Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

О.Дорж: Хүн төрөлхтөн байгаа цагт хөдөө аж ахуй, мал аж ахуй хэзээ ч мөхөхгүй

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монголын ард түмэн мянга мянган жил шүтэн амьдарч ирсэн хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын талаар Монгол Улсын Гавьяат малчин О.Доржтой ярилцлаа. Тэрбээр шинжлэх ухааны хэллэгээр “Үйлдвэрлэгчид” гэгдэх болсон малчдын нийгэмд гүйцэтгэх үүрэг, мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарыг төрөөс бодлогоор онцгойлон анхаарах хэрэгтэйг сануулж байв. Мөн мал бол төрийн хамгаалалтад байдаг, тиймээс энэ чухал салбараа “Ухсан нүх үлдээдэг уул уурхайтай адилтгахгүй” байхыг захиж байлаа. 


- Малчин түмэн маань байгаль цаг уураас шууд хамааралтай амьдардаг учраас эхний асуултаа энэ жилийн өнгө, зуншлага хир байгаа талаар асууя

-Энэ жил монголын ард түмнийг хангай харж, дэлхий дэмжиж байна. Өнгөрсөн өвөл хатуудуу болсон, хавартаа ч бас хүндхэн л байсан. Харин энэ жил эрт ногоо идлээ, ойрын олон жил болоогүй сайхан зун болж, малчдын магнай тэнийж байна даа. Одоохондоо ургац гүйцэх хараахан болоогүй байгаа. Ер нь байгаль цаг уураас шууд хамааралтай амьдардаг малчин түмний хувьд байгалийн өнгө асар чухал.  Энэ жил Архангай аймгийн Хайрхан, Цэцэрлэг сумын нутгаар сайхан зун болж, малчид олон сэтгэл тэнүүн наадамлалаа. Мөн  Цэцэрлэг сумын 90 жилийн ойд хоёр морь маань 4 болон 5-т орж малчин намайг ч баясгалаа. Одоо найр наадмаа өндөрлөөд, өвөлжилтийн бэлтгэлээ хангахаар төлөвлөж сууна. “Наадмын дараа намар” гэдэгчлэн одоо зөвхөн малчид төдийгүй улс орон даяар өвлийн бэлтгэлийн асуудлыг ярих  цаг болсон байна.

- Хөдөө аж ахуй, мал аж ахуй бол Монгол Улсын эдийн засгийн гол  тулгуурын нэг гэж хардаг. Гэтэл сүүлийн жилүүдэд бид уул уурхай хэмээх ухсан газартаа хар нүх үлдээдэг салбарыг хэт шүтэж, байнга нөхөн үржиж байдаг мал аж ахуйгаа орхигдууллаа. Ганц тулгуурт эдийн засгийг хэт шүтсэнээр мал аж ахуйн салбарт ямар ухралтыг авчирсан бэ?

- “Хүн байгаа цагт мал аж ахуй, хөдөө аж ахуй хэзээ ч мөхөхгүй” гэж  би үргэлж боддог. Хөдөө аж ахуй бол уул уурхайтай огт адилгүй. Сүүлийн жилүүдэд бидний шүтсэн уул уурхай монголчуудад юу үлдээснийг ард түмэн харж байна, мэдэрч байна.  Гэтэл хэдэн мянган жилээр уламжилсан мал аж ахуй, биднийг тэжээж ирсэн, жижиг үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах гол түүхий эдийн бааз болдог, хойшид үеийн үед монголчууд биднийг хүнсний болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэгдэхүүнээр хангах маш чухал салбар шүү дээ. Малчдыг орчин цагт шинжлэх ухааны хэллэгээр “Үйлдвэрлэгч” гэх болж. Тийм ээ, малчид угаасаа үйлдвэрлэгчид, бүтээгчид байсаар ирсэн.

Мал аж ахуйгаас гарсан түүхий эдийг хүмүүс хүнсэндээ хэрэглэнэ, арьс ширийг ашиглаад хувцас хунараа хийчихдэг, ахуй хэрэглээгээ бүрэн хангаж өдий хүрсэн үнэн түүх бидэнд бий. Одоо бол үйлдвэр хөгжөөд түүхий эдийг илүү өргөн хүрээнд ашиглах боломж гарцууд нээгдсэн байна. Тэгэхээр малчид бол Монгол Улсад маш том үүрэг хүлээсэн үйлдвэрлэгчид төдийгүй бүтээгчид мөн. Гэтэл энэ чухал нийгмийн төлөөллийн амьдрал ямар түвшинд байна вэ гэдэг нь өөрөө хөндүүр сэдэв, чухал асуулт болоод удлаа.

Ганцхан жишээ дурдахад,  малын гаралтай түүхий эдийн үнэ хэт үнэгүйдсэн, өөрөөр хэлбэл хонины нэхийний үнэ 10 мянган төгрөг хүрдэг байсан бол одоо 200 төгрөг ч хүрэхгүй боллоо. Малчид 200 төгрөгөөр нэхийгээ зарахгүйгээр,  хаях тохиолдлууд ч их байна. Гэтэл энэ салбарыг дэмжих, бодлогын зохицуулалт хийх яам нь юу хийж, юу бодож байна гэж малчин хүнийхээ хувьд асуумаар байдаг юм.

Ер нь манайхан нэг зүйл бүтээгээд, нөгөө зүйлээ устгаж байдаг буруу практиктай. Саяхан даа, улсаас Чингис бондын хөнгөлөлттэй зээл авсан олон компаниуд үйлдвэрээ нээгээд малчдын түүхий эдийг хямдхан аваад одоо ханачихсан байна. Хэт ханачихсан. Өнгөрсөн өвөл БНХАУ руу  хэдэн адууны шийр л гаргалаа.

Хэрвээ дотоодын үйлдвэрүүд малын гаралтай түүхий эдээ аваад нийт хэрэгцээгээ хангачихсан тохиолдолд, илүүдэл түүхий эдийг гаргах гадаадын зах зээлийг нээх бодлогын зохицуулалт дутагдалтай байна. Ийм суваг, гүүр малчдад асар чухал тулгамдсан асуудал нь болсон. Одоо малчин бид төр түмэн олны төлөө ажиллахаар итгэл хүлээсэн төрийн түшээдийг, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг борлуулах гадаад зах зээлийг нээж өгөх зайлшгүй шаардлага тулгарсныг харж,  зохицуулалт хийх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. 

- Та малын гаралтай түүхий эдийн үнэ хэт унасан талаар ярилаа. Ер нь мал аж ахуйн салбарыг түүхий эд бэлтгэлийн түвшинд харахаас илүүтэй цаашид үйлдвэрлэл, хөгжлийн гарц гэж харах хэрэгтэй болж. Гэтэл  таны хэлдгээр энэ нь зөвхөн малчдаас хамаарахгүй байна,  төрийн зөв бодлого, зохицуулалт үгүйлэгдэж байх шиг байна

- Тийм. Ер нь малчдыг үйлдвэрлэгч талаас нь харахад,  хэдэн малтай малчин юу хийж, бүтээж чадах вэ гэдэг нь өөрөө чухал. Жишээ нь 500-аас доош малтай малчдад зориулсан бодлого, Мянгат малчид юу хийж бүтээж чадах вэ гэсэн зохицуулалт чухал. Зах зээлд борлуулах хөрөнгөтэй хүн бол юмыг хийж бүтээгээд байж болно, харин бага малтай малчин өрхөө дэмжих бодлого чухал байна.

Түүхий эд нийлүүлэгч болон худалдан авагч хоёрын уялдаа холбоо дутмаг байгаад төрөөс анхаарах хэрэгтэй.

Тиймээс малчдыг дэмжих, сум орон нутагт махны жижиг үйлдвэрүүдийг байгуулах, зах зээлд түүхий эд, бүтээгдэхүүнээ борлуулах зохицуулалтыг төрөөс хийх шаардлагатай байна. Үүнийг малчид бид богцоо үүрч очоод хийж чадахгүй, зайлшгүй төрийн оролцоо шаардлагатай асуудлууд. Мөн түүхий эд нийлүүлэгч болон худалдан авагч хоёрын уялдаа холбоо дутмаг байгаад төрөөс анхаарах хэрэгтэй. Энэ асуудал явсаар эргээд л нөгөө түүхий эдээ борлуулах зах зээл гэсэн ойлголттойгоо шууд холбогдож байгаа юм.

- Гадаад зах зээл рүү түүхий эдээ нийлүүлэхийн тулд эрүүл ахуйн стандартын зохих шаардлагууд тавигддаг. Ер нь гадаад зах зээл рүү малын гаралтай түүхий эд, малын мах нийлүүлэхэд эрүүл ахуйн шаардлага хэр хангагдсан гэж та дүгнэх үү?

- Төрөөс бодлогоор энэ асуудлыг анхаарч ирсэн ажлууд бий. Гэхдээ өргөн хүрээнд биш, явцуу хүрээнд хэрэгжиж байна. Жишээ нь, зүүн аймгуудад шүлхий гарлаа гээд олон жил бид ярьдаг ч бид урьдчилсан сэргийлэх арга хэмжээ огт авдаггүй, урьдчилан вакцинжуулалт хийдэггүйн гор ч их гардаг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ  хийгддэггүйн улмаас шүлхий гарсных нь дараа олон асуудлыг дагуулдаг.

Малчдыг сайн чанартай вакцинаар хангах ажил дутмаг, вакцинаа ч сайн үйлдвэрлэж чадахгүй, гэсэн атлаа мал эрүүлжүүлэх ажил хийгдэж байна гэдэг. Төрөөс бүх зүйлийг малчид бид нэхээд байгаа юм биш. Малчид бид мөнгөө бариад ОХУ руу очиж вакцин авчирна гэж байх уу. Байхгүй, малчдаа сайн чанарын вакцинаар хангах үүрэгтэй яам тамгын газар нь бий. Мал өөрөө төрийн хамгаалалтад байдаг. Тиймээс л бодлогоор дэмжээд өгвөл малчид бид өөрсдөө бүтээгээд явчихна. Жижиг асуудал гэлтгүй, анхан шатны нэгжээсээ төр хүртэлх уялдаа холбоогоо сайжруулах шаардлага бий. Манай улсад 160 мянган малчин өрх, 800 мянга гаруй малчид байна. Энэ хүмүүсийн хүч хөдөлмөрийг дутуу үнэлж болохгүй. 

- Та ярилцлагын эхэнд хэлж байсан. Одоо намрын сар дууслаа, найр наадам өндөрлөлөө, өвөлжилтөндөө бэлтгэх шаардлага тулгарч байна гэсэн. Малчин хүний хувьд, энэ жилийн өвлийн өнгийг хэрхэн харж байна. 

- Бид одоо өвөлжилтөндөө бэлтгэхэд цаг алдаж болохгүй. 08 сарын 20 гэхэд хадлан тэжээлээ бэлтгээд эхлэх хэрэгтэй. Ямар өвөл ямар болох вэ гэдгийг хэлэхэд бэрх. Мичин жилийн өвөл шүү дээ. Энэ жил өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаахгүй бол хэцүүхэн өвөл болно гэж харж байгаа. Өнгөрсөн жил би цаг хүндэрч болзошгүй гээд 7000 тонн хадлан тэжээл бэлтгэсэн, хавар нь нэмж 1000-аад боодол өвс авсан.

Би малаас орлого олдог учраас малдаа буцаагаад мөнгө хөрөнгөө зарцуулдаг. Үүнийхээ үр дүнд малын хорогдол бага байдаг байх. Малыг би малладаг, малыг би өсгөдөг бас үржүүлдэг өвгөн дөө. Би өөртөө харамсах зүйл хийхгүйн тулд юуны өмнө бэлтгэлээ л сайн базаахыг зорьдог. Одоо ч цаг өөр болж дээ, малын гаралтай түүхий эдийн үнэ буурсантай холбоотойгоор малчин залуус хотыг зорьж, дайжих хандлага их болж. Төрийн бодлого зохицуулалтыг оновчтой хийхгүй бол 500–аас доош малтай малчдын амьдрал цаашдаа улам хүндэрнэ, улам олон малчин залуус ажилгүй орлогогүй болно шүү гэдгийг эцэст нь анхааруулмаар байгаа юм.

- Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хийх төрийн бодлого зохицуулалт гэснээс та малчин хүнийхээ хувьд энэ чухал салбарыг хэн удирдах вэ гэсэн улс төрийн асуудалд хэрхэн хандаж байна вэ.

- Телевиз, радиогоор сонсож байхад Ц.Анандбазар гэж  “Сод Монгол” группын ерөнхийлөгч сайдад нэр дэвшсэн байсан. Тэр хүн бол нэг группыг хүний дайтай босгож, хөгжлийн замд нь оруулчихсан залуу шиг санагддаг. Залуу хүн, баялаг бүтээгч хүн  болохоор аливаа ажлыг зоригтой хийж чадна гэж малчин хүнийхээ хувьд итгэж сууна. Гэтэл сүүлийн үед сайдын нэрсийг буцаан татсан гэх мэт элдэв мэдээлэл гарч л байна. Энэ асуудалд улс төржөөд яахав, зоригтой, зүрхтэй бүтээлч хүнээ дэмжээд цаг алдалгүй асуудлаа шийдэх л хэрэгтэй.

Ер нь амьдралаас харж байхад анхны сонголт хамгийн зөв нь байдаг, хоёр дахь, гуравдах сонголтууд дандаа дорддог доо. Тэгээд ч үеийн үед монголчуудын сэтгэлд зүрхэнд үлдсэн “Хэл, хил, мал гуравтай бол хэн баян Монгол баян” гэж тунхагласан Зундуйн Доржийн зээ дүү учраас удмыг нь харсан ч Ц.Анандбазар  бол “Хөндий монгол биш, голтой монгол” гэж үнэлнэ шүү би. Ер нь хөдөө аж ахуйн салбарыг эрч хүчтэй, бүтээлч хүн л удирдах хэрэгтэй гэдэг нь малчин түмний  шаардлага бус харин амьдралын шаардлага юм даа.  

- За танд амжилт хүсье.