Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ардын наадмаа АСЕМ-ын зураглалаар чимье

Х.Хулан, Өглөөний сонин
2016 оны 7 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг

Дэлхийн улс орнууд олон улсын харилцааны олон төвт бүтцээр дамжуулан асуудлаа шийдвэрлэхийг чухалчилдаг болсон.

Олон улсын хөгжлийн чиг хандлагад томоохон өөрчлөлт гарч, шинээр орчин үеийн ертөнцийн соёл-соёл иргэншлийн олон талт байдал, хүчний болоод нөлөөллийн төвүүд хэд хэдээрээ үүссэний нэг нь Ази, Европын Дээд түвшний уулзалт.

Ази, Европын харилцаа сүүлийн үед дэлхийн улс орнуудын анхаарлын төвд өртөх болсон. 

АСЕМ-ын 11 дүгээр уулзалтыг монголчууд эх орондоо амжилттай зохион байгуулсан талаар дээр дооргүй л хөөрцгөөв.

Хуралд оролцогчид Ази Европт шинээр үүссэн, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хөрш зэргэлдээ, газар нутгийн хувьд ойр дөт, эдийн засгийн ашигтай харилцаагаа шинэ шатанд аваачих, нэг эрх ашгийн огтолцол дээр зогсож байгаа улс орнуудтай хамтран ажиллах, хүрээгээ тэлэх гээд олон асуудлыг хэлэлцэв. 

Ази, Европын харилцаа сүүлийн үед дэлхийн улс орнуудын анхаарлын төвд өртөх болсон. Ази бол хүн ам шигүү суурьшсан, дэлхийн том шашнууд үүсэн бий болж, ноёрхлоо тогтоож, дорнын соёлоо гээгээгүй, олон үндэстэн угсаатан шигүү суурьшсан, нефтийн баялаг ихтэй, терроризм үүрлэсэн хамгийн түвэгтэй бүс нутгийн нэг.

Хөрш хил залгаа төдийгүй, хоёр тивийн бүхий л улс орнууд нарийн түвэгтэй бүс нутгийн аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулж, үүсч болох халуун сэдвийг зөвшилцөл, дипломат аргаар, улс төрийн хэлэлцээр болон бусад хэлбэрээр шуурхай, оновчтой шийдвэрлэхийг зорьж яваа юм.

Өрнө дорнын эрх ашгийг нэгтгэх, улс төрийн нэгдсэн ойлголцолд хүргэх гол индрийн нэг болох АСЕМ-ын энэ удаагийн хурлаар талууд харилцааны шинэ шинэ алхамуудыг эрэлхийлж амжихын хамт тал нутгийн нүүдэлчин монголчуудын бэсрэг наадмыг сонирхож, өв соёл, ёс заншилтай танилцаад авлаа. 

Монголчуудын олон зууны турш хадгалаж ирсэн агуу түүх, өв соёл уламжлал энэ удаа гадны зочид төлөөлөгчдөд хамгийн сонин содон үзүүлбэр байсан биз ээ.

Төрийн тусгай хамгаалалттай Богд уулын аманд баригдсан “АСЕМ Вилла” гэх дээд зэрэглэлийн байгууламж, түүний ойролцоо эхэлсэн бэсрэг наадмын гэрэл зургууд АСЕМ-ын хурал үргэлжилсэн хэд хоног цахим ертөнцийнхний анхаарлыг татсан юм.

Сийлбэртэй орд цагаан гэрүүд, хөсөг тэргэн дээр байрлуулсан нүүдлийн монгол гэр, зочдод үйлчлэх үндэсний хувцастай бүсгүйчүүд, хүлэг баатрууд, есөн хөлт цагаан туг, наадмын талбайг чимэн бүжих үндэсний бүжгийн чуулгынхан, тэдний цаана бэлчих таван хошуу мал, тэмээн жингийн цуваа, үхэр тэрэгний нүүдэл гээд энэ бүхэн монголчууд өөрсдөө ч бараг сүүлийн хагас зуун жилдээ олж үзээгүй өв соёлууд нэг дор цугларсан нь олны анхаарлыг татахаас аргагүй. Цахим ертөнцөөр энэ өдрүүдэд АСЕМ-д зориулсан бүхнээ ард түмэндээ хэд хоног үзүүлээч гэсэн санал цөөнгүй явж байлаа.

Ерөөс нэгтгэж цуглуулж, босгож бүтээсэн энэ бүгдээ, нүдний гэм болсон энэ үзүүлбэр, өв соёлыг ганцхан АСЕМ-д зориулаад “нууж” орхих биш бүртгэж, хураагаад жил бүр тэмдэглэдэг ардын наадмын гол чимэг болгон хэвшүүлбэл ямар вэ. Ийм уриалгыг “Өглөөний сонин”-ы зүгээс гаргаж байна. Үндэстэн өв соёлоороо, өвөг дээдсээрээ бахархах юутай сайхан.

Зураг