Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхошуу, Долоон буудлыг ХОТЫН ДЭД ТӨВ болгох төслийн II дахь шат эхэллээ

ikon.mn
2016 оны 7 сарын 22
iKon.MN
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нар өнөөдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл”-ийн II үе шатны бэлтгэл ажлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 320 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлын үндсэн эх үүсвэрийг бий болгож буй хотын хойд хэсэгт байрлах Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэхээр төслийг эхлүүлсэн юм.

Төслийн эхний үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууцны барилгыг хоёр дэд төвд барьж ашиглалтад оруулсан. Мөн дэд төвүүдийн бохирын шугмыг татаж эхэлсэн бөгөөд энэ  ажил дуусах шатандаа явж байгаа юм байна. Цаашид дэд төвүүдэд 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 300 оюутан суралцах боломжтой МСҮТ, бизнес икубатор төв, дулааны станц, усан сан, авто зам зэргийг барина

 

Санамж бичиг үзэглэх үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг гэр хорооллыг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа Азийн хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлье. Өнөөдөр бид энэхүү төслийн II шатны ажлыг эхлүүлэхэд юу хийх ёстой вэ гэдгээ тодорхойлсон санамж бичигт гарын үсэг зурж байна. Төслийн эхний шатанд хэрэгжүүлсэн ажлуудаас инженерийн шугам сүлжээ явах байршлуудын газар чөлөөлөх ажил нилээн удаашралтай байсан. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана” гэлээ. 

Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман “Гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх энэхүү төслийг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэх тал дээр бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллана. Би энэхүү төслийг ажилттай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэв. 

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь III үе шаттайгаар хэрэгжинэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.