Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын баг Олимпийн наадмаас бүхлээрээ хасагдсангүй, гэхдээ…

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Олимпийн Хорооны (ОУОХ) гүйцэтгэх зөвлөлийн хурал Ням гарагт хуралдаж шийдвэрээ гаргалаа.

Сэргээшийн дуулиан дагуулсан Оросын багийг тэд бүхэлд нь Рио 2016 Олимпийн наадмаас хасахгүй байхаар шийджээ. Харин спортын төрөл тус бүрийн холбоодод өөр өөрийн шийдвэрийг гаргах боломжийг үлдээсэн байна.

Өөрөөр хэлбэл спортын төрөл тус бүрийн олон улсын холбоод нь Оросын тамирчдаас хэнийг хасах, хэнийг оруулах, эсвэл бүхэлд нь хориглохоо шийдэх юм.

Риогийн зуны Олимпийн наадам ирэх сарын 5-нд эхлэх гэж байгаа. Одоогоор Олон Улсын Атлетикийн Холбооны өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэрээр Оросын хөнгөн атлетикийн тамирчид бүхэлдээ Рио 2016-д оролцох эрхгүй болоод байна.

WADA (Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Холбоо)-ноос томилсон шинжээчдийн баг шалгалт явуулж Оросын засгийн газар 2011-2015 онд тамирчиддаа зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглүүлж байсан гэсэн дүгнэлт гаргасан юм.

Үүний дараа АНУ тэргүүтэй орнуудын сэргээштэй тэмцэх байгууллагууд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын нэр дээр захидал бичиж ОХУ-ын багийг бүхэлд нь Олимпийн наадмаас хасахыг шаардаж байв. Уг шаардлагын дагуу ОУОХ-ы гүйцэтгэх зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргасан нь энэ юм.

Үүний дараа ОХУ-ын спортын сайд Виталий Мутко ОУОХ-ын шийдвэрийг “үнэн зөв” гэхдээ “маш хатуу шийдвэр” гэж тодорхойлжээ.

Харин АНУ-ын сэргээштэй тэмцэх агентлаг (USADA) ОУОХ-г “шийдэмгий” байж чадсангүй гэж шүүмжилсэн байна.

Олимпийн наадам эхлэхэд арав гаруй хоног үлдээд байгаа энэ үед нийт 28 спортын холбоод дүгнэлтээ гаргаж Оросын тамирчдын талаар арга хэмжээ авахад тун хүнд болоод байгаа юм. Өчигдөр буюу Ням гарагт ганцхан Олон улсын Теннисийн Холбоо шийдвэрээ гаргаж Оросын долоон тамирчныг Рио 2016-д оролцуулах болсноо зарласан байна.

ОХУ-ын Олимпийн баг 387 тамирчнаас бүрдэж байгаа юм.

Олон улсын спортын холбоодын шийдвэрээр эдгээрийн хэд нь Рио 2016-д оролцох нь шийдэгдэхээр боллоо.

 

Эх сурвалж: BBC