Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Туркүүд Америкийн эсрэг жагсаал хийжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт 5,000 гаруй Турк иргэн тус улсад байрлах Инжирлик Америкийн цэргийн баазын гадна таван цагийн турш жагссаны дараа цагдаа нар ирж тараажээ.

Хэрвээ цагдаа нар тараагаагүй бол тэд НАТО-гийн томоохон бааз болох 90 орчим тактикийн цөмийн зэвсэгтэй бүсэд дайрч орохоор байсан гэнэ.

Жагсагчид дуу нийлүүлэн “Америкт үхэл!” гэж хашхирч байсан байна.

Тэд Америкийн цэрэг, зэвсгийг Туркийн нутгаас даруй гарч явахыг шаардаж байжээ.

Энэ сарын 15-нд Туркэд гарсан төрийн эргэлт хийх оролдлогын дараа тус улсын үндсэрхэг үзэлтнүүд толгойгоо өндийлгөж эхлээд байна. Үүнд Туркийн зарим улс төрчид төрийн эргэлтийн цаана Америк байгаа гэсэн хардлагаа илэрхийлсэн нь нэмэр болжээ.

Мөн Эрдоганы дайсан, төрийн эргэлтийг удирдсан гэж сэжиглэгдэж байгаа шашны зүтгэлтэн Фетулла Гуленийг АНУ орогнуулж байгаа нь байдлыг хурцатгаж байна.

Инжирлик бааз нь НАТО-гийн маш чухал цэг бөгөөд Турк-Сирийн хилээс дөнгөж 100 орчим километр зайнд оршдог. Тэнд 90 орчим цөмийн зэвсэг байрладаг нь эдгээрийг террористуудын гарт оруулах вий гэсэн айдас төрүүлж байгаа юм.

Дараагийн удаа ийм хэмжээний эсэргүүцлийн арга хэмжээ болвол Туркийн үндсэрхэг үзэлтнүүд НАТО-гийн хүчтэй мөргөлдөх аюул бий болжээ.

Жагсаал эхлэх үеэр АНУ-ын засаг захиргаа Инжирликийн ойролцоох Адана дахь консулийн газраа эрт хааж, иргэддээ анхааруулга өгсөн байна.

Мөн Туркийг зорьж байгаа АНУ-ын иргэдэд нийслэл Анкарад болж болзошгүй Америкийн эсрэг цуглааны тухай анхааруулжээ.

Жагсагчид Инжирлик бааз нь Ойрх Дорнодод байгаа ахан дүүсийг нь алахад чиглэсэн байгууламж тул хаах хэрэгтэй гэж уриалж байсан гэнэ.

Ийнхүү Ойрх Дорнод дахь Америкийн хамгийн том түнш, НАТО-гийн чухал гишүүн Турк улсад барууны эсрэг үзэл сэргэж эхэллээ.

 

Эх сурвалж: Sputniknews