Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд гайхагдсан “Миний Монгол Наадам” хоёр дахь жилдээ боллоо

ГХЯ
2016 оны 7 сарын 25
iKon.MN
 

“Монгол наадам” бол монголчуудын бахархалт түүх, монголчуудын бүтээсэн гайхамшигтай соёл, ёс заншлын илэрхийлэл билээ. Гадаад хэргийн яамнаас Монгол наадмыг олон улсад сурталчлан таниулах зорилгоор дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй иргэд, холбоодын дунд “Миний Монгол Наадам” уралдааныг хоёрдахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Гадаад хэргийн сайдын нэрэмжит энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын 1, 2 дугаар тогтоолоор тус тус батлагдсан “Дэлхийн Монголчууд хөтөлбөр” болон “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-үүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд бөгөөд жил бүр уламжлан хэрэгжих юм. 

 
2015 онд зохион байгуулсан анхдугаар уралдаанд хилийн чанад дахь монголчуудын 19 холбоо, нийгэмлэг оролцож АНУ-ын Сан-Франциско дахь Бэй-Ариагийн монголчуудын холбоо тэргүүн байрыг эзэлж байсан бол энэ жил оролцогчдын тоо даруй өссөнөөс гадна наадам зохион байгуулсан холбоодууд наадмын үйл ажиллагаанд гадаадын иргэдийг олноор урьж оролцуулах, суугаа орныхоо олон нийтэд хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр дамжуулан монгол наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл түгээх үйл ажиллагааг өргөнөөр зохион байгуулсан нь монголын түүх, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд таниулж чадлаа. 

Энэ жилийн уралдаанд анх удаа БНЭУ-ын Карнатака мужийн Хубли хот дахь Гомандацан хийдийн Монголмицангийн 380 гаруй монгол лам хуваргууд монгол наадамаа ёслол төгөлдөр тэмдэглэж, Япон дахь монголчууд “Хүүхдийн бэсрэг наадам” зохион байгуулж оролцлоо.

 

Монгол наадмын тухай мэдээлэл дэлхийн өнцөг булан бүрийн ард иргэдийн сонорт хүрч байх өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази, Европын дээд хэмжээний 11 дэх уулзалтын 4,000 гаруй зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид үзэж сонирхсон “Нүүдэлчдийн наадам”-ын үйл ажиллагаа дэлхий даяар дүрст хэлбэрээр тарж монгол түмний бахархалт ёс заншил, соёл, түүхийг АСЕМ-ийн амжилтын уухайтай хамт ертөнцийн 5 тэрбум орчим иргэд хүлээн авлаа.