Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгэн жарныг элээсэн “Бахчисарайн оргилолт булаг”

Б.Батцэцэг, Өглөөний сонин
2016 оны 6 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Б.Асафьевын шилдэг бүтээлүүдийн нэг “Бахчисарайн оргилолт булаг” балетын түүхэн 60 жилийн хүндэтгэлийн тоглолт боллоо.

Гэгээн хайрын эмгэнэлт түүхийг өгүүлэх энэхүү балет нь 1956 оны зургаадугаар сарын 18-нд балетмейстер А.В.Хабеавагийн дэглэлтээр УДБЭТ-ын тайзнаа тавигдаад нэгэн жарныг өнгөрөөжээ. 

Польш бүсгүй Мария төрсөн өдрийнхөө баяр наадмыг тэмдэглэн шилтгээнд байна. Мария бүсгүйн гоо үзэсгэлэнд Вацлав дурлажээ. Харин Мария Вацлавын ухаалаг дөлгөөн занд нь сэтгэл татагддаг. Гэтэл Польшид Татарын цэргүүд дайран орж ирж, түүний дундаас догшин ширүүн хаан Гирей хайртай залуу Вацлавынх нь амыг хөнөөх бөгөөд гоо үзэсгэлэнт Мария бүсгүйг харан зогтусан дурладаг. Ингээд түүнийг олзлон аваад татвар хатнаа болгоно.

Гэвч Мариягийн дотор хайрт Вацлаваа гэх сэтгэл, эх орноо санах санагалзал бий. Тэргүүн татвар эм Зарема хайртай Гирейгээ харамлан Мария бүсгүйг үзэн ядахын зэрэгцээ Хаан Гирейн сэтгэл хувирсанд гомдоно. Хаан Гирей Мариягийн өрөөнд орж ирэн өөрийн сэтгэлийг илчлэхэд Мария түүнийг үл тооно. Ингээд хаан гарахдаа түүний өрөөнд малгайгаа мартчихжээ.

Марияг унтахаар хэвтэхэд Зарема хатан орж ирэн Гирейд хязгааргүй хайртайгаа хэлэх бөгөөд Мария Гирейд биш зөвхөн Вацлавыг үүрд хайрлах болно гэдгээ ойлгуулснаар Зарема тайвширдаг. Гэвч өрөөнөөс гарахдаа Гирей хааны малгай байгааг олж хараад хардаж уурсан Марияг хутгалан хөнөөнө. Хаан Гирей орж ирэн хайртай бүсгүйг нь хороосон Заремаг алах гэсэн боловч Зарема өөдөөс нь “Намайг ал” хэмээн зоригтой зогсоход зарц нар нь түүнийг авч явна. Гирей хаан үзэсгэлэнт Мариягийн цогцсын дэргэд сөгдөн сууж, уй гашууд автав. 

Хаан Гирей Заремаг цаазлахыг тушаана. Цэргийн дарга Нурали цэргүүдтэйгээ аян дайнаас эргэж ирж, олзны бүсгүйчүүдийг хаанд танилцуулна. Гэвч Гирей хаанд олзны эмэгтэйчүүд сонин биш байлаа.Тэр Марияг бодсоор байв. Заремаг цэргүүд барьж ирэн өндөр хаднааc түлхэн хөнөөнө. Бахчисарайн ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнд байх усан оргилуурыг Гирей хаан дурлалт бүсгүй Мариягийн дурсгалд зориулан байгуулсан бөгөөд усан оргилуурын дэргэд ирж бүсгүйн хойноос гашуудан уйлж сууна. 

Оргилуурыг гантиг чулуугаар хийлгэсэн нь заримдаа гантиг чулуу уйлж байгаа мэт харагддаг байжээ. Үүнтэй холбоотойгоор уг балетыг зарим газар “Нулимсан оргилуур” гэх бөгөөд Монголын тайзнаа “Бахчисарайн оргилох булаг” нэртэйгээр тавигдсан юм. Энэ бол хүний сэтгэлийн нарийн утсыг хөндсөн, амьдралын ээдрээ болон тухайн үеийн язгууртан хаад ноёдын хайр сэтгэл, нийгмийн байр суурийг илэрхийлсэн гайхалтай бүтээл юм.

Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” нь Монголд Европ урсгалыг оруулж ирсэн анхны балет бөгөөд Монголын сонгодог урлаг, тэр тусмаа балетын урлагт гайхамшигт хөгжим, тайзны чадварлаг драматизмыг оруулж ирснээрээ өвөрмөц үнэ цэнтэй бүтээл болж чаджээ.

60 жилийн өмнө тус бүжгийн жүжгийг тавих үед удирдагчаар Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулуун, ерөнхий зураачаар АЗ Л.Гаваа нар ажиллаж, гол дүрийг Ц.Томой, МУГЖ Н.Баатар, МУГЖ Ц.Дашдулам, МУГЗ Д.Булхүү, МУГЗ Б.Гүрбазар нар бүтээсэн юм. Уг балетын хийл хөгжмийн гоцлолыг МУГЗ Д.Цэрэндолгор, виолончель хөгжмийн гоцлолыг АЖ, ШТ, ГЖ Г.Жамъяан нар анх тоглож байжээ. 

Харин энэ сарын 25-нд тоглосон бүжгийн жүжгийн гол дүрд УДБЭТ-ын гоцлол бүжигчин МУГЖ Г.Цолмон, МУГЖ Ч.Ганчимэг, ОХУ-ын балетын бүжигчин, Япон улсын балетын сургуулийн балемейстер багш В.Г.Гусев нар тоглож, хийл хөгжмийн гоцлолыг СТА М.Ариунцэцэг, виолончель хөгжмийн гоцлолыг СТА Ц.Ариунаа нар хөгжимдсөн аж.

Мөн энэ өдөр ахмад бүжигчин МУГЖ Н.Баатар АЖ О.Ганбаатар, СТА Б.Энхээ, СТА А.Батдэлгэр нар тоглолтод оролцож үзэгчдэд хүндэтгэл үзүүлсэн. Харин 26-ны гол дүрээр УДБЭТ-ын гоцлол бүжигчин СТА Г.Батчимэг, Х.Мөнгөнхөлөг, А.Эрдэнэболд Б.Баасансүрэн нар тоглон, хийл хөгжмийн гоцлолыг МУГЖ Л.Мөнхцэцэг, виолончель хөгжмийн гоцлолыг С.Баяртуяа нар хөгжимджээ.


УДБЭТ-ын дарга Ч.Мөнхзул: Гирей хаан бол монголчуудын үр сад

-“Бахчирсарайн оргилолт булаг” бусад бүжгийн жүжгээс юугаараа ялгаатай вэ?

-Энэ бүтээл өөрөө онцлог юм. “Бахчирсарайн оргилолт булаг” балетыг Монголд тавьж байхад яг мэргэжлийн каскин дээр буюу хуруун дээр гарч бүжиглэдэг бүжигчин байсангүй. Тиймээс өнөө үеийн ахмадууд маань 60 жилийн өмнө Монгол улсад мэргэжлийн балетыг үүсгэн хөгжүүлэхээр шийдээд, хэзээ ч байгаагүй их зориг зүрх, хичээл зүтгэлтэйгээр анх хуруун дээрээ гарч байсан. 

Мөн “Бахчисарайн оргилолт булаг” анх удаа тавигдсан мэргэжлийн бүрэн хэмжээний балет гэдгээрээ утга учиртай. Түүхийн улбаа хөөж үзэхийн бол Монголын түүхтэй ч холбоотой. Өөрөөр хэлбэл энэ бүтээлийн гол дүрд гардаг Гремийн хаант улсын хаан Гирей бол монголчуудын үр сад шүү дээ.

Монголчуудын бага хаадын үр сад Греймийг эзэлж байгуулж байх үед байсан хаадын үр хойч гэхээр манай дорнын түүхтэй холбоотой. Хөгжмийн хувьд ч маш өвөрмөц. “Бахчисарайн оргилолт булаг” нь балет драм буюу балет жүжиг. Өөрөөр хэлбэл энэ дээр гол дүрүүдээс ямар их жүжигчний уран чадвар шаарддаг вэ гэдэг нь гайхалтай.

-Хүний дотоод сэтгэлийг илүүтэй харуулдаг юм билээ?

-Яг зөв. Яагаад гэвэл Гирей хааны хайр, харамсал, зэвүүцэл нэгэн дор, нэгэн цаг мөчид гарч байгаа, дурласан хүнийг нь өөрийнх нь хамгийн их хайрладаг байсан бүсгүй хөнөөсөн зэрэг нь сэтгэл санааны зөрчилдөөн үүсгэж байгааг харуулсан. Иймд жүжигчний онцгой авьяасыг шаарддаг, гайхалтай бүтээл юм.

-Энэ бүжгийн жүжиг 60 жилийн хугацаанд нийт хэдэн удаа тоглосон бол?

-Гурван удаа тавилтаа өөрчилсөн. Хамгийн анхных нь 1956 оных. Дараа нь шинэчлээд гуравдугаар үзэгдэл буюу каскитай хэсгийг нэмсэн нь 1962. Тэгээд 1976 онд хувцас хэрэглэл, бүх зүйлийнх нь тавилтыг сэргээсэн. Одоогоор 200 гаруй удаа тоглож байна.

-60 жил гэдэг чамгүй урт хугацаа шүү дээ. Энэ бүх хугацаанд мартагдалгүй, бүхий л үед үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл байж чаддаг нь гайхалтай юм?

-Тийм шүү. Энэ бүжгийн жүжиг нь театрын тайзнаа тавигдаад 60 жил гаруй болж байгаа нь уг бүтээл өөрөө хүний сэтгэлд хүрдэг, тайзнаа амьдарч чаддаг, уран бүтээлчдийг хөглөж хөгжүүлж чаддаг, бас үзэгчдэд таалагддагийн баталгаа юм. 

“Бахчисарайн оргилолт булаг”-ын Мария, ахмад балетчин Ю.Цэрмаа: Хүүхэд байхаасаа энэ дүрийг бүтээх юмсан гэж боддог байсан

-Та нийт хэчнээн жил бүжиглэж байна вэ?

-Театрт насаараа ажилласан. Энэ хугацаанд 1962 оноос хойш 1984, 1985 он хүртэл театрын бүжгийн жүжгийн бүх гол дүрийг бүтээж байсан.

Миний хамгийн анхны дүр бол “Хошуу наадам” гэдэг бүжгийн жүжиг юм. Харин энэхүү “Бахчисарайн оргилолт булаг” балетад манай СТА Б.Энхээ анхны Мариягийн дүрд, хоёр дахь Мариягийн дүрийг би бүтээж байлаа.

-Мариягийн дүрийнхээ талаар дэлгэрэнгүй яриач?

-Мария бол сэтгэлийн гүн ухаантай, дээдсийн хүрээлэнгийн хүмүүжилтэй сайхан дүр л дээ. Ширүүн омголон хаан Гирейн мэдэлд очсоноос хойш тэр бүсгүйн амьдрал маш их өөрчлөгддөг. Сүүлдээ Заремад хороогдоод л дуусдаг. 

1962 оноос хойш 1984, 1985 он хүртэл театрын бүжгийн жүжгийн бүх гол дүрийг бүтээж байсан. 

Гэхдээ үнэхээр сайхан дүр. Би энэ дүрдээ их дуртай. ЗХУ-ын Г.С.Уланова гэдэг мундаг балетчин Мариягийн дүрийг анх бүтээж байхыг үзээд үүнээс өөр гоё дүр байхгүй байх гэж боддог байсан. Тэгээд надад оногдсонд их л баярлаж билээ.

-Тайзан дээр гараад тоглож байхад тань юу мэдрэгддэг вэ?

-Тоглож байх үедээ дүрдээ орчихдог. Ямар ч балет байсан дүр бол хүнийг тэр чигт нь оруулж өгдөг зүйл юм. 

-Тэр үеийн та бүгдийг хүлээж авч байсан үзэгчид, өнөө үеийн үзэгчид хоёрын ялгаа хэр байна?

-Тэр үеийн үзэгчид бас сайхан байсан. Манай балетыг их ч үздэг байлаа. Мөн хөдөө орон нутгийн театраар тоглодог байсан. Хөдөөний иргэд маань их сайн ойлгодог. Тухайн үед сонгодог урлагийг улсаас их дэмждэг байжээ. 

УДБЭТ-ын гоцлол бүжигчин, МУГЖ Г.Цолмон: Ээжтэйгээ хамт энэ дүрийг бүтээж байгаадаа баяртай байна

-“Бахчисарайн оргилолт булаг” жүжигт хэчнээн жил бүжиглэж байв?

-Энэ жүжигт 19 дэх жилдээ Мариягийн дүрийг бүтээж байна. Хамгийн гоё нь ээж маань олон жилийн өмнө энэ дүрийг бүтээж байсан. Харин одоо энэ дүрийг ээжтэйгээ хамтран бүтээх гэж байна. Аав маань ч Нурале гээд татарын хахир хатуу цэргийн жанжны дүрийг бүтээж байсан. 

-Ээж тань тэртээх 60 жилийн өмнөх энэ дүрийг бүтээж байсан. Ээжтэйгээ хамтран бүтээнэ гэхээр сэтгэгдэл хэр байна. Өмнө нь ер нь хамтран бүжиглэж байв уу?

-50 жилийн ой дээр хамтдаа бүжиглэж байлаа. Одоо хоёр дахь удаагаа 10 жилийн дараа дахин хамтдаа бүжиглэх гэж байна. 

-Таны дүрийн бусад дүрээс ялгагдах онцлог юу вэ?

-Энэ балет нь дан ганц бүжиглээд байхгүй, маш их драмтай. Бүжгийн жүжгийн 50 хувь нь жүжиглэлт байдаг. Миний дүр эмэгтэй хүний мөн чанарыг харуулж өгдгөөрөө онцлогтой.

Зураг