Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэй гишүүд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчтэй уулзлаа

ikon.mn
2016 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2016.07.27/ Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд хатагтай Биата Транкман эмэгтэй гишүүдийн төлөөллийг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсонд баяр хүргэв. Тэрбээр, энэ удаагийн сонгуулийн үр дүнд 13 эмэгтэй төлөөлөгч буюу нийт сонгогдсон гишүүдийн 17.1 хувь байгаа нь 1990 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ нь олон улсын эмэгтэй парламентчдын дундаж үзүүлэлттэй ойртож байгаа юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд УИХ-ын эмэгтэй гишүүд хамгийн ойр ажиллаж ирсэн туршлага бий. Тухайлахад, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих төслийг 2014-2015 онд хэрэгжүүлэхэд маш идэвхтэй оролцсон.

Монгол Улсын Их Хурал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүдэд зориулсан манлайллын сургалтуудыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны үргэлжлэлийн үр дүнд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тусламжтайгаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслүүдийн хүрээнд бий болгосон үр дүнг бэхжүүлэх, үндэсний тогтвортой механизм бий болгох зорилгоор “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр баримт бичгийг боловсруулаад байгаа юм.

Түүнчлэн 2017-2021 онуудад хэрэгжүүлэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Тусламжийн Хүрээ нь “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтын ажиллагааг эрчимжүүлэх, зохицуулалт, түншлэлийг бэхжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна гэлээ.

Ийнхүү Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хэрэгжүүлж ирсэн, цаашид төлөвлөж буй ажлуудыг товч танилцуулсны дараа Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлэхдээ, НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр дээр УИХ-ын эмэгтэй гишүүд төр, иргэнийхээ хооронд гүүр болон ажиллахаа илэрхийлэв. Тэрээр, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд өчигдөр Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж Жендерийн үндэсний хорооны статусын асуудлыг эргэн харах талаар санал, хүсэлт уламжилсан гэлээ.

Эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоог улс төрийн шийдвэр гаргах түвшинд хангаснаар нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах болно гэж бусад эмэгтэй гишүүд саналаа илэрхийлэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.