Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мюнхен хотод зэвсэгт халдлага гарч найман хүн алагджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Германы өмнөд хэсгийн Мюнхен хотын Олимпиа худалдааны төвд Баасан гарагийн орой зэвсэгт этгээдүүд довтолж доод тал нь найман энгийн хүний амийг хөнөөжээ.

Хэргийн дараа эрх баригчид гудамжинд хөл хорьж, Германы гурав дахь том хотын нийтийн тээврийг зогсоон хурдны замуудыг хаасан байна.

Цагдаа нарын мэдээллээр гурван зэвсэгт этгээд байгаа ба тэд дэлгүүрт халдсаныхаа дараа зугтаажээ.

Хотод онц байдал тогтоож, алуурчдын араас цагдаа нар мөрдөж байна.

Амиа алдсан хүний тоо одоогоор найм байгаа ба шархдсан хүний тоог тогтоож чадаагүй байгаа гэнэ. Ес дэх хүний цогцсыг олсон бөгөөд энэ нь зэвсэгт этгээдүүдийн нэгнийх байсныг тодорхойлжээ.

Түүнийг өөрийнхөө толгойд буудсан байсан гэж Германы Фокус сэтгүүл мэдээлсэн байна. Гэхдээ энэ мэдээлэл эцэслэн батлагдаагүй байгаа юм. Дэлгүүр дотор хашигдсан хүмүүсийг аюулгүй газарт шилжүүлэх ажиллагааг цагдаа нар зохион байгуулжээ.

Энэ хэрэг бол сүүлийн найман хоногийн дотор Баруун Европт энгийн иргэдийн эсрэг үйлдэгдсэн гурав дахь халдлага юм.

Франц болон Германд гарсан өмнөх хоёр халдлагыг Исламын улс зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ зарлаад байгаа. Харин энэ удаагийн хэрэгт тус бүлэглэл оролцсон гэсэн шинж тэмдэг одоогоор илрээгүй байна.

Гэхдээ цагдаа нар уг хэргийг террорист халдлага гэж үзэж байгаа юм.

Бас нэг тохиолдол бол өнгөрсөн Баасан гараг нь Норвегид Андерс Брейвикийн 77 хүний амийг хөнөөсөн аллагын таван жилийн ойн өдөр байлаа.

Брейвик нь Европ, Америк дахь хэт барууны үзэлтэй этгээдүүдийн хувьд баатарт тооцогддог юм.

Мюнхен хотын захиргааны хүсэлтээр Германы эрх баригчид терроризмтай тэмцэх тусгай албаныхныг тус хотод илгээгээд байна.

 

Эх сурвалж: Reuters