Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

С.Янжмаа: Харшлын эмийг эмчийн заавраар уухгүй бол хүндрэх аюултай

Зууны мэдээ
2016 оны 7 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

Хавар, зуны улиралд харшилтай хүмүүсийн тoo ихэсдэг. Харшлын үед ямар эмчилгээ хийлгэх, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Арьс өнгө судлалын үндэсний төвийн харшлын эмч С.Янжмаатай ярилцлаа.

-Сүүлийн үед харшилтай хүмүүсийн тоо нэмэгдсэн. Ер нь харшил юунаас болж үүсдэг вэ?

-Статистик тоо баримтаас харахад Улаанбаатар хотод оршин суугаа нийт хүмүүсийн 50 орчим хувь нь ямар нэг зүйлд харшилтай болсон гэсэн мэдээлэл байна.

Хотын маань хүн ам ихэссэнээс тодруулбал, хотжилт хурдацтай явагдсанаас зөвхөн Улаанбаатар гэлтгүй хотжилтын түвшин өндөр улс орнуудад хүртэл харшлын тохиолдол их байдаг. Харшил нь өөрөө халдварт бус өвчин. Хүний бие махбодын дархлааны тогтолцооны хэт идэвхжилтээс үүсдэг.

-Энэ жилийн тухайд ямар төрлийн харшил зонхилж байна вэ?

-Улирлын шинж чанараас шалтгаалан өөр өөр байдаг. Зуны улиралд долоодугаар сараас есөн cap хүртэл ихэвчлэн ургамлын буюу шарилжны харшлын идэвхжилийн үе байдаг.

Тиймээс шарилжны харшил голлож байна.

Зуны улиралд долоодугаар сараас есөн cap хүртэл ихэвчлэн ургамлын буюу шарилжны харшлын идэвхжилийн үе байдаг. 

Өвлийн улиралд утаа тортог. хог шатаалт зэргээс агаарыг бохирдуулснаас эргээд бороо цас буюу хур тунадас болж буухдаа хөрсийг бохирдуулдаг.

Үүнээс болж ургамлын хортой чанар нь их ургадаг. Энэ нь ургамлаас харшлах шалтгаан болж байна.

-Ургамлын харшлаар ямар хүмүүс өвчилж байна вэ?

-Агаарт шарилжны тоос тоосонцрын тархалт хаа сайгүй байгаа. Тиймээс орон сууцанд амьдарч байгаа болон гэр хороололд амьдарч байгаа хүмүүс ялгаагүй тусч байна. Гэвч ирж байгаа хүндрэлийн хувьд гэр хорооллын иргэд түлхүү байдаг.

-Өмнө жилийнхтэй харьцуулбал шарилжны харшил туссан хүний тоо өссөн үү. Буурах хандлага байна уу?

-Шарилж нь зун бүр ургадаг. Тиймээс харшилтай хүн жил бүр харшил нь сэдэрнэ гэсэн үг. Өмнө харшилтай байсан хүмүүс болон шинээр харшил тусч байгаа хүмүүсийн тооноос харахад харшлын тохиолдол жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

-Харшил бүрэн эдгэрдэг өвчин биш гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Харшил бүрэн эдгэрдэггүй. Гэхдээ тухай хүний биеийн онцлогоос шалтгаална. Харшлын эмчилгээг хийлгэсэн ч бүрэн арилахгүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

Харшлын сорил тавьж юунаас харшилж байгааг тогтоож харшилж байгаа зүйлээс нь хол байлгаж чадвал дахин илрэхгүй байх боломжтой юм.

-Шарилжны харшлаас хэр хэн урьдчилан сэргийлэх вэ?

-Харшлаас урьдчилан сэргийлэх эмчилгээ хавар бүр хийгддэг. Ийм тохиолдолд тухайн зундаа харшил тусахгүй. Хүмүүс ганц удаа тарилга хийлгэчихээд тусахгүй гэж буруу ойлгодог.

 Харшлын эмчилгээг хийлгэсэн ч бүрэн арилахгүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

Ганц удаагийн тарилга нь 40-ээс дээш насны заалттай өндөр концентраци гормон тариа байдаг.

Энэ нь хүн бүрт тараахгүй хориглох заалттай байдаг учраас дур мэдэн хийлгэж болохгүй. Хувь хүний онцлогоос шалтгаалж урьдчилан сэргийлэх эмчилгээ өөр байна.

-Харшлын өвчин удамших уу. Хэрэв жирэмсэн байхдаа харшилтай болбол ямар эмчилгээ хийгддэг вэ?

- Эцэг эх нь харшлын өвчтэй тохиолдолд хүүхдэд удамших магадлал 60-70 хувь байдаг. Зарим арьсны харшлын өвчин хүүхдэд удамших нь олширсон. Түүнээс гадна ургамлын гаралтай харшил удамшдаг.

Жирэмсэн хүнд харшлын сорил тавьдаггүй. Харшлын эмийг жирэмсний эхний гурван сарын хугацаанд хэрэглэхийг хориглодог. Жирэмсэн эмэгтэй хэрэв харшилтай болсон бол төрсний дараа л харшлын сорил өгнө.

-Урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгээгүйгээс ургамлын харшилтай болсон тохиолдолд ямар эмчилгээ хийх вэ?

-Эхлээд цусны шинжилгээ авч харшилтай эсэхийг тодорхойлно. Хамрын ханиад, чих хамар хоолойн өвчин, уушигны бронхит, сүрьеэтэй хүмүүс хүртэл харшил хэмээн андуурч үзүүлэх тохиолдол байдаг.

 Иймээс анхнаас нь зөв оношлох нь чухал. Харшлын сорилын шинжилгээгээр төрлөө тодорхойлуулж эмчилгээ зөвлөгөөг авна.

-Хлорфенаминыг, харшилтай хүмүүс ихээр хэрэглэдэг. Энэ эм нь харшлын чанартай өвчнүүдэд хэр нийцтэй байдаг юм бэ?

-Хлорфенаминыг харшлын өвчин бүрт уудаггүй. Нойрсуулах үйлчилгээтэй эм нь харшлын эхэн үед хэрэглэж болох эмд ордог ч байнга хэрэгдэж болохгүй.

Аливaa эмийг эмчийн заавраар тодорхой хугацаатай уухгүй бол харшил нь улам хүндрэх аюултай гэдгийг анхаараарай.

-Ургамлын тоосны харшилаас гадна ямар харшил элбэг тохиолддог вэ?

-Гэрийн тоос тоосонцрын хачигны харшил. Хүмүүс гэр орныхоо тоосыг цэвэрлээгүйгээс болж гэрийн тоос тоосонцор хачигны харшил бий болдог. Энэ нь мөн агаарын бохирдол, гэрийн тэжээвэр амьтдаас болж тусах нь цөөнгүй.

Муур тэжээдэг айл харшилтай болох нь их байгаа бөгөөд астма буюу багтраа өвчин тусах магадлал өндөр байдаг. Иймээс харшилтай хүмүүс аль болох гэрийн тэжээвэр амьтан тэжээхгүй байхыг анхааруулж байна.

Зураг