Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдоган Путинаас уучлал гуйж түншлэлээ сэргээхийг хүслээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Оросын байлдааны онгоцыг Сири-Туркийн хил дээр буудаж унагасан явдалдаа уучлал гуйсан захидлыг Туркийн ерөнхийлөгч Рэжеп Тайип Эрдоган ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд ирүүлснийг өчигдөр Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Эрдоган бас Москватай харилцаагаа сэргээхэд бэлэн байгаагаа захидалд илэрхийлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Туркийн төрийн тэргүүн амиа алдсан Оросын нисгэгчийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлсэн” гэсэн байна.

Эрдоган Оросыг Анкарагийн “найз нөхөр, стратегийн түнш” хэмээн нэрлэж Оросын байлдааны онгоцыг сөнөөх зорилго анхнаасаа байгаагүй гэдгээ илэрхийлжээ.

Эрдоган бас Оросын нисгэгчийн шарилыг Сирийн босогчдоос салган Туркэд авчран Оросын талд хүлээлгэж өгөхөд багагүй хүчин чармайлт гаргаснаа дурдаад нисгэгчийн гэр бүлийн сэтгэл санааны хохирлыг барагдуулахад чадах бүхнээ хийхэд бэлэн байгаагаа бичсэн байна.

Туркийн тал нисгэгчийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болжээ.

Үүнээс гадна бүс нутагт тулгараад байгаа аюулгүй байдлын асуудлууд, терроризмтэй тэмцэхэд Москватай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн унагасан байлдааны онгоцонд Анкара нөхөн төлбөр төлөхөд бэлэн гэжээ.

2015 оны 11 дүгээр сарын 24-нд Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг Сирийн нутагт байлдааны ажиллагаа гүйцэтгэж явах үед нь Туркийн агаарын хүчин буудаж унагасан юм.

Онгоц Туркийн хилийг зөрчсөн эсэх дээр Орос, Туркийн талууд маргалдаж хоёр улсын эдийн засаг, улс төрийн харилцаа уналтын байдалд хүрээд байв.

 

Эх сурвалж: Russia Today