаатай байсан нь уг ослыг гарахад нөлөөлсөн гэж үзжээ.

Мөн үүнээс гадна сүүлийн үед дуулиан тарьсан албан тушаалтнуудын авлигын хэргүүд дараалан гарах болсон нь ингэхэд хүргэсэн байна.

Гэвч нөгөө талаас энэ хуулийг шүүмжлэгчид, эсэргүүцэгчид байгаа юм. Тэд голдуу эдийн засагчид, хөдөө аж ахуйн фермерийн эзэд байна. Учир нь хууль хэрэгжсэнээр тус улсын ресторан, нийтийн хоолны салбар хохирол хүлээж, аж ахуй эрхлэгчдийн бэлгэнд ордог бүтээгдэхүүнүүдийн (сайн чанарын үхрийн мах, жимс, далайн хүнс) борлуулалт унана гэж үзэж байгаа гэнэ. Ингэснээр улсын эдийн засагт хохиролтой гэж тэд дүгнэж байна.

Одоогоор Өмнөд Солонгос нь дэлхийн 168 орноос авлигын үзүүлэлтээр 37-д эрэмбэлэгдэж байгааг Транспаренси Интернэшнлийн 2015 оны тайлан харуулж байгаа юм.

Гэвч Сөүлийн эрх баригчид Япон, Тайвань, Хонг Конг зэрэг бүс нутгийн орнуудаас дор жагсаж байгаадаа сэтгэл хангалуун бус байгаа ажээ.

 

Эх сурвалж: Bloomberg