Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Мансуурлын манан түгшээж байна

Өглөөний сонин
2016 оны 7 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Улсад мансуурлын бүх хэлбэр байна. Тухайлбал: Наркомания буюу хар тамхины дон, акоголизм буюу архинд донтох өвчин, токсикомания буюу хорын дон. 

Эдгээртөрлийн мансуурал нь сэтгэцийн өвчин (эмгэг) бөгөөд олон улсын өвчний ангиллын (F10-F19) 10 дугаар бүлэгт орсон байдаг. Ийм учраас мэргэжлийн бус хүн (мэргэжлийн бус эмч) оношлох, эмчлэх эрх зүйн үндэслэл байхгүй. 

Хар тамхитай холбоотой гэмт хэрэг жил бүр нэмэгдэж байгааг саяхан цагдаагийн газраас мэдээллээ. Архины хэрэглээ, архидан согтууралт хэрээс хэтэрч, хавтгайрсан байдалтай байна. ДЭМБ-ын мэдээлэлд Монголын таван хүнй нэг нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэжээ.

Хүн амын 50 гаруй хувь нь архи хэрэглэдэг, эрчүүдийн 37.9 хувь нь, эмэгтэйчүүдийн 15 хувь нь архинд донтох өвчтэй, эрчүүдийн 22 хувь нь, эмэгтэйчүүдийн таван хувь нь архинд донтох өвчтэй, өсвөр үеийнхний 50 хувь нь архи амссан, уудаг, ууж үзсэн, согтсон гэсэн судлаачдын дүгнэлт байдаг ба 2012 онд эрүүлжүүлэх байранд өсвөр насны 197 хүүхэд орсон, 2013 онд 200 гаруй, 2014, 2015 онд энэ тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Ингэж архидан согтууралт нийгмийн бүх давхаргыг хамарсан байгааг хавтгайрсан архидалт гэхээс өөрөөр юу гэх вэ. 

Архидан согтуурлаас үүдэлтэй олон сөрөг үр дагавар гарч, гэмт хэргийн зонхилох хэсэг нь архидан согтуурснаас үүсэлтэй байна. 

Архидан согтуурлаас үүдэлтэй олон сөрөг үр дагавар гарч, гэмт хэргийн зонхилох хэсэг нь архидан согтуурснаас үүсэлтэй байна. 

Токсикомания буюу хорын дон гэдэг нь элдэв бодис (цавуу, бензин, газ, өвс) үнэртэж, зажилж, татаж мансуурдаг, мансуурлын шалтгаантай сэтгэцийн донтох төрлийн бүлэг өвчин юм. Үүний улмаас ялангуяа өсвөр насныхан газ үнэртэж амь насаа алдах явдал гарсаар байна.

Архидан согтууралттай холбоотой өөр олон ноцтой баримтуудыг хэлж болно. Ингэж хэлсэн хэлээгүй бодит байдал, амьдрал дээр ямар байгааг ард иргэд мэдэрч, сонсож, амсаж байна шүү дээ. Хавтгайрсан архидалтаас болж гэмт хэрэг, танхай балмад байдал газар авч, эрүүл мэндээр хохирч, нийгмийн дэг журам алдагдаж буйг олон түмэн бухимдан ярьцгааж байна. Монголыг мансуурлын манан түгшээх боллоо. 

Гадаадынхан Монголын архичдыг эмчлэхээр эмнэлэг байгуулан ажиллаж байна. Энэ юуг харуулж байна вэ. Монголд суугаа ДЭМБ-ын суурин төлөөлөгч, 2016 оны нэгдүгээр сард NTV-гээр ярилцлага өгөхдөө манай улсыг архидалт, мансуурлын асуудалд онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байсан. 

Архичдыг эмчилдэг ид шидтэн 

Энэ их хавтгайрсан архидалтыг далимдуулан архичдыг хэдэн зуу, мянгаар нь эмчилдэг ид шидтэн сүүлийн жилүүдэд тодорч, олон түмний тархийг угааж, худал ярьдаг их мэдэгчид гарах болов. Манайд ид шидтэн хүмүүс, янз бүрийн байдлаар урьд өмнө ч гардаг байсан.

Тухайлбал, шатаадаг Өнөрөө, далдыг хардаг Дашцэрэн, Хөвсгөлд бурхнаар бөөлждөг эмэгтэй гэх мэт ид шидтэнүүд тодорч байсныг манай ард түмэн мартаагүй байна. Үүний нэгэн адил архичдыг хэдэн мянгаар нь эмчилдэг ид шидтэн гараад хэдэн жил болж байна.

Энэ ид шидтэн бол бор дарсанд дурлан багагүй хүртэж байсан, одоо Амьдрал судлалын академийн ерөнхийлөгч (2013.11.23 Монгол телевиз), Архи тамхины шалтгаант эмгэг судлалын (АТШЭС) төвийн тэргүүн (2013.09.23 25 дугаар суваг), Монголын эрэгтэйчүүдийн холбооны хөгжлийн нийгмийн тэргүүн (2014.09.24 Ийгл телевиз) гэх мэт олон ТББ-уудын тэргүүн Ж.Цогтсугар юм.

Өөртөө дүгнэлт хийж, согтууруулах ундаанаас татгалзан, мансуурал, архидалт гэгч хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийн талаар олон түмнийг уриалж соён гэгээрүүлэх чиглэлээр ярьж, ажиллаж байгааг сайшаан тэмдэглэх нь зүйн хэрэг. Гэхдээ архинаас гаргадаг, ид шидтэн байдлаар биш, үнэн бодит мэдээллээр түмэн олноо соён гэгээрүүлж байх нь зөв гэдэг үүднээс хандаж, түүний хэвлэл мэдээлэлд өгсөн худал, ташаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандсаныг олон түмэн зөв ойлгоно биз дээ. 

Үүнд: Нэг жилийн дотор 500 хүний архинд донтох өвчнийг эмчилж, архинаас гаргасан (“Зууны мэдээ” 2011.01.12), 5,000 хүнд архинд донтох өвчний эмчилгээ хийж, архинаас гаргасан (25 дугаар суваг. 2013.09.28), “Архигүй Монгол” хөдөлгөөн хоёр жилд 3,000 хүнийг эмчилж, архинаас гаргасан (ТВ-ийн мэдээ 2013.01.30), Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 90 гаруй хүнийг вакуум сургалтын аргаар архинаас гаргасан (“Зууны мэдээ” ¹90 2013.04.11), Монголд архинд донтох өвчин 50 хувиар буурсан (MNC, ТВ-2 2015.02.25) гэх мэт. 

Монголд элдэв мансуурал хавтгайрсан, архидалт газар аваад байхад 50 хувиар буурсан гэдэг нь үндэслэлгүй худал мэдээлэл юм. Энэ байдалд төр засаг итгээд байгаа юм биш биз дээ. Сэтгэцийн энэ өвчнийг мэргэжлийн эмч оношилж, бодит судалгаагаар дүгнэлт гаргадаг болохоос ингэж цээжний пангаар хэлдэггүй юм. Мэдлэгээ дээшлүүлж, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн болсон гэсэн байна. (“Зууны мэдээ” 2011.01.12-ны дугаар)

Уг нь энэ чиглэлээр АУИС төгсөөд, дараа нь 3-6 сарын сургалтад (курст) суралцаж, мэргэжлийн үнэмлэх авдаг ба үүний дараа ЭМЯ-ны мэргэжлийн комиссоор орж, сертификат авсан эмч энэ мэргэжлээр ажиллах эрхтэй болдог юм. Иймээс та мэргэжилтэн биш гэдгээ ойлговол зохино. 

Нэг жилд 500 хүнийг архинаас гаргах эмчилгээг эмгүй хийдэг гэжээ. (“Зууны мэдээ” 2011.01.12 №9) Ямар нөхцөлд хордлого тайлах эмчилгээ хийдгийг та мэдэхгүй. “Архинаас гаргах практик, арга зүй” ном гаргасан, энэ бол Монголдоо анхных юм гэжээ. Манай энэ чиглэлийн эрдэмтэд, багш нар сурах бичиг, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүд олныг гаргасан байдаг юм.

Та олон удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон хүнийг эмчилсэн, ирж эмчлүүлээрэй гэсэн байна. Тэд бүгдийг хэлэх боломжгүй учир товчлов. 

Архичдыг оюун санааны эмчилгээгээр эмчилдэг, цогц эмчилгээг одоо хаана ч хийгээгүй, нэг ч эм хэрэглэдэггүй, үр дүн нь би өөрөө байна, долоо хоног бүр ярилцлага хийж байна гэжээ. 

Мансуурлыг ярилцлагаар эмчилдэггүй ба цогц эмчилгээ, оюун санааны эмчилгээ гэсэн нэр томъёо байхгүй. Хүмүүст яриа хийж, түүнд оролцсон хүмүүсээ архинаас гаргасан, эмчилсэн гэж үздэг юм уу даа. Энэ бол урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийж байгаа ажил, эмчилж байгаа хэрэг биш гэдгийг мэдэж байгаа ч олон түмний тархи угааж өөртөө татах, итгүүлэх гэсэн таны башир муухай арга юм.

Та эмчлэх үйл ажиллагаа явуулдаг, эмчилдэг, эмчилсэн гэх боловч ЭМЯ-наас зөвшөөрөл аваагүй юм байна. Эмчилсэн, эмчилнэ гээд байгаа чинь хууль бус үйлдэл юм. Мөн олон зуун мянгаар нь эмчилдэг юм байхгүй гэдгийг ЭМЯ-наас танд сануулсан юм байна.

Одоо архигүй амьдралын төлөө 35 клуб ажиллаж байна гэж 2015 оны арванхоёрдугаар сарын 27-нд МҮОНТ-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн ба нийслэл болон аймгуудад олон удаа хурал, зөвлөгөөн хийж, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллахад болон бусад ажилд санхүүгийн асуудал гарах нь угаасаа ойлгомжтой бөгөөд ямар нэг байдлаар зохицуулж шийдвэрлэдэг байх. 2013 онд л гэхэд таны ТББ-д НЗДТГ-аас 10 сая төгрөг өгсөн тухай мэдээлж байсан.

Энэ мэтээр олон дэмжлэг, хандиваар санхүүгийн асуудлаа шийддэг байх гэж бодож байна. Дээрх клубуудыг ажиллуулахад зардал гарах нь ойлгомжтой. Чөлөөт цагаа архигүй орчинд өнгөрүүлэх “Залуус-21” клуб 2013 оны арванхоёрдугаар сард III, IV хорооллын эхэнд Засгийн газар, ЭМД сангийн санхүүжилтээр байгуулж, нээлтэд нь Ерөнхий сайд оролцож, амжилт хүсч байсан ба нэг жилийн дараа хар зах болсон тухай хэвлэлээр шүүмжилж байсан.

Дээрх 35 клуб чинь ийм болохгүй гэсэн баталгаа байгаа гэж найдах л үлдэж байна. Таны ажлын үр дүн, түүнд зарсан элдэв хандив, тусламжийн асуудлыг хаана тайлагнаж, үр дүнг нь тооцдог газар тодорхойгүй байгаа нь архинд донтох өвчин 50 хувиар буурсан гэж үндэслэлгүй ярьж байгаагаас харагдаж байна.

Ид шидийн байдлаар архинд донтогчдыг хэдэн мянгаар нь эмчилдэг гэх эрээ цээргүй худал ярих бололцоо олгосон нь энэ асуудлыг мэргэжлийн хувьд хамаардаг ЭМЯ, түүний харьяа СЭМС төвийн хариуцлагагүй байдалтай холбоотой. Эцэст нь хэлэхэд:

1.Мансуурал, архидалт, хар тамхины асуудалд төр засаг, холбогдох яам, газрууд анхаарлаа хандуулах шаардлагатай болсон байна. 

2.Засгийн газрын дэргэд мансуурал, архидалттай тэмцэх, орон тооны бус үндэсний хороо байгуулж, нэг удирдлага, толгойтой болгож, энэ чиглэлээр ажилладаг гэх ТББ-уудыг цэгцэлж мэргэжлийн чиглэлтэй болгон, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах

3.Худал хуурамч, гоё үгэнд үл хууртагдан бодит судалгаанд үндэслэн дүгнэлт гаргаж, ажлаа эрчимжүүлэхийг холбогдох яам, газрууд анхааралдаа авахыг дээрх үйл явдал харуулж байна.

СЭМС-ын тэргүүлэх зэрэгтэй эмч Н.ДОНРОВ 

Зураг