Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хүнсний бүтээгдэхүүнд микроб хуримтлагдахаас сэргийлэх арга

ikon.mn
2016 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хүнсний бүтээгдэхүүн бохирдох биологийн болон биологийн бус олон тооны шалтгаантай байдаг. Дор дурдсан шалтгааны улмаас хүнсний бүтээгдэхүүн бохирдоно.

Үүнд:

-  Тэжээл, ус, агаараар дамжин ургамал, амьтанд орох пестицид, хүнд металл, хлорт нүүрс ус болон бусад гадаад орчноос орох хорт бодисууд

-  Зөвшөөрөгдөөгүй хүнсний нэмэлт бодис ашиглан хүнсний бүтээгдэхүүнийг савлах, хадгалах

-  Эрүүл ахуйн зориулалтын цэвэрлэгээ ариутгалын бодис хүнсэнд дамжин орох

-  Ургамал, амьтны физиологийн хор

-  Паразитууд

-  Бичил биетэн (бактери, мөөгөнцөр, вирус)

Хүнсний бүтээгдэхүүнээр дамжин халдвар тархах нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг боловч үндсэн хэдэн гол хүчин зүйл байдаг.

 Үүнд:

-  Хадгалалтын горим алдагдсан

-  Хувь хүний ариун цэвэр

-  Хүнсний бүтээгдэхүүн дутуу боловсруулсан

-  Хүнсийг бэлтгэж буй сав хэрэгсэл, хүний гарт байгаа бичил биетнээр бохирдох

-  Тоног төхөөрөмжийн ариун нөхцөл алдагдсан

Халдварын эх үүсвэр буюу голомт. Хүнсний бүтээгдэхүүн бичил биетнээр анхдагч болон хоёрдогч халдвар авдаг байна. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний анхдагч халдвар нядалгаа хийхэс өмнө авсан байх, өөрөөр хэлбэл, өвчилсөн амьтан нядалсан гэсэн үг.

Ургамлын гаралтай бүтээгдэхүүн ургац хураахаас өмнө эсвэл ургац хураасны дараа микробын болон бусад хорт халдвар авдаг байна. Хүнсний бүтээгдэхүүний хоёрдогч халдвар нь хүн малын ялгадас, үс, салст бүрхүүл, хүний шарх түүнчлэн хөрс, тоос шороо байдаг.

Хүнсний бүтээгдэхүүн хордуулдаг, ялангуяа миксотоксин үүсгэгч хөгц мөөгөнцөр, Clostridium, Bacillus-ын халдварын гол голомт нь хөрс  болдог.

Хүнсний  бүтээгдэхүүнээр  дамжих өвчин . Хүнсээр  дамжих  микробын  гаралтай өвчнийг  хоёр бүлэг болгон ангилдаг.

1.  Хоолны ( хүнсний)  хордлого нь микроб үржих , экзотоксин ялгаруулсан хоол, хүнсийг хэрэглэснээс үүсдэг өвчин юм. Хоолны хордлогын шинж тэмдэг янз бүрээр илэрнэ. Хамгийн түгээмэл тохиолдол нь халуурах, бөөлжүүлэх, хоолны дуршил буурах, суулгах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

2.  Хүнсний халдвар нь патоген микробын амьд эсүүд бүхий хоол хүнс хэрэглэхтэй холбоотой. Халдвар үүсгэгч хүнсний түүхий эд, дутуу боловсруулсан эсвэл буруу хадгалсан хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүнд халдварлана. Тэдний эсүүд хоол боловсруулах замд нэвтэрч гастоэнтерит өвчин үүсгэнэ.

Гадаад хүчин зүйлс. Амьдралын болон  хооллолтын хэв шинж өөрчлөгдөх нь хүнсний бүтээгдэхүүний  хордлогод нэрвэгдэхэд хялбар болох бөгөөд ялангуяа сүүлийн үед гэрээс гадуур хооллох, хамтын хооллох хэлбэр ихээхэн нэмэгдсэн нь дээрх өвчний хэлбэр ихэсхэд хүргэв.

Хүнсний бүтээгдэхүүний хангамж, хоол бэлтгэх, хэрэглэгчид хүргэх гээд бүх дамжлага нэгэн удирдлаганд орох болсноор хадгалах, түгээхэд хугацаа их орох, халуунаар хүргэхийн тулд олон цагаар байнга халуун нөхцөлд байлгах гэхчилэн хүндрэл гарах болсон нь халдвар авах, элдэв микроб үржих боломжтой болдог байна.

Хүнсний бүтээгдэхүүнд микроб хуримтлагдахаас (бохирдох) сэргийлэх

Хүнсний бүтээгдэхүүний хордлогоор өвчлөх эрсдэлийг бууруулахад чиглэгдсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамаарагдах дөрвөн чиглэл байдаг. Үүнд:

-  Арчилгаа, маллагаагаар  халдвар авах өндөр магадлалтай  нядалгааны амьтнаас анхдагч халдвар авахаас сэрэмжлэх

-  Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бэлтгэх явцад гарч болох хоёрдогч халдварыг арилгах

-  Чанах, шарах, пастерлизац хийх, ариутгал хийх зэргээр үүсгэгчийг устгах

-  Хүнсний бүтээгдэхүүн хадгалах, өөрөөр хэлбэл, бэлэн болсон хүнсээ өвчин  үүсгэгч үржих боломжгүй байх нөхцөл бүрдүүлэх, тухайлбал, хөргөх, гүн хөлдөөх

Жимс, ногоог сайтар угааж цэвэрлэх замаар микробын бохирдлыг багасгаж болно. Мах, өндөг, сүү зэргийг мал амьтнаас гарган авахдаа аль болох цэвэр (асептик) орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Хүн бүр гараа угааж ариун цэврийн дэглэмийг сахиж чадвал бохир гарны бохирдлоос хүнсний бүтээгдэхүүнийг сэргийлэх боломжтой юм.

Эх сурвалж: НЭМХ