Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнамын хилийн ажилтан Хятад иргэний паспорт дээр “F*ck you” гэж бичсэн хэрэг гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааныг тойрсон тэмцэл хүмүүсийн дунд янз бүрийн хэлбэрээр өрнөсөөр байна.

Хамгийн сүүлд дуулиан тарьсан хэрэг нь Вьетнам болон Хятадын хооронд гарчээ. Нэгэн Хятад эмэгтэй Хо Ши Мин хотын онгоцны буудалд буун Вьетнам руу нэвтрэх үед хилийн хяналтын ажилтан паспорт дээр нь “F*ck you” хэмээн бичээд хилээрээ оруулсан байна.

Хятадын гадаад паспорт дээр 2012 оноос хойш тус улсын газрын зургийг 8, 24, 46 дугаар хуудсууд дээр дүрсэлдэг болсон юм. Харин Вьетнам хилийн ажилтан паспортны хоёр хуудсан дээрх газрын зурагны Өмнөд Хятадын тэнгисийн хэсэгт дээрх эвгүй үгийг бичсэн байжээ.

Хятад улс нь Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн 80 гаруй хувийг өөрийн харьяаных гэж үздэг юм.

Паспортны эзэн эмэгтэй Вьетнам хэл мэдэхгүй тул гомдоллож чадалгүй өнгөрөөд Хятадад ирсэн хойноо шинэ паспорт авч энэ тухай мэдээлжээ.

Хо Ши Мин хот дахь Хятадын консул мэдэгдэл гаргаж, холбогдох ажилтанд арга хэмжээ авах, дахин ийм явдал гаргуулахгүй байхыг Вьетнамын албаныхнаас шаардсан гэнэ.

Харин Хятадын интернэт ертөнцөд энэ асуудлаар өргөн мэтгэлцээн өрнөөд эхэлжээ.

Хятадуудын ихэнх нь Вьетнамчуудыг хариу доромжлон “Вьетнам сармагчингууд бас ингэж бичиж чаддаг нь яамай”, “Ингэж бичихийн тулд Филиппинээс хэдэн гадил авсан бол?”, “Хэрвээ Вьетнамчууд ингээд байвал бид тэднийг байранд нь тавих хэрэгтэй” гэх мэтээр бичицгээжээ.

 

Эх сурвалж: Shanghaiist, People’s Daily