Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чулуудай: Гэр хорооллын дахин төлөвлөлт, сайн хашаа төслийг зогсоох гэж улайрч байна

ikon.mn
2016 оны 6 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Б.Чулуудай. 36 настай. Гадаадад суралцаж ирээд бизнес эрхэлсэн. “Шатсан”. Байдаг л зүйл. Хэрвээ тэр Э.Бат-Үүлийн хүү бишсэн бол түүний асуудал хэнд ч сонин биш. Мөн Б.Чулуудай аль ч шатны сонгуульд нэр дэвшээгүй. Гэхдээ сонгуулийн гол сэдэв болоод байгаа билээ. Тиймээс сонгуулийн “сенсаац” болсон түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Тантай уулзсаных энэ бүх асуудлыг эхнээс нь яриулмаар байна. Анх яагаад гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцохоор болсон. Тэр үед та ямар ажил эрхэлдэг байсан гээд. Хүмүүс ерөнхий ойлголттой л болохоос нарийн юмыг нь мэддэггүй шүү дээ. 

-Намайг “Сонор” гэдэг дуу бичлэгийн студи ажиллуулдаг байсныг хүмүүс мэднэ. Үүний дараа Сингапурт очиж суралцсан.

-Хэдэн онд, Сингапурт ямар чиглэлээр сурсан бэ?

-2008-2009 оны үед. Хөрөнгө оруулалтын чиглэлээр сурсан. Буцаж ирээд Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллаж эхэлсэн. Олон ч гаднын  компани, иргэнтэй холбоо тогтоосон. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа хийсэн. Уул уурхай, хайгуулын төсөлтэй компанид гаднын хөрөнгө оруулагчийг зуучлах зэргээр ажилласан. 

-Гэр хорооллын дахин төлөвлөлттэй яаж холбогдов?

-Бид тэр үед барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байсан. Тиймээс багагүй туршлага хуримтлуулсан. Тэгээд “Зун Шин”, “Сайрам Булган” гэдэг хоёр компанитай нийлж консерциум болж гэр хорооллын дахин төлөвлөлтийн шалгаруулалтад оролцсон. 

Шалгаруулалт, гэрээ хийх гээд бүх процесс иргэдийн нүдэнд ил явагдсан. Үнэнийг хэлэхэд тэр үед гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжих компани одоогийнх шиг олон байгаагүй. Яагаад гэвэл тэд гэр хорооллынхонтой учраа ололцохоос айж байсан. Харин би аавынхаа хийж байгаа бүтээн байгуулалтыг дэмжье гэсэн чин сэтгэлээр оролцсон. Тэр үед “Грандлайн” компани тухайн айлуудтай 0.07 га газрыг 120 ам.метр талбайтай байраар солино. Дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийг үнэлж мөнгөн дүнд тохируулан талбай нэмж өгнө.

Худалдааны төвд таван ам.метр талбайг айл бүрт үнэгүй өгнө гэсэн гэрээ хийсэн. Ажилгүйдэл их байсан учраас тухайн хорооны иргэдийг барилгадаа ажиллуулаач гэсэн хүсэлт ирсэн. Бид ч хамтарч ажиллахад бэлэн байсан. Иргэд ч маш сайхан хүлээн авч гэрээгээ богино хугацаанд хийж чадсан. 

-Барилга барих байршил нь яг хаана юм бэ?

-Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, "Жанжин" клуб орчмын 15.4 га газарт 228 айл байсан. Үүнээс эхний ээлжид 18 айлын газрыг чөлөөлж орон сууц барихаар төлөвлөсөн. Гэтэл тэндээс хорт бодис илэрч давагдашгүй хүчин зүйл гарч ирсэн. Тиймээс дахин 22 айлыг нүүлгэж барилгын сууриа эхлүүлсэн.  Мөн “Зун Шин”, “Сайрам Булган” хоёр компани маань хамтарч ажиллах боломжгүй гээд төслөөс гарсан.

-Яагаад гарсан юм бол?

-Ний нуугүй хэлэхэд улс төрөөс болсон байх. Тэд бизнесийн байгууллага учраас улс төртэй хутгалдмааргүй байна гэсэн. “Чамтай ажиллахад маш их дарамт ирж байна. Энэ нь улс төрийн шинжтэй байна” гэдгийг тэр үед надад хэлж байсан. Бид ажлаа хурдан шуурхай, чанартай хийхийг урьтал болгож дангаараа төслөө үргэлжлүүлсэн. Үнэндээ ийм хүчтэй улстөржүүлнэ  гэж би ч төсөөлөөгүй. 

-Таныг тэр үед таван тэрбум төгрөг өөрийнхөө компанид шилжүүлж авсан гээд байгаа. 

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журамд дэд бүтэц татах гээд бүх зүйлийг өөрсдөө хийнэ гэсэн заалт бий. Гэвч манай компани гадна талын шугам сүлжээг хийх эрхгүй учраас өөр компаниар гүйцэтгүүлэхээр тусгай зөвшөөрөлтэй компани шалгаруулж гэрээ хийсэн.

Анхнаасаа манай компанийн данс ил байсан. Надад нууж хаах зүйл огт байхгүй. 

Тэдний гүйцэтгэсэн ажлын хөлсийг гэрээний дагуу  гүйцэтгэгч компанид шилжүүлсэн. Бид захиалагчийн дагуу хяналтаа тавьсан. Дээр нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар гээд мэргэжлийн байгууллагууд нь хянаж явсан. Тэр яригдаад байгаа хөрөнгө хаашаа ч алга болоогүй. Одоо "Жанжин" клуб орчимд дэд бүтэц болоод үлдчихсэн мөнгө байхгүй юу. Анхнаасаа манай компанийн данс ил байсан. Надад нууж хаах зүйл огт байхгүй. 

-Туркийн компанитай яаж холбогдсон бэ?

-Бизнест эрсдлээ тооцох ёстой. Тиймээс гадаад, дотоодын олон компанитай ярьсан. Энэ дундаас “216 Япи үрэти” гэдэг компанитай ажиллахаар тохирсон юм. Тэд хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа илэрхийлж Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу гэрээ хэлэлцээр байгуулж би компанийнхаа 50 хувийн хувьцаагаа тэдэнд шилжүүлсэн. Ажлаа эхлээд л Туркийн компани гэрээгээ зөрчиж эхэлсэн. 

-Яаж зөрчсөн гэж?

-Гэрээнд хоёр тал бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ гэж цагаан дээр хараар бичсэн байгаа. Гэтэл тэд чанартай чанаргүй, ямар үнэтэйг нь ч мэдэхгүй бараа шахах гэж оролдож эхэлсэн. Түүнийг нь хөрөнгө оруулалт гэхэд хэцүү шүү дээ. Тиймээс гэрээний заалтыг зөрчиж байна гэдэг шаардлагаа би тавьсан.

-Барилгын материал өгсөн юм биш үү? 

-Тэд барилга барихад ашигладаг хэв, хашмалыг өндөр үнээр шахах гэж оролдсон. Тэрийгээ 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт гэж зүтгэсэн. Тэгээд үүнийг хүлээн зөвшөөр, үгүй бол бид байршуулах ёстой мөнгө хөрөнгөө байршуулахгүй гэсэн.  Э.Бат-Үүлийн хүү болохоор л асуудлыг дэвэргээд байгаа.

-Арбитрын шийдвэр таны талд гарсан уу?

-Тийм. Шүүхийн шийдвэрээр гэрээг цуцалж, туркуудад миний хувийг буцаан олгох шийдвэр гарсан. Тэдний бодитоор оруулсан хөрөнгийг "Грайндлайн" компаниар төлүүлэхээр болсон.  Гэтэл туркууд дахин гомдол гаргаж, тал мөнгөө нэмж нэхэмжилсэн. Түүнийг нь Арбитрийн шүүх хүлээгээд авчихсан өнөөдрийг хүртэл шийдээгүй байна.

-Гэтэл таныг Бат-Үүлийн хүү болохоор хууль үйлчлэхгүй байгаа гэж яриад байгаа шүү дээ. 

-Шүүхийн процесс л үргэлжилж байгаа. Ер нь намайг ашиглан аав руу маань дайрсан гүжир гүтгэлэг хэрээс хэтэрлээ. 

-Туркуудыг хулхидсан, хохироосон гээд байгаа нь хэв хашмалын 1.3 сая долларыг хэлээд байгаа юм уу? 

-Тийм. Бидэнд шахах гэж оролдсон хуучин муу барилгын хэв хашмалыг л хэлээд байгаа юм. Гэхдээ би түүнээс нь ганц ширхэг эрэг боолт ч аваагүй гэдгээ дээр хэлсэн. 

-Одоо тэр газарт барилга барьсан уу?

-Хоёр суурь цутгасан. Дэд бүтцийн шугамыг татаж, оффисын барилга барьж дууссан. Гэхдээ хэл ам дийлдэхээ больсон болохоор төслөөс би гарах нь зөв юм байна гэж үзсэн. Тэгээд “Бэрэн” группт эрхээ шилжүүлээд төслөөс гарсан. 

-Хэл ам гэснээс Г.Ганбаяр гэгч тантай холбоотой мэдээлэл цацаж эхэллээ. Тэр хүнтэй та ямар холбоотой юм бэ? 

-Туркуудтэй намайг анх танилцуулсан хүн бол Гөлгөөгийн Ганбаяр. Орчуулагч хийж Турк руу дагуулж явж туркууд орж ирсэн нь үнэн.  Тухайн үед хамтарч ажиллаад болж бүтээд л байх шиг санагдсан. Гэтэл луйвар хийгээд байсан байна лээ. Ганбаяр 2008-2012 онд нийслэлийн ИХТ-д МАН-аас сонгогдож байсан МАН-ын хүн.

-Та түүнийг 45 хоног шоронд хориулсан юм биш үү? 

-Г.Ганбаяр эхнэртэйгээ нийлж манай компанийн гэр хорооллын дахин төлөвлөлтөөр барих орон сууцанд оруулна гээд иргэдээс онц их хэмжээний мөнгө залилж авсан байсан. Мөнгөө залилуулсан иргэд Чингэлтэй дүүргийн цагдаад Ганбаярын талаар гомдол гаргасан юм билээ. Иргэдийн гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагаас намайг дуудаж байцаалт авсан. Миний нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр би давхар гомдол гаргасан юм. Тэгээд залилангийн хэрэгт 45 хоног суусан юм шиг байна лээ.

Надруу эхнэр нь утсаар залгаж гуйсан. “Нөхрөө шоронд суулгамааргүй байна. Туслаач. Би жирэмсэн, миний бие муу байна. Гомдлоо татаач” гэж гуйсан. Настай ээж нь ч уйлаад гуйсан. Би тэднийг өрөвдөж, хүсэлтийг нь хүлээн авч гомдлоо  татсан. Түүнээс хойш Ганбаяртай уулзаагүй. Гэтэл Ганбаяр өөрийгөө хэлмэгдсэн мэтээр намайг гүтгэж МАН-ын захиалгаар миний эсрэг ажиллаж эхэлсэн. Өрөвдөхөөр өр өшиглөнө гэдэг л энэ байх. Хүний санаанд оромгүй юм хийдэг “бууны нохой” байжээ.    

-Миний хувьд энэ нь хувь хүмүүсийн дунд, бизнест гардаг л харилцаа юм шиг санагдлаа. Та Бат-Үүлийн хүү болохоор л асуудлыг дэвэргээд байдаг  юм биш үү?

-Ерөөсөө л Бат-Үүл гэдэг хүний нэр хүндийг гутаах зорилготой. Зөвхөн үүний төлөө өөрөөр хэлбэл улс төрийн зорилгоор  миний хийж байгаа бүх үйлдлийг гуйвуулан гүтгэж байна. Миний хувьд маш их гомдолтой байгаа.  

-Та хэдэн настай юм бэ?

-Би 36 настай, гурван хүүхдийн эцэг хүн.  Уг нь миний аж амьдрал тусдаа шүү дээ.

-Гэхдээ та Э.Бат-Үүлийн сул тал нь болчихоод байна?

-Тийм. Намайг нийгэмд луйварчин, залилан хийсэн гэж ойлгуулах гэж хичээж байна. Уг нь надад байгаа баримтаар бол бүх зүйл тодорхой. 

-Та энэ бүхнээс болж эдийн засгийн хувьд хохирол амссан уу. Бизнест цаг хугацаа, хурд чухал шүү дээ.

-Маш их хохирсон. Банкны хүү, торгууль, газраа чөлөөлсөн айлын түрээсийг төлөх гэж байр орон сууц, ах дүү нарынхаа байрыг хүртэл барьцаанд тавьсан. Айлуудаа нүүлгэх, газар чөлөөлөх гээд тэр газарт 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн байсан. Одоо ч миний өр барагдаагүй байгаа. Надаас өөр аавын тухай муугаар ярих юм олдохгүй

-Одоо таныг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр авсан мөнгөө оффшортоо хийчихсэн гэж ярьж байгаа. 

-Монголд хөрөнгө оруулагч татахын тулд гаднын олон компанитай ажиллаж байсан. Үнэн гэхдээ би хууль зөрчөөгүй. Оффшор данс нээгээгүй гэдгээ албан ёсоор хэлье. Үүнийгээ ч би удаа дараа нотлох баримтаар харуулж байгаа. Миний талаар худал гүжир гүтгэлэг хийж байгаа МАН-ын гар хол болсон “Монгол” HD  телевиз болон бусад нөхдийг хуулийн байгууллагаар шалгуулна.  

-Одоо та яая гэж бодож байна?

-Арбитрынхаа асуудлыг шийднэ.  

-Газраа чөлөөлсөн айлууд яасан бэ? 

-Газраа чөлөөлсөн нийт 40 айл байгаа. Тэдний 18 нь “Бэрэн”-гийн барьсан "Хангай" хотхонд 150 хүртэл м.кв  25 байр авсан гэсэн. Энэ бол бодит хөрөнгө шүү дээ. Үлдсэн айлуудын түрээсийн төлбөрийг төлөөд заримтай нь байранд оруулах талаар хэлэлцэж байгаа юм билээ. 

Оффшор данс нээгээгүй гэдгээ албан ёсоор хэлье. 

“Бэрэн” групп нь Монголдоо барилгын чиглэлээр тэргүүлэх хэмжээнд хүрсэн том бүтээн байгуулалтыг хийж чадсан. Тэр дундаа гэр хороололд барилга барьж байгаа хамгийн том компани учраас “Түмэн амгалан” хорооллын төслийг тэдэнд итгэж хүлээлгэж өгсөн. Удахгүй “Түмэн амгалан” хороолол босох байх. Үүнд  л би найдаж хүлээж байна. 

-Хэрвээ Э.Бат-Үүл сонгуульд ялагдчихвал, хотын дарга байхаа больчихвол таны асуудал хэнд ч сонирхолтой биш болох юм байна. Тийм үү?

-Яг үнэндээ бол тийм.  Аж ахуйн нэгж, компанийн хоорондын маргаан шүү дээ. Аавыг маань унагахын тулд л намайг ашиглаж байгаа юм. Би аавынхаа хийж байгаа үйл хэргийг агуу гэж хэлнэ. Гүйцэтгэж байгаа төслийн удирдах хорооны менежер Д.Баттулга гэдэг хүнийг супер менежер юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд харлаа. Гэр хорооллыг дахин төлөвлөх гэдэг амар ажил биш. Өнөөдрийн байдлаар 4000 гаруй айл орон сууцанд орсон гэж сонссон. Удахгүй 40 мянга болно гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Ийм олон айлыг үл хөдлөх хөрөнгөтэй болгож чадлаа шүү дээ. Аав маань ялагдвал гэр хорооллынхон дахиад л хаягдана. Тэднийг хэн ч тоодоггүй л байсан шүү дээ. 

Гэр хорооллыг орон сууцжуулах амар байгаагүй. Цаашдаа ч амархан байхгүй байх. Гэхдээ дахин төлөвлөлтийн төлөө ханцуй шамлан зүтгэж байгаа нийслэлийн  удирдлагууд болон АН-аас нэр дэвшиж байгаа бүх иргэдийн төлөөлөгч нарыг дэмжээрэй. Тэгж байж энэ ажил цааш улам өрнөх болно. “Сайн хашаа” хөтөлбөрийн үр дүнд гэр хорооллын газар улам үнэд орно. Таны хөрөнгө үнэтэй болсноор  амьдралын баталгаа тань улам нэмэгдэнэ гэдгийг ойлгоорой.

-Та аавдаа дарамт болж байгаа юу?

-Маш том дарамт болж байгаа. Би байгаагүй бол аавын тухай муугаар ярих юм даанч байхгүй. Тийм болохоор л надруу дайраад байгаа юм. Тэд гэр хорооллын дахин төлөвлөлт, "Сайн хашаа" хөтөлбөрийг зогсоох гэж, газрынхаа мафийг үргэлжлүүлэхийн тулд л аав руу минь дайрч түүндээ намайг ашиглаж байгаа юм шүү дээ. 

-Нэр хүндээ сэргээхийн тулд хууль хяналтын байгууллагад хандах уу? 

-Шүүхэд өгөхийг  өгөөд, цагдаад өгөхийг нь өгөөд л явж байна. Тэд гүтгэн гүжирдэж байгааг нь нотлох бүх баримт надад байгаа. Гэхдээ энэ бүхэн цаг хугацаатай учраас сонгуулийн наана батлах боломж алга даа. 


Ярилцсан М.Алтанцэцэг

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.