Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын өдрүүдэд борооших тул ҮЕР УСНЫ АЮУЛААС болгоомжил

ikon.mn
2016 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын хоногуудад төв, зүүн зүгийн нутгаар бороошиж, ялангуяа 29-нд бороо үргэлжлэн ахиу хэмжээтэй орох, зарим үед ширүүн аадар орох төлөвтэй байна.

Түүнчлэн зургаадугаар сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-28-нд Төвийн аймгуудын зарим нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 27-29-нд зүүн аймгуудын нутгаар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэхээр байна.

Иймд ард иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Мөн орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд нэмэгдэж байгааг анхаарна уу.

Үертэй голуудын мэдээлэл /зургаадугаар сарын 27-ны байдлаар/
 

2016 оны зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  
Зургаадугаар сарын 28, 30, долоодугаар сарын 01-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 29, 30-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр дулаарна.

 

Эх сурвалж: ОБЕГ, ЦУОШГ