Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Зуны гурван сар эцэг эхчүүд та бүхний хүүхэддээ хамгийн их анхаарал хандуулах үе шүү"

Г.Номин, iKon.mn
2016 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Улирлын чанартайгаар нэмэгддэг гэмт хэргүүдийн талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын УСОНХХ-ийн ХМХ хариуцсан мэргэжилтэн Б.Саруултуяатай ярилцлаа.

- Урин дулааны цагт зарим төрлийн гэмт хэрэг нэмэгддэг энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Улаанбаатар хотын хэмжээнд нийт үйлдэгдэж буй гэмт хэргийн зонхилох хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж, тэр дундаа орон байр, машин, машины эд ангиуд хулгайд алдагдах нь цөөнгүй байна.

Энэ оны нэгдүгээр сараас хойш нийт 119 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдаж, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс 106 тээврийн хэрэгслийг олж тогтоон, холбогдох гэмт хэрэгтнийг илрүүлээд байна. Энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх нь буюу 55.5 хувь нь унаж сэлгүүцэх зорилготой хулгайлсан байхад 29.1 хувь нь хулгайлсан авто машинаа тонож эд ангийг борлуулах сэдэлтэй байсан нь тогтоогдсон.

Харин 17.1 хувийг гэр бүлийн гишүүд нь эзэмшигчид мэдэгдэхгүйгээр аваад явсан, эсвэл эзэмшигч өөрөө согтуугаар авто машинаа унаж яваад хаана тавьснаа мэдэхгүй байх зэрэг шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандсан.

Гэмт этгээдүүд хуучны автомашинд түлхүүр тааруулах замаар, мөн дохиоллын системгүйг далимдуулах, харуул хамгаалалтгүй гэрэлтүүлэггүй газар автомашинаа удаан хугацаагаар байрлуулсныг ашиглан хулгайлах нь их байна. Тиймээс ард иргэддээ авто машинаа дохиололтой болгох, харуул хамгаалалт, камертай газар байрлуулахыг сэрэмжлүүлж байна.

Одоогоор хотын цагдаагийн байгууллагаас Ажлын хэсэг байгуулан шалгагдаж байгаа бүх хулгайн гэмт хэргийг нөхөн илрүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Энэ арга хэмжээний хүрээнд 5-6 бүлэг этгээдийг баривчилсан.

Мөн гэр, орон сууцаа эзэнгүй түр болон удаан хугацаар орхиж зусланд гардаг, аялал зугаалгаар явдагтай холбогдуулан орон байрны хулгай нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс гэр, орон сууцаа түр болон удаан хугацаагаар  эзэнгүй орхих тохиолдолд баталгаатай цоожоор цоожлох, хөрш айл, хэсгийн цагдаадаа мэдэгдэж, өмч хөрөнгөндөө эзэн нь болох хэрэгтэйг  анхааруулья.

- Хулгайн гэмт хэргийн гаралт нэмэгдэж, хулгайч нарын арга ч улам нарийссаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байсан?

- Хулгайлах гэмт хэргийн дуудлага, мэдээлэл ихсэх хандлагатай байна. Зуны улиралд томоохон төлөвлөрсөн зах, хуалдааны төв, автобус, түүх, дурсгалыг газруудад, гадаадын жуулчид, иргэд, халааснаас бэлэн мөнгө, гар утас, бичиг баримт  бусад эд зүйлээ алдах ялдал гардаг.  Тиймээс иргэд минь амарч зугаалах болон томоохон худалдааны төв бусад газарт сонор, сэрэмжээ дээшлүүлж явах хэрэгтэй байна.

Хулгайч нарын арга нарийссаар байна.

Энэ оны таван сарын байдлаар Нийслэлд эмнэлгийн орчинд хулгайд эд зүйлээ алдсан 60 гаруй дуудлага, мэдээлээс ирснээс 42 нь хэргийн шинжтэй дуудлага бүртгэгдсэн Улсын болон дүүрэг дэх нэгдсэн эмнэлгүүдэд хулгайд эд зүйлээ алдсан хэрэг зонхилсон.

Хулгайч нарын арга заль нарийссаар байна. Өнгөрсөн долоо хоногт улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт цагаан халат өмсөж, чагнуур зүүсэн этгээд хөдөө орон нутгаас ирж хэвтэн эмчлүүлж байсан гурван иргэний гар утсыг хулгайлсан хэрэг гарлаа. Тэгэхээр  хэвтэн эмчлүүлж байгаа иргэд маань анхаарал сэрэмжтэй байж, сэжигтэй тохиолдол ажиглагдвал цагдаа болон, эмнэлгийн эмч, сувилагч, удирдлагуудад яаралтай хандах, өөрсдөөч анхаарал, сэрэмжээ дээшлүүлээрэй.

Мөн энгийн хувцас дээр цагдаагийн мөрдөс, хэрэглэл зүүж өмссөн иргэн баригдсан. Тухайн иргэний хувьд автобусанд үнэгүй явахын тулд  хувцсыг өмссөн гэж тайлбар өгчээ. Цагдаагийн байгууллагын зүгээс тухайн иргэн цагдаагийн хувцсыг ашиглаж ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөн шалгаж байна. Энэ хэрэгт Захиргааны хариуцлагын тухай хуулийн 31 дүгээр заалтыг үндэслэн хариуцлага тооцох. Мөн хувцас, хэрэглэлийг ашиглан гэмт хэргийн шинтэй үйлдэлтэй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм.

31 дүгээр зүйл. Төрийн байгууллагын ажилтны нэр барих

Төрийн байгууллагын ажилтны нэр барьж хууран мэхлэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 30 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна гэж заажээ.

 

- Зуны улиралд, ялангуяа гол үертэй үед иргэд усанд осолдох хэрэг гардаг?

- Ойрын үед хур бороо ихтэй, үер, усны аюулаас сэрэмжлэх шаардлагатай байна. Зуны улиралд иргэд гэр бүл, хамаатан садан, найз нөхөдтэй голын ай сав газар, орчинд амрах нь их байдаг.  Амрахдаа  архи согтууруулах ундаа хэрэглэж, хүүхдэд тавих анхаарал нь сулардаг. Үүнээс үүдэн бага насны хүүхэд, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн усанд осолдох тохиолдолууд гардаг.

2016 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн байдлаар усны ослын золгүй тохиолдол найман аймгийн есөн сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 13 удаа гарч, 18 хүн осолдсоны долоо нь хүүхэд байна.

Тиймээс энэ жил Улаанбаатар хотын цагдаагийн газар ОБЕГ-тай хамтраад 24 цагаар завьт эргүүл ажиллуулж эхлээд байна.

 

Мөн зуны улиралд сургууль, цэцэрлэгийн амралтын үеэр хүүхэд хүүхдээ харж, эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал халамж сулрах үеэр хүүхэд тагтнаас унах, түлэгдэх, жорлон болон нүхэнд унах гэх мэт ослуудын тоо нэмэгддэг. Үнэхээр хүүхэд харах том хүнгүй бол гэртээ үлдсэн хүүхдүүдтэйгээ ойр ойрхон утсаар ярьж, анхаарал хандуулж байгаач ээ.

Зуны гурван сар эцэг, эх, асран хамгаалагч та бүхний хүүхэддээ хамгийн их анхаарал хандуулах үе шүү гэдгийг дахин дахин анхааруулья.

- Ярилцсанд баярлалаа.