Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун Европт сүүлийн 14 хоногийн дотор 6 аллага гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ойрх Дорнодын дүрвэгсдийн үйлдсэн аллага Франц, Германд тасрахгүй байна.

Сүүлийн 14 хоногийн дотор нийт зургаан аллага гарсны хоёр нь Францад, дөрөв нь Германд гараад байгаа юм. Тэдгээрийн тав нь Исламын улс бүлэглэлийн оролцоотой, эсвэл уриалгаар болсон байна.

Эдгээрийг цаг хугацааны дарааллаар жагсаавал:

 

Долдугаар сарын 26 (Мягмар)

Хойд Францын Норманди мужийн нэгэн жижиг хотод (Saint Etienne du Rouvray) орших олон зууны настай Католик сүмд өглөөний мөргөлийн үеэр хоёр этгээд дайран орж лам нар болон мөргөлчдийг барьцаалсан юм. Цагдаа нараас зугтахдаа тэд 84 настай ламын хоолойг огтлон хөнөөж өөр хүмүүсийг шархдуулжээ. Хэргийг 19 настай муслим залуу голлон үйлдэж дараа нь цагдаа нарт баригдсан байна. Уг хэргийг Исламын улс зохион байгуулснаа хүлээжээ.

 

Долдугаар сарын 24 (Ням)

Германы Ансбах хотод болсон хөгжмийн наадмын үеэр оршин суух эрх авч чадаагүй Сирийн дүрвэгч бөмбөг дэлбэлэн өөрийгөө хөнөөхдөө 12 хүнийг шархдуулжээ.

 

Долдугаар сарын 24 (Ням)

Германы Ройтлинген хотод урт хутгаар зэвсэглэсэн Сирийн дүрвэгч бие давхар эмэгтэйг алж, хоёр хүнийг шархдуулжээ. 21 настай дүрвэгч дараа нь машинд мөргүүлж амиа алдсан байна.

 

Долдугаар сарын 22 (Баасан)

Германы Мюнхен хотын төвд 18 настай Иран гаралтай залуу есөн хүнийг гудамжинд буудан хороосны хоёр нь насанд хүрэгч, долоо нь өсвөр насныхан байжээ. Нео нацист Брейвикийн шүтэн бишрэгч тэрээр Норвегид болсон цуст аллагын таван жилийн ойн өдөр үүнийг хийсэн байна.

 

Долдугаар сарын 18 (Даваа)

Германы Вурцбург хотод сүхээр зэвсэглэсэн 17 настай Афган дүрвэгч галт тэргэнд зорчигчид руу довтлон 19 хүнийг шархдуулаад зугтаж явахдаа цагдаа нарт буудуулжээ. Тэр хоёр жилийн өмнө Германд дүрвэн ирсэн ба өрөөнөөс нь Исламын улсын далбаа олдсон байна.

 

Долдугаар сарын 14 (Пүрэв)

Өмнөд Францын Ницца (Нис) хотод үндэсний баяраа гудамжинд тэмдэглэж байсан бөөн хүмүүс рүү Тунис гаралтай дүрвэгч ачааны машинаар дайрч 80 хүний амийг хөнөөн, хэдэн зуун хүнийг гэмтээсэн юм.

Уг хэргийг Исламын улс бүлэглэл үйлдсэнээ зарлаад байна.