Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын УЗ Эрүүл мэндийн сайдад эмч А.Цогцэцэгийг дэмжлээ

ikon.mn
2016 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Зургийн эх сурвалж: http://sonin.mn/news/easy-page/61426

Эрүүл мэндийн салбар уналтад орсон. Энэ салбараар улс төрчид тоглоод дууссан. Мэргэжлийн бус, шагналын сайд нар томилогдож байсны горыг тус салбарынхан, тэгээд Монголын ард иргэд өөрсдөө үүрч ирлээ. 

Энэ хар цувралыг зогсооно гэж МАН сонгуульд оролцохдоо "Мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн мэргэжлийн Засгийн Газар байгуулна" гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нь иргэд олны талархлыг хүлээсэн төдийгүй дэмжлэгийг ч авсан. 

Тэгвэл, сүүлийн жилүүдэд Эрүүл Мэндийн Яамыг улс төрчдөөр тоглуулж байсныг зогсоож, мэргэшсэн мэргэжлийн хүнээр удирдуулахаар МАН, түүний удирдах зөвлөлөөс А.Цогцэцэгийг Эрүүл Мэндийн Яамны сайдад нэрийг нь дэвшүүлж, дэмжлээ. 

А.ЦОГЦЭЦЭГ ГЭЖ ХЭН БЭ? 

Эмч. Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн захирал. Нэр дэвшиж буй цорын ганц эмэгтэй. Эрүүл мэндийн салбарын мэргэшсэн боловсон хүчин. Мэргэжлээрээ Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан. Арьсны судлалын төвийн захирлаар сүүлийн 13 жил тогтвортой ажиллаж ирсэн. 

Хамгийн хүнд, эмзэг салбарыг хэрхэн амжилттай хөгжүүлж болох вэ? гэдгийг өөрийн удирдсан Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн үйл ажиллагаагаар харуулж чадсан чадварлаг удирдагч эмэгтэй гэж салбарынхан нь үнэлдэг. 

Зөв хүн томилогдож, зөв менежментээр баг хамт олноо зөв удирдаж залж чадвал хаа хүрч болдгийг Арьсны судлалын Үндэсний Төвийн хөгжлийн түүх харуулж байна гэж олон нийт дүгнэдэг. 
Арьсны өвчин судлалын Үндэсний Төвийн өргөтгөл барих, үйлчлүүлэгч, өвчтөндөө зориулж Хэнтийн Аварга тосонд эмчилгээний сувиллаа байгуулахдаа улсаас нэг ч төгрөг аваагүй. Энэ бол түүний санаачилга, менежмент, бүтээлч үйл ажиллагааны илрэл байсан. Тэр байгууллагаа олон улсын стандартад хүргэж, эмнэлэг нь Монголын Загвар эмнэлэг болтлоо хөгжсөн. Олон улсын ISO сертификат авсан хамгийн анхны Монгол эмнэлэг. 

Түүний хийсэн ажлыг үнэлж "2010 оны Эрүүл мэндийн салбарын оны шилдэг менежер" , МХАҮТ-ын " Эрүүл мэндийн салбарын оны тэргүүний хатагтай" зэрэг шагналыг түүнд олгож байсан байна. Түүнийг мэргэжил нэгт нөхөд нь өндрөөр үнэлдэг. Үгийг нь сонсдог, эрүүл мэндийн асуудлаар бодлогын шийдвэр гаргахдаа зөвлөлддөг гэдэг. Тэр зөвхөн байгууллагаа хөгжүүлээд зогсоогүй, ажилтануудынхаа цалинг тогтвортой нэмж, нийгмийн асуудал, хөгжлийн асуудлыг ч давхар шийдэж ирсэн хамт олныхоо талархлыг хүлээсэн удирдагч. МАН-ын хайж буй жинхэнэ мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин бол тэр мөн. 

Ийм нэгэн мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчнийг МАН-ын Удирдах Зөвлөл Эрүүл мэндийн салбараа удирдуулахаар санал болголоо. Одоо УИХ-ын чуулганаар эцэслэн соёрхох үлдлээ. 

Өөрөө сайд болохыг санаархсан нэгэн А.Цогцэцэгийг сайд болох нь гэхээс сандарч байна. Сайд болох нь чухал болохоос юу бүтээх нь тэдэнд хамааралгүй байдаг. Тийм нэгэн атаач этгээд, мэргэжлийн эмчийг томилогдоход нь саад тотгор болох атгаг санаа өвөртлөн түүний нэр төрд халдах, үйл хэргийг нь харлуулах, хийснийг нь үгүйсгэх, зориудаар гүтгэх, мушгин дайрах зэрэг үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллээр эрчимжүүлж эхэллээ. Явцгүй гэдгээ мэдэж буй ч А.Цогцэцэгийг оролдож эхэлжээ. Маргааш шинэ сайд томилогдоно. Тэр нь мэргэжлийн засгийн газрын мэргэжлийн сайд А.Цогцэцэг байна гэдэгт олон нийт итгэж, дэмжиж байна. 

Л.ГАНТУЯА

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.