Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Мюнхений аллага Исламын улстай холбоогүй бол Кабулынх холбогдлоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт Баварийн цагдаагийнхан мэдээлэл хийж Баасан гарагийн халдлага үйлдэгч нь Исламын улс бүлэглэлтэй ямар нэг холбоогүй болохыг тогтоосноо мэдээллээ.

Түүний гэрт хийсэн нэгжлэгийн дараа уг мэдэгдлийг хийсэн юм. 18 настай зэвсэгт этгээд нь дүрвэгч биш, Германд төрж өссөн Иран гаралтай залуу байжээ.

Харин түүнийг халдлага хийхэд хүргэсэн шалтгаан нь 2011 онд Норвегид 77 хүний амийг хөнөөсөн хэт барууны үзэлт Андерс Брейвик байсан байна. Тэр хүмүүсийг бөөнөөр нь хядахыг ихэд сонирхон судалж байсан нь баримтаар нотлогджээ.

Өнгөрсөн Баасан гараг бол Брейвикийн хядлага үйлдсэний таван жилийн ойн өдөр байсан юм.

Зэвсэгт этгээд нь сэтгэцийн эмгэгтэй, түүндээ эмчилгээ авч байсан баримт олдсон гэнэ. Гэхдээ хэрэг үйлдэх үед согтуу эсвэл мансуурсан байсан эсэх нь цаашдын шинжилгээний дүнд тодорхой болно гэж цагдаагийн газар мэдээлжээ.

Тэр хууль бусаар гар буу худалдаж авсан байна. Аллага үйлдэхээсээ өмнө хуурамч Фэйсбүүк хаяг үүсгэн дэлгүүрийн гадаа хүмүүст үнэгүй хоол тараана гэсэн зар тавьж байсныг мөн олж тогтоожээ.

Мюнхений халдлагын хохирогчид дотор гадаадынхан байгаагүй, бүгд орон нутгийн иргэд байсан гэнэ.

Тэгвэл өчигдөр буюу Бямба гарагт Афганистаны нийслэл Кабул хотод шийт муслимуудын эсрэг томоохон халдлага гарч 80 гаруй хүн алагдан, 230 гаруй хүн шархдсан хэрэг гарчээ.

Афганы шашны цөөнх болох Шийтүүдийн цугларалтын үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн байна. Дашрамд дурдахад Афганы Хазара угсаатнууд нь голлон шийт урсгалын Ислам шүтлэгтэй байдаг юм.

Халдлагын дараахан Исламын улс бүлэглэлийн сувгаар уг хэргийг гүйцэтгэснээ зарласан мэдээлэл таржээ.

Гэхдээ сүүлийн үед Европ, Ойрхи Дорнодод гарсан халдлага бүрийг энэ зэвсэгт бүлэглэл өөртөө хүлээх болсон нь эргэлзээ төрүүлж байгааг юм.

Үнэн хэрэгтээ дээрх халдлага нь Афганы шашны урсгал хоорондын зөрчлийг хурцатгах гэсэн ямар ч бүлгийн өдүүлсэн ажиллагаа байж болохоор байна.

Афганы дотоод хэргийн яам халдлагын дараа Кабул хотод 10 хоногийн хугацаанд ямар нэг жагсаал цуглаан, олон нийтийн арга хэмжээ зохиохыг хоригложээ.

 

Эх сурвалж: Russia Today