Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Үерийн үеэр ОБГ-т 65 дуудлага иржээ

ikon.mn
2016 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Долоодугаар сарын 28-ны өдрийн 19:55 цагаас 20:30 цаг хүртэл Улаанбаатар хотод орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автжээ.

Ялангуяа Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний зүүн талын автозам 150м, “Буян”ХХК-ний зүүн талын автозамуудад ус ихээр нэмэгдсэний улмаас иргэдийн автомашин усанд суух, хөвөх, мөн орц болон газар доорхи давхаруудад ус их орж автомашинууд усанд автсан зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. /Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү/

Энэ хугацаанд 101, 105 дугаарын утсанд иргэдээс үер усны холбогдолтой  65 удаагийн дуудлагын дагуу аврах, хор уршгийг арилгах ажиллагааг газар дээр нь зохион байгуулан ажилласан байна.

Нийт дуудлагын 73,3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24,9 хувь нь орц болон газар доорхи зоорийн давхар усанд автсан, 1.8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон автозам усанд автсан зэрэг дуудлагыг эзэлж байна.

Үерийн дуудлагыг дүүргээр нь ангилвал:

Баянзүрх дүүрэгт:
Баянзүрх дүүргийн 1, 2, 5, 6, 7, 8, 9, 13, 14, 18, 19, 22, 27 дугаар хороо, Монелын гудамж, Дунд дарь эхийн гудамж, Алтан өлгий, Шар хадны гудамж, Дүүргийн гудамж, Сэлбийн гудамж, Эрдэнэ толгойн гудамж, Цэргийн хотхон, Голден вилл хотхон, Зүүн хүрээ хотхон, 57 дугаар байр, 93/А байр, 38/А байр, тус дүүргийн Татварын хэлтэс, Цэцэрлэгжилт ХХК, Консулын гудамжинд их хэмжээний ус орж ирээд байна гэсэн мэдээллийг хүлээн авч Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 30 хүний бүрэлдэхүүнтэй, 4 автомашинтай бүлэг үерийн усыг соруулан, зөвлөгөө өгч ажилласан. (Нийт 30 дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж ажилласан.)

Баянгол дүүрэг:
Баянгол дүүргийн 22 дугаар хороо усанд автсан гэсэн мэдээллийн дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 5 хүний бүрэлдэхүүнтэй, 1 автомашинтай бүлэг үерийн усыг соруулан, зөвөлгөө өгч ажилласан. (Нийт 3 дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж ажилласан.)

Сүхбаатар дүүрэг:
Сүхбаатар дүүргийн 1, 8, 9, 10, 12, 13, 14 дүгээр хороо, Хандгайтын гудамж, Хангайн гудамж, Зүүн сэлбийн гудамж, Чингэлтэй гудамж, Рашаантын гудамж, 44 дүгээр байр, 27 дугаар байр, 32/Б байранд их хэмжээний ус орж ирээд байна гэсэн мэдээллийг хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 11 хүний бүрэлдэхүүнтэй, 2 автомашинтай бүлэг үерийн усыг соруулан, зөвлөгөө өгч ажилласан. (Нийт 13 дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж ажилласан.)

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн зүүн хойд уулзвар, мөн дүүргийн 6 дугаар хороо 45 сургуулийн хороолол дундах авто зам, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Нарны замын зүүн талын автозам, “Буян”ХХК-ний зүүн талын автозамуудад үүссэн борооны ус их хэмжээгээр тогтож автомашинууд усанд автсан байсаныг Ус сувгийн удирдах газрын ус соруулах зориулалтын 2 автомашин, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”ОНӨҮГ-ын ус соруулах зориулалтын 2 автомашин, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус соруулах 3 автомашинтай, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 2 бүлэг 8 албан хаагч, 2 автомашинтай, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангиас 3 бүлэг 18 хүн 3 автомашинтай  усыг соруулж 00:30 цагт дуусган замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулсан байна.

Энэ хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газрын 73 албан хаагч, 11 автомашин, ус соруулах 4 техник хэрэгсэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн 23 албан хаагч, 3 автомашинтай, нийслэлийн Гамшгаас хамгаалах 4 албаны 69 албан хаагч, 7 автомашин, нийт 165 албан хаагч 25 автомашин техник хэрэгсэлтэйгээр үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгах арга хэмжээг зохион байгуулан ажиллажээ.

Цаашид 29-ний өдөр түр зуурын бороо орж, 30-ны өдрөөс өдөртөө 31-35 хэм хүртэл халах урьдчилсан төлөвтэй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.