Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмын нээлтийн үеэрх СЭТГЭЛ ХӨДӨЛГӨСӨН ДОЛООН мөч

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 7 сарын 11
iKon.MN

"Энэ жилийн наадмын нээлт гайхалтай сайхан боллоо” хэмээн шагшрах олон төв цэнгэлдэх хүрээлэнг тойрно.

Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105, Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн наадмын нээлтийг Төрийн соёрхолт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулсан юм.

Ингээд наадмын нээлтийн сэтгэл хөдөлгөсөн мөчүүдээс дурдвал:

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ЕСӨН ХӨЛТ ТУГАА ТОЙРЧ ДЭВЛЭЭ
 

Зэс өнгөтэй дээл өмссөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж индэр дээрээс ард түмэндээ хандаж үг хэлсний дараа доош буун есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүллээ.

Ингэхдээ тэрбээр Монгол бөхийн дэвэлтээр дэвсэн нь наадамчин олныг баясгалаа.

Ерөнхийлөгчийг зэс өнгөтэй дээл өмссөн нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголчууд авсантай холбоотой хэмээн хэвлэлийнхэн таамаглаж байв.

Мөн тэрбээр найм дахь жилдээ наадмын нээлтийн үгийг хэлж байгаа учир найм давсан бөх шиг дэвсэн юм.

ҮЕ ҮЕИЙН ТҮҮХИЙГ ХАРУУЛСАН Ч АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ БАЙСАНГҮЙ
 

Наадмын нээлт Монголчуудын үе үеийн түүхийг харууллаа. Тоглолтоор харуулсан түүхийг үечилбэл:

  • Хүннү гүрэн байгуулагдсан үе /МЭӨ II зуун буюу/,  
  • Их Монгол улсын үе /1206/,
  • Олноо өргөгдсөн Монгол улсын үе /1911/
  • Ардын хувьсгалын үе /1921/
  • Монгол хүн сансарт ниссэн түүхэн цаг мөч /1981 оны Гуравдугаар сарын 22-нд/
  • Орчин үе /Хүүхдүүдийн үзүүлбэр/ байлаа.

Энэ нь бүх цаг үеийн түүхийг харуулсан бүрэн дүүрэн үзүүлбэр болж чадсан юм. Харин Ардчилсан хувьсгалын үе байсангүй.

ТЭМЭЭ УНАСАН ДУУЧИН БҮСГҮЙ

Өмнөх наадмуудаар ихэвчлэн эрэгтэй дуучин морьтой дуулдаг байлаа. Тэгвэл энэ жил МУГЖ дуучин Т.Ариунаа тэмээ унан гарч ирж “Хөх Монголын үр сад” дуугаа дууллаа.

Энэ нь Монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, сүр хүчийг илэрхийлсэн үзүүлбэр байсан бөгөөд үзсэн хүмүүсийн сэтгэл ихэд хөдөлсөн юм.

ТЭНГЭРТ ХӨӨРСӨН ПУУЖИН

Монгол хүн тэртээ 1981 онд Сансарт ниссэн түүхэн үйл явдлыг харуулсан үзүүлбэр олны сэтгэлийг хөдөлгөсөн юм. Ялангуяа СОЮЗ хөлгийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээс тэнгэрт хөөргөсөн нь наадмын нээлтийн хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа.

ДУУЧИН ЖАНЖИН

Энэ жил Ардын хувьсгалын үеийн түүхэн баатар, жанжин Д.Сүхбаатарын дүрд МУГЖ Г.Ариунбаатар тогложээ.

Тэрбээр хүлэг морины нуруун дээр “Магнаг үсэгтэй тугийг ээ. Магнай дээрээ мандуулсан юм аа хө” хэмээн дуулсан нь олны сэтгэлийг баясгалаа.

Гавъяатын хувцас, дүр өөрт нь сайхан зохисны дээр дэлхийн тайзнаа дуурсгасан хоолой нь наадамчдын чихийг мялаасан юм.

ӨХӨӨРДӨМ ХҮҮХДҮҮДИЙН ҮЗҮҮЛБЭР
 

Орчин үе, өсөж дэвжиж яваа Монгол улсын ирээдүйг төлөөлөх хүүхдүүдийн шар шүхэртэй үзүүлбэр олон хүний хайрыг татсан үйл явдал байв.

Хамгийн гол нь хүүхдүүд үзүүлбэрээ үнэхээр зэрэг, гүйцэтгэл сайтай хийж чадсан нь харагдаж байлаа.

МОНГОЛЫН ДАЛБААТ ШҮХЭРЧИД

Наадмын нээлтийн төгсгөлд ОБЕГ-ын аврах тусгай ангийн шүхэрчид Монголын далбаатай шүхрээр төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээнд буусан юм.