Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ сайд нарын хэн нь хэн бэ?

ikon.mn
2016 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын дарга М.Энхболдод сайдынхаа нэрийг өргөн барьж, дөрвийг нь дахин эргэн харахаар болсон.

Тодруулбал, БХБ-ын сайдад нэр дэвшсэн Г.Өнөрболор, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Ж.Цолмон, Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Ц.Цэнгэл нарын нэрийг өргөн бариагүй. Учир нь тэднийг ашиг сонирхлын  зөрчилтэй гэж АТГ-аас үзсэн байна. Уг асуудлаар яг одоо МАН-ын бүлэг хуралдаж байгаа юм.

Ж.Эрдэнэбатын танхимдаа ажиллуулахаар урьсан нэр дэвшигчдээс хамгийн оновчтой боллоо хэмээн улс төрийн хүрээнийхэн үзэж буй. Зарим нэр дэвшигчдийг онуолж байна.

Тодруулбал, Хууль зүйн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Сангийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарыг хамгийн нүдээ олсон сонголт гэх хүн цөөнгүй байна.
 
Ингээд “байгаа оносон” хэмээн үнэлэгдэж байгаа сайдуудын хэн нь хэн бэ гэдгийг хүргэе.

 


 Хууль зүйн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа сонгодсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын бүлгийн даргаар ажиллаж сөрөг хүчний нэрийг нэр төртэй хамгаалж, бүлгээ чадварлаг удирдаж ирсэн нэгэн юм.

МАН-ын өнгөрсөн дөрвөн жилийн бүхий л улс төр бүлэг дээр нь тулгуурлаж өрнөсөн. Тэр бүгдийг зохион байгуулж, хэрэгжүүлж байсан гол цөм нь С.Бямбацогт гишүүн байлаа. Тиймээс түүнийг Хууль зүйн яамыг өмнө ажиллаж байсан сайдуудаас нь дутахааргүй удирдаж, чиглүүлэх хүн хэмээн үзэж байна.

 


ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн, МАН-ын генсек Ж.Мөнхбат: Өнгөрсөн гурван жилийн хугацаанд намдаа чухал үүрэг гүйцэтгэсэн. Өнөөдрийн тэдний ялалтын салшгүй нэгэн хэсэг нь Ж.Мөнхбат генсек. Сөрөг хүчин болж, ялагдал хүлээсэн хүнд хэцүү үед намаа удирдан чиглүүлэх хамгийн чухал ажлыг тэр л залгуулж, ачааны хүндээс нь үүрэлцэж ирсэн. Тиймээс ЗГХЭГ-ын даргад Ж.Мөнхбат генсекийг томилоход тэрбээр Засгийн газрын "гал тогоог" гал алдуулахгүй залгуулж чадна.

 


Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхорол: Түүний хувьд ч сайн сонголт болсон. Үндсэн чиг үүргийн яамдын нэг болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь энэ засгийн чухал салбаруудын нэг. Тиймээс уг салбарыг өмнө нь сайдаар нь ажиллаж байсан туршлагатай хүнийг сонгож тавих нь чухал байлаа. Д.Оюунхорол нь УИХ-д дөрвөн ч удаа сонгогдсон туршлагатай эмэгтэй гишүүдийн нэг юм. Мөн тэрбээр өнгөрсөн засгийн үед тус яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд хэдийгээр найман сарын хугацаанд ажилласан ч нэлээд олон ажил хийж хэрэгжүүлсэн хэмээн үнэлэгддэг билээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Монголын урдаа барьдаг татвар төлөгч томоохон компанийг өдий зэрэгт хүртэл нь өсгөж, өндийлгөж чадсан нэгэн юм. Монголын эдийн засагт эргэлдэж буй мөнгөний томоохон хэсгийг бүрдүүлдэг "Хурд" группыг үүсгэн байгуулагч тэрбээр хямрал нүүрлээд буй улс орны эдийн засгийг унагачихгүй бариад явчих болов уу. Мөн төрөөс төрсөн тэрбумтан гэдэг нэрээс холуур явдаг тэрбээр бусад шиг "илүү харж, билүү долоохгүй" нь тодорхой. Тиймээс аюул нүүрлээд буй эдийн засгийг эрчимжүүлж чадна хэмээн түүнд итгэл хүлээлгэж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн сайдаар Д.Ганбат: Тэрбээр энэ салбартаа олон жил ажилласан нэгэн бөгөөд харьцангуй туршлагатай юм. Өнгөрсөн жилүүдэд төрийн өмчит МТЗ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн билээ. Мөн тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Худалдааны асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байжээ.

Мөн 2009-2011 онд Засгийн газрын тохируулагч агентлаг МХЕГ-ын дэд дарга тус тус  ажиллаж иржээ. Д.Ганбат нь Политехникийн дээд сургуулийн Инженер-эдийн засгийн факультетийг "Тээврийн эдийн засаг, зохион байгуулалт" мэргэжлээр төгссөн юм байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.