Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Засгийн газрыг задлан шинжихүй

Өглөөний сонин
2016 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын томилгооны асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хүрээнд эхлэн ярьж, эцсийн шийдвэрийг нь УИХ болон АТГ гаргалаа- 

Улс төрд уриа лоозон дэвшүүлэх амархан ч удирдлага, мөрдлөг болгох амаргүйг МАН-ынхан Засгийн газраа байгуулж буй зарчмаасаа эхлээд л харууллаа. “Мэргэжлийн” Засгийн газар гэх мөрийн хөтөлбөр дэх заалтдаа эхнээсээ тэд бүдэрсэн ч энэ нь чухам юуг хэлж буй ойлголт болохыг одоо хэр нь хэн ч тодорхойлсонгүй. Юутай ч сайдуудаа тухайн салбарын “мэргэжлийн” хүнээр томилно гэсэн үг биш болох нь баталгаажив. Улс төрийн албан тушаал гэдэг утгаараа сайд бол заавал “мэргэжлийн” хүн байх ёстой гэх хууль хараахан үгүй учраас олон нийтэд шүүмжлэх эрх л олдож байна.

Батлагдсан 11 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн баасан гарагт танхимын 16 сайдаас 11-ынх нь нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.

Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ. Тэрбээр Шадар сайдын албанд хоёр дахь удаагаа томилогдож байгаа туршлагатай. 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.МӨНХБАТ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар намын гал тогоог атгаж ирсэн тэрбээр энэ удаад Засгийн газрын “гал тогоо”-г барихаар болж байна. Ерөнхий сайд болон Засгийн газрын танхимын тасралтгүй үйл ажиллагааг хангах, дэмжих үүрэгтэй, чимхлүүр ажил ихтэй энэ чухал албыг намынх Удирдах зөвлөлөөс түүнд даатгаж, УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн. Өмнөх дөрвөн жилд тэрбээр намын, улс төрийн алба хашсан бол энэ удаад төрийн албанд хэн болохоо харуулах ёстой болж байна.

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН. Хуучнаар ЗХУ-д дээд боловсрол эзэмшсэн тэрбээр сургуулиа төгсөөд хүн танихгүй, “хэл мэдэхгүй” Улаанбаатарт ирж байсан гэж өөрөө хуучилдаг. Таних хүнгүй Улаанбаатарт хөлөө олж, татаас дэмжлэггүй бизнесийн ертөнцөд баттай зогсохдоо тэрбээр хэн болохоо таниулж, хэний ч дор орохгүй менежер гэдгээ харуулсан. Харин улстөрд тэрбээр хэр удирдагч болохоо харуулах боломжийг нам нь болон УИХ олголоо. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өмнө нь дэд сайдаар нь ажиллаж байсан салбартаа дэвшлээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамыг нэгтгэж байгаа гэдэг утгаараа тэрбээр хүндхэн сорилт, хариуцлагын өмнө ирээд байна. МАК хэмээх том компанийн “өв залгамжлагч” тэрбээр мэргэжлийн бус мөнгөний Засгийн газар гэх тодорхойлолтыг тодотгож буй хүмүүсийн нэг. УИХ-д хоёр дахиа сонгогдсон, мөн “давхар” дээлтэй. 

Батлан хамгаалахын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ. Тэрбээр Хууль зүйн сайдад яригдаж байсан ч Батлан хамгаалахын сайдаар томилогдлоо. Төрийн наадмын түрүүг алгасалгүй авч байсан дархан аварга УИХ-д 2004 оноос хойш мөн тасралтгүй сонгогджээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ч өрсөлдөж үзсэн түүнийг улстөрч гэж хэлэхээс өөр аргагүй байх. Харин өөрийгөө “1982 онд цэргийн албанд татагдаж байлдагч болсноосоо хойш ахлах тушаалын офицер хүртэл 20 гаруй жил цэрэг, цэргийн хуулийн салбарт ажилласан” гэж тодотголоо. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан бөгөөд тус салбарын сайдаар хоёр дахь удаагаа томилогдлоо. Улс төрд эмэгтэйчүүдийн квотоор бус өөрийн чадлаар байр сууриа олсон цөөхөн эмэгтэйчүүдийн нэг. УИХ-д дөрөв дэхээ сонгогдсон түүнийг улстөрд төдийгүй төрд бэлтгэгдсэн боловсон хүчин гэж хэлэхээс өөр аргагүй. 

Гадаад харилцааны сайд Ц.МӨНХ-ОРГИЛ. Харвардын их сургууль төгссөн түүнийг өндөр боловсролтой гэж хэлж болох ч өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байх үедээ долдугаар сарын 1-ний үйл явдалд буруутгагдсан гэдгээр нь олон нийт дүгнэдэг. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ. УИХ-д гурав дахиа сонгогдсон, өмнөх парламентад МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Хууль зүйн сайдын суудал хамгийн ихээр анхаарал татаж, тэр хэрээр горилогчдыг гоочлох хандлага их байсан. Тийм ч учраас МАН-ын Удирдах зөвлөл уг албан тушаалд чансаатай томилгоо хийхээс өөр аргагүйд хүрчээ. Эрмэлзэл, эр зориг илүүтэй шаардагддаг гэх Хууль зүйн сайдад МАН дээрх шалгуурыг харгалзан өсч яваа залуу улстөрчөө томилжээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.ДАШДОРЖ. Уул уурхайн салбарыг хүнд үйлдвэрийн бодлоготой нь хамт авч явах үүргийг тэр хүлээн авлаа. Хувийн бизнестэй, улс төрд багагүй туршлагатай нэгэн. 

Зам тээврийн сайд Д.ГАНБАТ. Зам тээврийн сайдаар томилогдсон Д.Ганбат улс төрд битүү хүмүүсийн нэг. Монголын төмөр замд ажиллаж байсан гэх тодотголтой. Бодвол “мэргэжлийн” гэх шалгуураар шигшигдсэн ганц хүн нь бололтой. 

БСШУС-ын сайд Ж.БАТСУУРЬ. Давхар дээлгүй сайд нарын нэг тэрбээр багшаар ажиллаж байсан, Засаг даргаар ч ажиллаж байсан. Мөн УИХ-д хоёр удаа сонгогдсон төрийн болон улс төрийн ажлын туршлагатай нэгэн. 

Гологдсон горилогчид 

 
Гэрэл зургийг mpa.mn

Шинээр бүрдэж буй Засгийн газарт нэр дэвшсэн хүмүүсээс дөрвийг нь Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлж чадсангүй. Олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжлэл хүлээсэн тэднийг энэ удаад АТГ-аас урьдчилсан мэдүүлгийг нь үндэслэн “зөвшөөрөх боломжгүй” гэж үзжээ. 
Их сургууль байгуулах гээгүй нь тодорхой учраас эрдэмтдээр ч яахав гэж бодоход хууль нийлүүлсэн компани байгуулах гэж байгаа мэт хандивлагчдадаа өндөр албан тушаал өгснийг нь хүмүүс илүүтэй шүүмжилж буй. Гэвч улс төрийг мөнгөгүйгээр, санхүүжүүлэгчгүйгээр төсөөлөх аргагүй нь гачлантай.

Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшсэн Г.ӨНӨРБОЛОР. Хувьдаа олон компанитай, бизнесийн болон хувийн намтар нь таагүй түүнийг улс төрд гэнэт хөл тавьсныг нь олон хүн гайхаж байна. Мэргэжлийн биш мөнгөний Засгийн газар гэх тодотголыг тодотгож өгсөн бараг ганц нэр дэвшигч. 

Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Ц.ЦЭНГЭЛ. УИХ-ын гишүүн, хоёр ч яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Эрчим хүчний инженерээс эхлээд энэ салбартаа томоохон компанитай болтлоо ажиллаж, бас хөрөнгөжсөн түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг АТГ төдийгүй захын хүн хэлэх байх. 
Хамгийн сүүлчийн мэдээллээр бол түүний эхнэр Дарханы шугам сүлжээ компанийг хувьчлан авсан юм байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.АНАНДБАЗАР. “Сод Монгол” хэмээх нефть бүтээгдэхүүн импортлогч компанийн эзэн гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг. Түүнийг АТГ-т урдьчилсан мэдүүлэгтээ эд хөрөнгөө бүрэн гүйцэд мэдүүлээгүй, төрсөн дүү нь ургацын компанитай гэсэн үг яриа гараад байгаа.

Эрүүл мэндийн сайд Ж.ЦОЛМОН. Түүний гэр бүлийн бизнес нь эмнэлэг, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэг компани юм. Хэдийгээр уг бизнес нь охиных нь нэр дээр бүртгэгдсэн байгаа ч АТГ-аас ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзэн татгалзсан хариу өгсөн байна. 

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын томилгооны асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хүрээнд эхлэн ярьж, эцсийн шийдвэрийг нь УИХ болон АТГ гаргалаа.