Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Цагтаа цалгиж явсан Yahoo-гийн муудсан есөн шалтгаан

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Нэгэн үе интернэтийг хаанчилж байсан Yahoo портал өөрийн үндсэн бизнесээ өчигдөр харилцаа холбооны Verizon компанид 4.83 тэрбум ам.доллараар зарлаа.

Яагаад тус компани ийм багаар үнэлэгдсэн шалтгааныг мэдэхийн тулд дараах түүхэн баримтуудаас алдааг хайж болно.

 

Google-ийг алдсан

2002 онд Yahoo компанид шинэхэн гарч ирж байсан Google-ийг авах боломж гарч байжээ. Google-ийн Сергей Брин, Ларри Пэйж нар компаниа $1 тэрбумд зарах сонирхолтой байсан гэнэ. Гэвч тэр үеийн Yahoo-гийн гүйцэтгэх захирал Терри Семел худалдаж авахаас татгалзаж байжээ.

Энэ бол Yahoo-гийн үндсэн бизнес болох хайлтын системийн санаачилгыг алдсан явдал болж байв.

 

Flickr-ийн боломжийг алдав

Facebook, Instagram-аас өмнө Flickr хэмээх гэрэл зураг хуваалцдаг сүлжээ байсныг Yahoo 2005 онд худалдаж авсан юм. Тэр үед Flickr-ийн багийнхан тус сүлжээг сошиал сүлжээ болгох төлөвлөгөөтэй байжээ. Гэвч Yahoo үүнийг нь дэмжилгүй байсаар тус сайтыг үхмэл бизнес болгон хувиргав.

Яг үүнтэй ижил хувь заяаг GeoCities, Delicious, Tumblr зэрэг сайтууд туулсан юм.

 

Facebook-ийг худалдаж авсангүй

2006 онд шинээр бий болж байсан Facebook сүлжээг Yahoo $1 тэрбумаар авах санал тавьжээ. Тухайн үед Марк Зукерберг зөвшөөрөөгүй боловч тус компанийн удирдах зөвлөл хэрвээ үнийг $1.1 тэрбум болгон өсгөвөл Маркийг шахахад бэлэн байжээ. Харин мөнөөх л Семел энэ үнийг зөвшөөрөөгүй өнгөрсөн байна.

 

Майкрософтоос татгалзав

2008 онд Майкрософт Yahoo-д $44.6 тэрбумаар авах санал тавьжээ. Тухайн үеийн Майкрософтын гүйцэтгэх захирал Стив Балмер худалдаж авахаар багагүй хөөцөлдсөн ч Yahoo-гийн захирлуудын зөвлөл “хэт бага үнэ” гэж үзээд хөдлөөгүй юм.

Үүний дараа жил Yahoo өөрийн хайлтын системтэй байх санаанаас татгалзан Майкрософтын Bing хайлтыг ашиглаж байх гэрээ байгуулжээ.

 

Муу гүйцэтгэх удирдлага

Технологийн компаниудын амжилтын нэг үндэс нь сайн удирдагч байдаг. Үүний жишээг Apple-ийн Стив Жобс, Майкрософтын Сатьяа Наделла, Google-ийн Эрик Шмидт нараас харж болно. Гэвч Yahoo-д ийм тавилан ноогдсонгүй.

Yahoo-д эргэлт авчрах удирдлагыг хайсаар байгаад амжилтгүй төгсгөл хийж байна. Семел бол технологийн ертөнцийн хамгийн муу удирдагч байсан бол Карол Барц түүнээс дээрдсэнгүй. Дараа нь Скот Томпсон анкетаа худлаа бөглөсөн дуулианаар огцорч байжээ.

 

Жерри Янг захирлуудын зөвлөлөөс буусан

Yahoo-г үндэслэгчдийн нэг Жерри Янг 2012 онд өөр ажил, зорилго хөөхөөр Yahoo-г орхисон юм. Ингээд үндэслэн байгуулагчийн манлайлал дор хөгжих боломж Yahoo-д олдсонгүй. Бусад амжилттай яваа компаниуд анхны үүсгэн байгуулагчийнхаа удирдлага дор сайн яваа олон жишээг харж болно.

 

Мэрисса Мэйерийн амжилтгүй өөрчлөлт

2012 онд томилогдсоноосоо хойш Мэрисса Мэйер Yahoo-д өөрчлөлт хийж чадсангүй. Хэдийгээр Alibaba-д эзэмшдэг хувиас нь олон тэрбум цутгаж байсан ч тэр үүнийг хийж чадаагүй юм.

Тэр Tumblr сошиал блогийн үйлчилгээг худалдан авч, компанийн ажиллах орчин, соёлыг өөрчилж, өндөр зэрэглэлийн сэтгүүлчдийг ажилд авч байсан хэдий ч Yahoo-гийн орлого тасралтгүй унасаар байв.

 

Tumblr сүлжээг худалдаж авсан

2013 онд Мэйер Tumblr сүлжээг $1 тэрбумаар авсан нь түүний томоохон алхмуудын нэг байлаа. Хэдийгээр тэр үед Tumblr ашигтай ажиллаж эхлээгүй байсан ч Мэйер түүнийг сурталчилгаанаас мөнгө олдог бизнес болгохоор төлөвлөж байжээ.

Гэвч эцэстээ Yahoo Tumblr-ийг хэт өндөр үнэлсэн нь ил болж хэрэглэгчийн өсөлт, орлого зэрэг нь санасанд хүрэлгүй байсаар өнөөдөр бүрхэг ирээдүйтэй бизнес болоод байна.

 

Алсын хараа дутмаг

Хорь гаруй жилийнхээ түүхэнд Yahoo яг ямар компани болох зорилготой нь мэдэгдэлгүй явсаар дуусч байна. 24 жилийн хугацаанд өөрийгөө 24 янзаар тодорхойлсон гэхэд болно.

Түүнийг одоо болтол хүмүүс технологийн компани уу? эсвэл медиа компани уу? гэдгийг хэлж мэдэхгүй байгаа нь үүнийг баталж байна.

 

Вэб порталын төгсгөл

Өнөөдөр web 2.0-ийн аварга компаниудаар Google, Facebook тодроод байгаа бол Yahoo сураггүй байна. Өөрийн хайлтын системийг бий болгох гээд барсангүй. Flickr, Tumblr сүлжээнүүдийг сошиал сүлжээ болгох гээд амжсангүй. Ингэсээр байтал интернэт рүү портал сайтуудаар дамжин ордог цаг нэгэнт өнгөрч AOL, MSN алга болсоор зөвхөн Yahoo торойж үлдсэн нь ийнхүү төгсгөл болж байна.

 

Эх сурвалж: Telegraph.Co.UK