Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ цахим кассын системд үе шаттай шилжих ба Монгол Улсаас туршлага судална

С.Бадрал, iKon.mn
2016 оны 6 сарын 28
iKon.MN

Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ зургаадугаар сарын 22-24-нд болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн албаны дарга А.Ю.Бельяниновтой уулзаж Гааль, татварын цахим бүртгэлийн талаар мэдээлэл өгч санал солилцжээ.

 

Тухайн уулзалтаар Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн албаны дарга А. Ю. Бельянинов Монгол улсын Гааль, татварын албаны цахим технологийн хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд ирэх 10 сард Монгол улсын Гааль, татварын албаны даргыг Гааль, татварын мэдээллийн технологийн төвийн бүрэлдэхүүний хамт Москва хотноо хүрэлцэн ирж туршлага солилцохыг урьсан байна. 
Энэ нь Монгол Улсын мэдээллийн технологийн хөгжил олон улсын анхаарлын төвд орж байгааг дахин нотоллоо.

Мөн Оросын Холбооны Улс 2018 оны 7 дугаар сарын 1-нээр цахим кассын одоогийн хувилбарыг бүрэн шинэчилсэн байхаар төлөвлөж Төрийн Дум нь цахим кассын хяналтын төхөөрөмжид шилжих үе шатны тухай хуулийг баталжээ. 

Одоо шинээр бүртгэгдэж байгаа кассын хяналтын төхөөрөмжийг 2017 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн ашиглахаар, одоо хэрэглэгдэж байгаа кассын хяналтын төхөөрөмжийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөр шинэчилсэн байхаар төлөвлөсөн ба шинээр нэвтрүүлэх кассын хяналтын төхөөрөмжийг заавал авч хэрэглэхгүй байхаар зөвшөөрөгдөж байгаа аж ахуйн нэгжүүд мөн адил 2018 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх юм байна.

Монгол Улсын хувьд “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийг 2015 онд Улсын Их Хурлаар батлан 2016 оны 1 сараас энэ төрлийн цахим касс, бүртгэлийн системийг ашиглаж эхлээд байгаа билээ.

 

Эх сурвалж: Гааль татварын мэдээллийн технологийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газар