Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын зэсийн ордод Хятадууд хувь эзэмшлээ

Г.Од
2016 оны 7 сарын 27
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Хятадын “Highland Fund” консорциум нь Оросын Быстринский УБҮ-ийн төсөлд хувь эзэмшихээр болсон тухай “Норийльский никель” компани мэдэгджээ. Быстринский төслийн 13,3%-ийг Хятадын хөрөнгө оруулагчдын консорциум 100 сая ам.доллараар худалдан авах асуудлаар талууд өнгөрсөн оны сүүлчээс хэлэлцэж эхэлсэн юм.  

ОХУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтыг хянах комиссын шийдвэр гарснаар энэхүү хэлэлцээрийг эцэслэсэн байна. ОХУ-ын Чита муж дахь алт, зэсийн Быстринский ордын лицензийг “Норийльский никель” компани эзэмшдэг. 

2015 оны 12 дугаар сарын байдлаар тус компани нь төсөлд 650 сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа аж. 20 жилийн ашиглалтын нөөцтэй ордыг түшиглэн  байгуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2017 онд эхлүүлж, 2018 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төслийн төлөвлөгөөнд тусгасан байна. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа жилд 10 сая тонн хүдэр баяжуулахдаа 65 мянган тонн зэс, 6.3 тонн алт, 35.9 тонн мөнгө,  2.1 сая тонн төмрийн баяжмалыг тус тус үйлдвэрлэнэ.

Мөн төслийн хүрээнд  375 км “Нарын-Лугокан” салаа төмөр замыг шинээр байгуулах юм.

Быстринский орд нь 2.1 сая тонн зэс, 7.6 сая унц алт, 34 сая унц мөнгө болоод 67 сая тонн магнетитын төмрийн нөөцтэй. Эл ордод түшиглэн хэрэгжих төсөл нь Хятадын хилээс 300 км зайд оршиж буй юм. 

Сонирхуулахад, Оросын төрийн өмчит “Ростех” корпораци нь “Эрдэнэт” болон Удокан, Быстринскийн ордуудад тулгуурлан Оросын Краснокаменск хотын ойролцоо Зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байсан билээ.

Зураг