Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Өмнөд Суданд энхийг сахиулах дайчид Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монголын дайчид даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй хамтран энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын Зэвсэгт хүчний VI ээлжийн бие бүрэлдэхүүн Монгол цэргийн оройн дээд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо.

Ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд болон ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ, ХСИС-ийн удирдлага, дайчдын маань ар гэрийн төлөөлөл оролцсон юм. НҮБ-ын "UNMISS" ажиллагаанд оролцож буй НҮБ-ын цэргийн багийн бие бүрэлдэхүүн тус улсын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, ард түмний амгалан тайван байдлыг сахин хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулдаг үндсэн чиг үүрэгтэй. 

БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн оролцож, нийтдээ 5 ээлжинд 4,250 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна. Яг одоо гэхэд Монголын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн мотобуудлагын батальоны хурандаа Б.Баатар захирагчтай 850 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Тэгвэл тэдний халааг авч үүрэг гүйцэтгэх Монголын Зэвсэгт хүчний 6 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны 850 цэргийн алба хаагч ажиллагааны орон газрыг зорихоор өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн нь энэ.

Манай энхийг сахиулагчид үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна хүмүүнлэгийн үйлст оролцож, бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцдогийг нутгийн ард түмэн бахархан ярьдаг юм. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй утсаар ярихад мөн л манай энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэл сайн байгааг онцлоод, энхийг сахиулагчдыг цагт нь ээлж солиулах талаар ярьсан ёсоор болж VI Мотобуудлагын батальон бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зориход ийн бэлэн болжээ.

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулахын зэрэгцээ Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байна.

Газар зүй, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай манай цэргийн алба хаагчид нэгдмэл санаа зорилготой, чанд сахилга баттай, тууштай үйл ажиллагаагаараа тавигдсан үүргийг амжилттай биелүүлж байгааг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон одоо үүрэг гүйцэтгэж буй цэрэг дайчдын мэргэжлийн ур чадвараас тодорхой харж болно" хэмээн онцлов.

Харин УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ "Манай дайчид эх орныхоо захиас даалгаврыг өвөрлөн харь оронд хөлгийн жолоо залахын өмнө Монгол цэргийн оройн дээд сүлд Зэвсэгт хүчний Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, эр цэргийн хийморь золбоогоо сэргээж, зам мөрөө тэгшитгэдэг сайхан уламжлалын дагуу жигдрэн жагсаад байна.

Цагийн байдлын нөхцөл хүндэвтэр байгаа ч нэгдсэн удирдлага зохион байгуулалттай, нэгдмэл санаа зорилготой үйл ажиллагаагаараа манай энхийг сахиулагчид хэдийнээ тус оронд Монголын Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж, баттай байр сууриа эзлэн энэхүү ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа нь бусад орнуудын цэргийн алба хаагчдад мэргэжил, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал болсоор байна" хэмээн бахархаж буйгаа илэрхийлсэн юм.

Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолоос бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

Гэрэл зургийг mpa.mn 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг