Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Том дайралт

О.Наранхүү, Өглөөний сонин
2016 оны 6 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn /2016 он/

Сонгуулийн сурталчилгаа өчигдрөөр дуусгавар боллоо. 18 хоногийн турш энэ удаагийн нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн чамгүй сайн мэдэж авсан болов уу гэмээр "хар”, “цагаан”, элдэв өнгөт сурталчилгаа Монголоор дүүрэн эрээлжиллээ. Үр дүнд нь улс төрийн хүчнүүдийн харьцаа, байрлалд хэрхэн өөрчлөлт гарахыг бид удахгүй харах болно.

Өмнөх сонгуулиудыг бодвол сурталчилгааны цөм олны таамаглаж байсан шиг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр биш гудамжинд самбар, ухуулга байдлаар болон сошиал ертөнцөд элдэв бичлэг тарааж өрнөсөнтэй санал зөрөх хүн ховор биз ээ.

Эхний өдрүүдэд илт даруухан, биесээ ажигласан, тандсан, өөрийн нам, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг танилцуулах, ухуулах шинжтэй байсан сурталчилгаа хугацааныхаа талдаа ормогц огцом өөрчлөгдөж борооны дараах мөөг мэт элдэв бичлэгүүд цацагдаж, өрсөлдөгчдийнхөө эсрэг дайрсан хэв шинжиндээ шулуухан орсныг бид хангалттай харж, шэйрлэж, коммент бичиж лайк дарцгаав.

2012 оны сонгуулиас эрс ялгарч байгаа энэ үзэгдлийг мөнөөх л технологийн үсрэлт, хүмүүсийн амьдралын хэв маягт хүчтэй шингэж орсон цахим хэрэгслүүдтэй холбож тайлбарлаж болно.

Ер нь ганц Монголд гэлтгүй хаа сайгүй л сонгуулийн технологи, тархи угаах манипуляци нь сошиал орчинд, орчин үеийн технологийн ололт дэвшилтэд тулгуурлаж явагддаг болжээ.

Гадны судлаачид энэ жишээг бүр 2011 оны Францын Сенатын танхимын 348 суудал, 2012 онд болсон Үндэсний ассамблейн 577 суудлын төлөөх өрсөлдөөнөөс илт ажиглагдаж эхэлсэн гэж үздэг.

Францын нэр дэвшигчид болон тэдгээрийн дэмжигчид сошиал сүлжээг түлхүү ашиглаж гар утсан дээрээ бичиж авсан сайн, муу янз бүрийн үр дүн үзүүлэх бичлэгүүдийг үй зайгүй постлож байсан нь сонгогчдод ихээхэн нөлөөлсөн байдаг.

Үүнээс хойш дэлхийн олон оронд, олон ч сонгуульд хүмүүсийн амьдралын хэрэглээнд гүнзгий шингэсэн ухаалаг гар утас, сошиал сүлжээ хэмээгч нь улс төрийн сонголтод нэвтэрч, нөлөө үзүүлж эхэлсэн байна. Энэ нь ч аргагүй. Ихэнх нэр дэвшигчид сонгогчидтойгоо урт хугацааны (дөрвөн жилийн) коммуникаци буюу харилцаа холбоо тогтоож ирээгүйгээс шалтгаалан сонгуулийн сурталчилгааны үеэр л олон нийтэд хандаж өөрийн давуу тал, мөрийн хөтөлбөрөө тайлагнах нь бий.

Гэтэл хүмүүс тэрхүү “ховор хүн”-ий ярьсан ярианаас (аливаа дүрс бичлэгийг өдөр бүр л утсаараа хийж, зураг авч байдаг тул) сонгуулийн үеэр цацагдсан бичлэгүүдийг илүү үнэмшилтэй, бодит мэт санаж хүлээн авдаг болохыг сүүлийн үеийн судалгаануудад хангалттай дурдсан байдаг.

Гар утасны санах ойгоор дүүрэн байдаг ойр дотнохныхоо бодит бичлэгүүдтэй адил итгэж, үнэмшиж хүлээж авах нь олонтоо гэнэ. Нийгэмд өрнөж буй хувьслыг дагаад хууль бус зүйл үргэлж л явдаг хойно нэр дэвшигчдийг элдвээр гүтгэж, нэр хүндийг нь унагах гэсэн мэргэжлийн графикийн хуурамч бичлэг, эвлүүлэг ч дагаад олширно.

Яг л олон улсад явагдаж байгаа үл анзаарагдам ийм өөрчлөлт Монголд ч гэсэн бий болсныг бид хангалттай харж, ярьж байна. Сонгуулийн гол өрсөлдөөнийг үзүүлж байгаа AH, МАН, бусад нам хүчнүүд, бие даагчид гээд энэ удаагийн сонгуулийн ихэнх оролцогчид ямарваа нэгэн бичлэг дэлгэж сонгогчдыг алмайруулж байгаа. Тэгэхээр үүнд гайхаад байх явдалгүй бололтой.

Хамгийн гол нь улс төрийн сонголтод шударга бусаар нөлөө үзүүлэх гэсэн, элдэв янзын хуурамч бичлэг, эвлүүлгээс бүрдсэн хууралтуудад автахгүй байх нь л сонгогчдын хийх ажил болж хувирчхаад байна.

 Иргэд ч баргийн эвлүүлэгт автаад байхааргүй улстөрчдөө итгэж, найддаг болно.

Яг ийм дүгнэлтийг Лондоны их сургуулийн социологийн хүрээлэнгээс жил гаруйхны өмнө гаргаж байжээ.

Учир юун гэвээс ойрын жилүүдэд дэлхийн улс орнууд эрүүл ухаан, бодлогын сонголтыг тархи угаалт руу чирж одох эрсдэлээс сэргийлэхийн тулд, сонгогчдод дархлаа тогтоох зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд хүчтэй ажиллуулж эхлэх нь гарцаагүй боллоо хэмээн тэр дүгнэлтэд дурджээ.

Ингэснээр сошиал сүлжээ, ухаалаг хэрэгслүүд ашиглан тараах зорилготой өндөр мэргэжилтнүүдийн бэлтгэсэн хууль бус гэрэл зураг, дүрс бичлэгүүд, мессежнүүдээс иргэдийнхээ сонголтыг төрөөс хамгаалах гэнэ.

Үүний зэрэгцээ манайтай адил төрийн байгуулалт бүхий барууны орнуудын улстөрчид урт хугацааны коммуникацитай байхыг илүүд үзэх болжээ. Манай хөрсөн дээр буулгаж үзвээс хийсэн бүтээсэн арвин их ажлаар тойргоо сайн тордож, иргэдтэйгээ ойр байсан улстөрчид хуурамч эвлүүлгээс айх шаардлагагүй. Иргэд ч баргийн эвлүүлэгт автаад байхааргүй улстөрчдөө итгэж, найддаг болно.

Ямартай ч улс орнууд ойрын жилүүдэд иргэдийнхээ сонголтыг орчин үеийн амьдралын хэв маяг, технологийн дайралтаас хамгаалах томоохон асуудалтай нүүр тулгарах бололтой. Энэ нь өдөр ирэх тусам дэлхий дахинтай даяарчлагдаж, хөл нийлүүлэн алхаж байгаа манай улсад ч гэсэн хамаатай гэдгийг монголчууд сайн мэдэж авав.

Зураг