Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Би өөрөө шийдсэн"- Залуучуудыг ойлгоё гэвэл энэ номыг уншаарай

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Глобалчлалын эрэн үед амьдарч буй бидний хувьд ДЭЛХИЙТЭЙ танилцах, өөрсдийн нийгмийг эрүүлээр дүгнэх, урлаг, кино, дуу хөгжмөөр дамжуулан юуг мэдэрч болох гэх зэрэг хүний СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН талаар өгүүлэх "Би өөрөө шийдсэн" номын талаар тус номын орчуулагч, философич, зохиолч, улс төр судлаач, ном орчуулах төслийн санаачлагч, удирдагч С.Молор-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе. 

Дээр дурдсан ном орчуулах төсөл хариуцагч "Майнд" сан нь олон нийтийн боловсролын байгууллага. Тус байгууллагаас хэрэгжүүлж буй 10 философийн романууд орчуулах төслийн хүрээнд орчуулагдсан анхны ном нь "Би өөрөө шийдсэн" роман аж. Энэхүү номыг Солонгост төгсөгчдийн Мажико ТББ-ийн гишүүд хамтран орчуулжээ. Харин номыг хэвлэн нийтлэхэд Монголд элэгтэй БНСУ-ын иргэд дэмжлэг үзүүлжээ.

Номын тухай:

БНСУ-ын нэрт зохиолч Ким Ионг-Ха нь шинэ үеийн онцгой найруулга бүтэцтэй бичдэг бөгөөд БНСУ-ын уран зохиолын “Мунхак Донгэ” нэртэй шагналыг энэ номоороо хүртсэн юм. Энэхүү “Би өөрөө шийдсэн” роман нь Англи, Франц, Герман, Чех, Голланд, Польш, Турк, Хятад болон Вьетнам хэлнүүдэд орчуулагдсан бөгөөд энэ удаа Монгол хэлэнд орчуулагдан худалдаанд гарсан юм.

Тус ном худалдаанд гарсан долоо хоногтоо “Интерном” дэлгүүрийн Бестселлер болсон амжилттай яваа бүтээл юм.


-“Би өөрөө шийдсэн” роман бол Солонгосын бүтээл. Яагаад энэ номыг орчуулахаар болов?

- Ер нь монголчууд өөрсдийгөө солонгосчуудад танилцуулахдаа нэг л их хөдөө нүүдэлчин соёл гэх зэрэг орчин үеийн биш мэтээр ойлгуулдаг. Монгол хүн дэлхийн мэдлэг боловсролоос суралцаж, Солонгос хүмүүсийн түвшинд ярилцаж хамтран ажиллах чадваргүй мэтээр ойлгуулсаар ирсэн. Эх орондоо ажиллаж амьдрах боломжгүй мянга мянган залуучууд Солонгост хар ажил хийж тэдний нийгэмтэй зөрчилдөж ерөөсөө бид нэг тийм сайн нэртэй биш байдаг. Үүнд өөрчлөлт хийх цаг болсон. 

Зөвхөн Монголчууд Солонгост очиж амь зуух биш бас Солонгосчууд Монгол оронд хэдийн танил болж бүхий л Солонгос амьдралын хэв маяг бараг ердийн болж дээ. Хөдөөний малчин Монгол ёс ярихаасаа илүү Солонгос кино филм ярьдаг болсон. Мөн Солонгос хоолны газарт орж, Солонгосоос оруулж ирсэн хувцас худалдан авах, Солонгос портер хөдөө нутгийг эзэлж, өнөөдөр шиг Солонгосын сүлжээ кофены газарт кофе ууж байна. Яг л Солонгост байгаа мэт санагдуулах аятай.

Гэхдээ Солонгос залуус Монгол залуус юугаараа өөр юм бол? Өнөөдөр бид тэдгээр залуустай адилхан хоол идэж, кино үзэж, дууг нь дуулж, сонсож байна.

Энэхүү ном нь Монголын уран зохиолд РОМАНЫГ анх удаа оруулж, хувьсгал хийж байна.

Энэхүү ном нь Монголын уран зохиолд РОМАНЫГ анх удаа оруулж, хувьсгал хийж байна.

Социализмын үеэс авахуулаад өнөөдөр хүртэл дэлхийн романуудыг орчуулсан хэдий ч нэг дутуу орчуулсан байдаг. Үүний шалтгаан бол роман гэдэг амьдралын философи байдаг гэдгийг ойлгоогүй.

Энэ ном байснаар хүмүүс РОМАН гэж юу болох гэдгийг мэддэг болно. Мэдээж хэдий Солонгосын зохиолч бичсэн ном ч гэсэн ДЭЛХИЙТЭЙ танилцуулах, урлаг, кино, хөгжмөөр дамжуулан юуг мэдрэх, гадаад хүмүүстэй хэрхэн харьцах, тэдгээр хүмүүс юу бодож явдаг гэх мэт зүйлсийг цөм ойлгуулах ном гэдгийг хэлмээр байна. Мөн Солонгосын залуусын амьдрал, сэтгэл хөдлөлийг харж болно.

Бид гадныхнаас өөрсдийгөө өөр гэдэг ч үнэндээ бол адилхан л хүмүүс. Гадаа алхаж байгаа Солонгос залуу болон энд сууж байгаа тэр Монгол залуу хоёрт нэр эсвэл паспортын л ялгаа байгаа болохоос адилхан хувцасласан бас адилхан үсээ засуулсан бас адилхан гар утастай.

- Хүмүүс тэр болгон Роман уншаад байдаггүй. 

Би РОМАН орчуулахдаа биш. Ном гэж ийм гоё, тэр тусмаа РОМАН гэж ямар байдгийг олон залууст мэдрүүлмээр санагдсан.

Хятад, Франц гээд дэлхийн өнцөг буланд хүмүүс РОМАН уншиж, дэлхий ертөнцийг харах өнцгөө улам тэлж байдаг. РОМАН гэдэг чинь ШУ-ны бүтээлтэй адилхан. Тэгэхээр роман уншиж байгаа хүмүүс судлаачидтай адилхан судлах ёстой, ярилцах ёстой. Тэгж байж юу хэлэх гээд байгааг ойлгох хэрэгтэй. Түүнээс биш зөвхөн цагаан толгойн үсэг мэддэг байгаад уншсаныгаа ном уншчихлаа гэвэл ёстой хангалтгүй. Ойлгох хэрэгтэй. Гэхдээ бүгдээрээ ярилцаж байгаад адилхан ойлгох шүү дээ.

"Би өөрөө шийдсэн" роман нь ДЭЛХИЙН РОМАН, ГЛОБАЛЧЛАГДСАН РОМАН юм.

Ер нь бол "Би өөрөө шийдсэн" роман нь ДЭЛХИЙН РОМАН, ГЛОБАЛЧЛАГДСАН РОМАН юм.

Бид Монголчуудыг РОМАН бичиж сураасай гэж энэ номыг орчуулсан. Нарийн харилцаа холбоо, зөрчил, муу талыг ч сайн тал, ерөнхий дүр зургийг бичдэг Монгол хүн түүхэнд байгаагүй
Мүраками Харүки бол философийн ном, Аюурзана бол хувь хүний санаа. Хүний санаа хэнд хэрэгтэй гэж. Харин амьдралын философи л хүмүүст хэрэгтэй. 

- Би “Би өөрөө шийдсэн” романыг уншиж явна. Агуулгад нь дурлаж байгаа. Энэ номын талаарх сэтгэл хөдлөлүүд минь хөглөрсөөр, цаасан дээр буусаар байна. Ингэхэд танд анх уншаад ямар санагдсан бэ?

Би Герман хэл дээр уншсан. Надад “Ямар гоё юм уншчих ваа. Орчуулах хэрэгтэй” гэсэн бодол шууд төрсөн. Гэхдээ сэтгэл хөдлөл биш, олон жилийн туршлагаараа энэ номыг сонгосон. Миний хувьд олон жил гадаадад ажиллаж, амьдарч, аялсан ГЛОБАЛЧЛАГДСАН хүн.

- Ингэхэд ном нь дээр гардаг дүрүүдийн цаана ямар санаа нуугдаж байгаа бол?

- Ерөнхийдөө энэхүү ном нь өнөөгийн залуус хэрхэн өөрийгөө олж авч байгаа, хэрхэн амьдарч байгааг өгүүлсэн. Дүр бол дүр. Цаана нь Солонгосын нийгэм харагдаж байгаа. Гэхдээ та дүрүүдээс нийгэм доторх өөрийгөө олж харна. 

Өнөөдрийн нийгмийг харуулсан ном. Улаанбаатарт ч гэсэн дүрүүдтэй адилхан хүмүүс алхаж байгаа. Улаанбаатарт байдаг л амьдрал, бидний нүдний өмнө өнгөрч байгаа.

Мэдээж Монголчууд бид РОМАНЫ соёлгүй учраас анх уншихад нэг сонин санагдаж магад.

- Таны хувьд ном унших, орчуулах тал дээр ямар үзэл бодолтой байдаг вэ?

- Ном байхгүй бол амьдрал уйтгартай. Хүн ерөөсөө идэх, уух, тоглох, унтах л ажилтай. Би лав ном уншихаараа ЭРХ ЧӨЛӨӨГ мэдрэгддэг шүү.  

Горький ном бол ертөнцийг харах цонх гэж хэлсэн. Гэтэл энэ ертөнц гэдэг чинь хүний ертөнц шүү дээ. Хүний ертөнц гэдэг хайр дурлал, сэтгэл, хүний ухааны төлөв, доод ухааны болон ухамсар хоёрын зөрчил шүү дээ. Номноос их зүйлийг мэдэж авна даа.

Ном байхгүй бол амьдрал уйтгартай. 

Орчуулгын хувьд бол мэргэжлийн буюу философи мэдэхгүй бол роман, философийн ном орчуулах тийм ч амар биш.

Өнөөдөр Монголд номыг буруу ойлгож, үнэлдэггүй. Ном их уншдаг хүнийг номын цагаан солиотой гэх маягаар харьцах нь нийгмийг харж чадахгүй сохор, дөлий, мэдрэлгүй буюу ХАР МАССЫН ойлголт. Монголоор дүүрэн ХАР МАСС. Гэхдээ дэлхийн хоёр том орны дунд Монголчууд бид хүссэнээрээ амьдарч байгаа нь сайхан хэрэг шүү.

Ном их уншдаг хүнийг номын цагаан солиотой гэх маягаар харьцах нь нийгмийг харч чадахгүй сохор, дөлий, мэдрэлгүй буюу ХАР МАССЫН ойлголт.

Ном хэвлэх явц МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААР ОРОХ ёстой. Ямар ч хачин юм бичээд хэвлүүлэх боломжтой байна. Энэ нь маш том асуудал юм.

Тухайлбал, байшин барихад мэргэжлийн хяналтаар ордог. Гэмтвэл гэмтлийн эмнэлэг явдаг. Гэтэл номыг өндөр түвшинд шалгахгүй байгаагаас болж өнөөдөр хэн нэгэн буруу ном уншлаа гэхэд тархи нь гэмтнэ. Энэ үед хэн, хэрхэн эмчлэх вэ гэдэг нь тодорхойгүй тул том гэмт хэрэгтэй адил. Тархийг хэзээ ч шохоодохгүй. Тиймээс нүдээ нээж, чихийг онгойлгоход нь өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.

- Энэ номоороо юу?

- Би 17 дахь номоо хэвлүүлэн гаргаж байна. Би өнөө үеийн залуучууд дотроос СЭХЭЭТЭН болох боломжтой найдвартай залуучуудыг хайж байна. Олдохгүй байна. Хэрвээ сэхээтнүүд олширч, дунд давхарга гарч ирэхэд ХАР МАСС арилах болно.

- Номын нээлт хэр болсон бэ? бас номыг уншсан хүмүүсээс сэтгэгдэл ирж байна уу?

- Нээлт гайхалтай байсан. Солонгосчууд “Монголчуудыг ийм оюуны түвшинд байдаг” гэж төсөөлж байгаагүй биз.

  • Саяхан уншсан гэсэн нэгэн охин “Би урд нь номуудыг хараад л жаахан уншиж байгаад дуусгадаг эсвэл нэг хараад шууд уншихгүй хаячихдаг байсан. Гэтэл энэ номыг уншаад бөөн баяр болоод, инээгээд байлаа. Монгол хэлээр гоё төсөөлтөл бичсэнд их баярлаж байна” гэсэн.  
  • Өөр бас нэг уншигч маань “Би одоо Солонгос руу явмаар байна. Өмнө нь Солонгост байхдаа үргэлж гомдож, уурлаж, гутрангуй байдалтайгаар аливаад ханддаг байсан. Харин одоо бүр Солонгос руу явж, дахин өөрөөр харж, хандаж, хүмүүстэй ярилцмаар байна” гэж хэлсэн шүү.

- Номыг орчуулахдаа юуг илүү анхаарав?

- Бид "Хашир эмэгтэй, бөлгөө, тэгсэн гэнэ" гэж бичээгүй.Яагаад гэвэл номын зохиолч өөрөө 21-р зуунд зориулж бичиж байгаа учраас бид КҮҮЛ орчуулж буулгахаас өөр аргагүй байсан.

Ерөөсөө Монгол зохиолчид өнгөрсөнд ч өнөөдөрч яг адил. Тэд өөрсдөө роман нэртэй ном бичихээрээ ямар ч амьдралаас хол нийгмийн тухай ямар ч шүүмжгүй мухар сүсгийн эсвэл хувийн боогдмол санаагаа ном болгож бичсээр ирлээ. Тиймээс энэ роман бол Монголд анх удаагаа хувьсгал хийж буй. Ер нь Монгол хэлэнд төсөөлтөл буулгана гэдэг их өөр зүйл юм шүү.

 

- Хэн уншиж болох вэ?

- 21-р зууны ЗАЛУУ хүн ямар бэ гэдгийг мэдэхийн тулд ээж аав уншиж, өнөө үеийн охид, хөвгүүд уншиж болно. Охиноо шахаж, хүүгээ зожиг гэх мэт байгаа байдалд нь уурлаж болохгүй. Тэдний толгойд өөр юм явж байна. Тоглодог тоглоом нь өөр байна. 

Тиймээс залуучуудаас илүү ээж аавууд унших хэрэгтэй. Мөн хэн нэгэнд "Намайг ойлгоё гэвэл энэ номыг унш" гэж хэлж болно. Би ч бас тэгж хэлнэ.

- Номыг уншиж байхад нэгэн эмэгтэй хэрхэн үхэхээ сонгож байгаа хэсэг байсан. Их аймаар санагдсан шүү.

- Сонголт хийгээд байна. Тэр эмэгтэй айлгүй, сандралгүй, сонголтуудаас сонгож байна. Яг л үнэ харьцуулдаг шиг. Мими дээр бүх зүйл их өөр байх болно. Ном тэр чигээрээ залуу хүмүүсийн философи шүү дээ.

Яагаад өнөөдөр хүртэл Монголчууд жинхэнэ романтай Монгол хэл дээрээ танилцаж чадаагүй вэ гэхээр зохиолч болон уран зохиолын ном орчуулагч хүмүүс философийн боловсролгүй байсан тул яаж өндөр түвшинд орчуулж чадах вэ дээ. Бямбын Ренчин ч философийн боловсролгүй шүү дээ. Тэр үеийн Монгол зохиолчид орчуулахдаа өөрсдийн ойлгосоноо л орчуулга гээд байдаг. Хачин хоцрогдсон үгүүдээр орчуулж гадаад номыг дотоод ном болгоод сэглэдэг байсан жишээ олон бий дээ. Өнөөдөр бол орчуулгын номуудын талаар үг хэлэх ч хэрэггүй.

 

- Энэ номыг уншсан хүмүүст зориулсан номын клуб нээгдэнэ гэж байсан. Энэ талаар?

- Монголд хэзээ ч байгаагүй РОМАНЫГ уншсан хүмүүс уулзаж, ярилцах боломжтой клубийг удахгүй нээх гэж байна. Аливаа номыг уншаад шууд өөрийнхөөрөө ойлгож, дүгнэж болохгүй. Номын тухай, нийгмийн дүр төрх, покер тоглох, гээд хэсэг бүрт нь бид ажиллах ёстой. 

- Эцэст нь

-Монголчууд бид хоёр том орны дунд хүссэнээрээ амьдарч байгаа нь сайхан хэрэг.

Шинэ үеийн сэхээтнүүд бий болох хэрэгтэй​.

Бид нийтээрээ хар масс байж болохгүй. Шинэ үеийн сэхээтнүүд бий болох хэрэгтэй. Ингэхдээ хараагаа нээ. Чихээ онгойлго. Үүнтэй адил бид энэ ямар ном бэ гэдгийг ялгаж чаддаг байх хэрэгтэй. 

Энэ ном таныг хараа оруулна. Сонсгол оруулна. Монгол хэлнийхээ нөөцийн баялгийг мэдрэх болно. Эцэст нь бид ГЛОБАЛЧЛАГДСАН СЭХЭЭТЭН болох бус уу

- Дараагийн орчуулж буй номын нэр?

- Хүлээж байгаарай. Одоохондоо нууц.

- Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа.