Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ачаа тээврээс олох ашиг өсөж байна

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 7 сарын 28
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

ОХУ, БНХАУ, Монгол Улсын хамтарсан хилийн төмөр замын хэлэлцээрийн нэгдсэн хурал Улаанбаатар хотноо Мягмар гарагт эхэллээ. 1956 оноос хойш жил бүр болж буй тус хэлэлцээрт оролцохоор хоёр хөршийн төмөр замын удирдлагын багийн төлөөлөгчид манай улсад иржээ. 

Энэ удаагийн хурлаар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын явц, үр дүнг талууд нэгтгэн дүгнэж, энэ хугацаанд гарсан хүндрэл болон түүнийг хэрхэн шийдвэрлэх галаар дэлгэрэнгүй ярилцах юм. 

Улмаар тухайн гарсан санал, хүсэлтэй холбогдуулан зөрчлийг арилгаж, хамтарсан шийдэлд хүрэхээр хуралдаж байна. Мөн дээрх хурлаар ачаа эргэлт, тээврийн биелэлтүүд ямар шатанд явааг харилцан санал солилцож дүгнэхээр төлөвлөжээ.

Хурлаар хилийн боомтын үйл ажиллагаа болон ирэх жилийн технологи, зохицуулалт, түүний горим, стандартыг тохирдог. Уг жишгийн дагуу хилийн боомтуудын ажлын технологи, галт тэрэг болон зорчигч солилцооны асуудлыг ч нарийвчлан тооцож, 2017 оны ерөнхий төлөвлөгөөг дээрх хурлаар төмөр замын удирдлагууд тодорхойлох юм.

Манай улсын хувьд төмөр замын ачаа эргэлтийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад өссөн дүнтэй гарсан байна.

Улсын бүртгэл, статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний хагас жилд төмөр замын тээврээр тээвэрлэсэн ачаа өмнөх оны мөн үеийнхээс 197.5 мянган тонн буюу 2.2 хувиар өссөн аж. Харин зорчигчид 134.6 мянган хүн буюу 9.4 хувиар буурсан байна.

Төмөр замын салбар алдагдлаа нөхөх, улмаар ашигтай ажиллах боломж нь ачаа тээвэр болж байгаа.

Энэ утгаараа дамжин өнгөрсөн ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, хөршүүдийн зүгээс ч одоо байгаа ачаа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой гэдгээ нэг бус удаа илэрхийлсэн. 

Төмөр замаар тээсэн нийт ачаанд энэ оны эхний хагас жилд дотоодын ачаа 42.3 хувийг эзэлж байна. Уг үзүүлэлт өмнөх оны түвшнээс 7.3 хувиар буурахад барилгын материалын тээвэрлэлт 49.7 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. 

Төмөр замаар тээсэн нийт ачаанд энэ оны эхний хагас жилд дотоодын ачаа 42.3 хувийг эзэлж байна. 

Нийт тайлант хугацаанд тээвэрлэсэн ачаанд экспортын ачаа 34 хувийг эзэлж байгаа бол импортынх 10,6 хувийг бүрдүүлж байгаа юм. Харин дамжин өнгөрөх ачааных 13.1 хувийг эзэлж, өнгөрсөн оныхоос 1.8 хувиар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад Монгол Улсаар дамжин өнгөрч буй транзит тээврийн хэмжээ нэмэгдэж, нийт ачаа эргэлтэд жин дарж байгааг дээрх тооноос анзаарсан байх. Үүнтэй холбогдуулж хил дээрх хүндрэл цөөнгүй байгааг гурван талын түвшинд дахин хэлэлцэхээр товложээ. Өмнөх хурлуудаар дээрх асуудлыг ч хэлэлцэж байсан удаатай. 

Гурван улсын түвшинд төмөр замаар тээвэрлэж байгаа ачааг аль болох богино хугацаанд тээвэрлэх, цаг хугацаа хэмнэх, технологийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг уг уулзалтаар талууд хөндөн ярилцах юм. Гурван улсын төмөр замын хилийн хэлэлцээрийн хурал өнгөрсөн онд Хөх хотод зохион байгуулагдаж байсан.

Статистик үзүүлэлтээс харахад манай улсын төмөр замын тээврийн салбарын орлого энэ оны эхний хагас жилд 193.2 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.1 тэрбум төгрөг буюу 8.5 хувиар өссөн үзүүлэлт.

Гурван улсын хилийн төмөр замын хэлэлцээрийн хурлыг хуваарийн дагуу манай улс энэ жил зохион байгуулж байгааг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа онцлов. Хурлаар манай улсаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг гурван тал ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрэх юм.

“Улаанбаатар төмөр зам”-ын одоо байгаа коридорыг жилд 100 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай болгохоор төлөвлөж буй. 2020 он гэхэд Монгол, Хятадын хоёр талын хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр тодорхойлсон. Үүний бэлтгэл ажлыг хангах талаар энэ удаагийн гурван улсын хэлэлцээрээр ярих юм. Гурван талын хилийн боомтын төмөр замын хамтын ажиллагааны асуудлыг ярилцахаар байгаа.

Монгол, ОХУ, БНХАУ-ыг дамнасан төмөр замын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар төр засгийн түвшинд тохиролцож, албажуулсан билээ. Манай улсын нутгаар дамжин өнгөрөх ОХУ-аас БНХАУ-ыг чиглэсэн ачаа тээврийн хэмжээг 2020 он гэхэд 20 сая тонн хүргэх юм. Гурван улсын хамтарсан хилийн төмөр замын хэлэлцээрийн хурлын үр дүнг дахин сурвалжилж хүргэх болно.

Зураг