Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

"В.Путины хэлсэн үгэнд бүтээн байгуулах шийдвэр нь гарчихсан Эгийн голын УЦС-ын тухай дурдагдаагүй"

ikon.mn
2016 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо Монгол, ОХУ, БНХАУ-ын ерөнхийлөгчийн дээд хэмжээний уулзалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хэлсэн үгэндээ Сэлэнгэ мөрний сав газарт усан цахилгаан станц барих нь экологийн хувьд эрсдэлтэй хэмээн онцолсон.

Энэ талаар "Эгийн голын усан цахилгаан станц" төслийн зөвлөх инженер, доктор Б.Очиржавтай ярилцлаа.

- Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын 3 дахь удаагийн дээд түвшний уулзалтын үед ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хэлсэн үгэнд УЦС-ын талаар тэмдэглэж хэлсэн зүйлүүдийн талаар олон янзаар тайлбарлаж байна?

- В.Путин хэлсэн үгэндээ Сэлэнгэ мөрний сав газарт усан байгууламж барихаар Монголын тал төлөвлөж байгааг мэдэж байгаа, үүнийг нухацтай судлах нь зүйтэй гэж хэлсэн. Энд хоёр зүйл анзаарагдаж байгаа юм. Нэгдүгээрт, манай улсад гол мөрний олон сав газар бий. Үүнд Сэлэнгэ мөрөн, Орхон гол, Эгийн гол, Дэлгэр, Ерөө зэрэг голын 29 сав газар байдаг. 

 

Үүний дотроос Сэлэнгэ мөрний сав газарт Монголын тал усан байгууламж байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг тэмдэглэж ярьсан. Энэ нь Сэлэнгэ мөрөн дээрх Шүрэнгийн УЦС-ыг хэлсэн байна. Нөгөө нэг зүйл нь барихаар төлөвлөж байгаа гэдгийг онцолсон. Бид Шүрэнгийн УЦС төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ (БОНБНҮ)-г хийх зургийн даалгавар боловсруулах шатанд явж байгаа юм. В.Путины хэлсэн үгэнд бүтээн байгуулах шийдвэр нь гарчихсан байгаа Эгийн голын сав газарт баригдах УЦС-ын тухай дурдагдаагүй. 

- Гэхдээ Эгийн голын УЦС-ыг байгуулснаар Байгал нуурт ямар нэгэн сөрөг нөлөө гарах уу?

- Эрчим хүчний чиглэлээр дэлхийд гуравт ордог олон улсын нэр хүнд бүхий “Трактебел инженеринг” компани Эгийн голын УЦС-ын усан сан дүүргэлтийн үеийн тооцоог ус багатай  гурван жил, дундаж устай гурван жил болон ус ихтэй гурван жилээр тооцоолон гаргасан. Уг тооцооллоор Эгийн голын УЦС-ын усан сан дүүргэх үеийн нөлөөлөл нь Байгал нуурын усны нийт эзлэхүүнтэй харьцуулахад 0.020-0.023% байгаа нь үл мэдрэгдэх төдий юм. 

Уг судалгаагаар Эгийн голын УЦС-ын ашиглалт ажиллагааны үед буюу усан сангийн дүүргэлт хийгдэх 2-3 жилийн дараагаар Байгал нуурт цутгах жилийн урсацад ямар ч нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан.

Эндээс харахад Эгийн голын УЦС-ыг барьж байгуулснаар Байгал нуурт ямар нэгэн сөрөг нөлөө гарахааргүй байгаа юм. 
Гэхдээ ОХУ-ын болон Дэлхийн Өвийн Хорооны хүсэлтээр биологийн олон янз байдлын судалгааг ойрын үед хөндлөнгийн хараат бус компаниар гүйцэтгүүлэхээр ажиллаж байна. Загас, усны амьтдын судалгааг Монгол Улс гадаадын эрдэмтэн судлаачидтай хамтран үр дүнтэй хийж байна. 

Эгийн голын УЦС-ыг барьж байгуулснаар Байгал нуурт ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй.

Загасны нүүдэл, идэш тэжээл, амьдрах орчин, УЦС барьсны дараа дээд болон доод урсац дээр Америк болон Европын зарим их сургуулийн нэр хүнд бүхий загас судлаачидтай хамтран  гурав дахь жилдээ томоохон судалгаа хийж байна. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Герман, Австри, Франц улсуудын усны барилга байгууламжийн инженерүүд, биологич-загас судлаачидтай хамтран хэлэлцүүлэг хийсний дүнд өмнө нь ТЭЗҮ-д тусгагдаж байгаагүй загас өнгөрүүлэх байгууламж (лифт)-ийг зураг төсөлд нэмэлтээр тусгасан байна.

- Сэлэнгэ мөрөн дээр барихаар төлөвлөж буй усан байгууламжийн тухайд?

- Сүүлийн жилүүдэд Байгал нуурын усны түвшингийн бууралт, бохирдолт гээд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр их бичиж эхэлсэн. Ямар нэг төсөл хэрэгжүүлээгүй байгаа Монголчууд буруутай болж, өөрсдөө яагаа ч үгүй мэтээр юм шиг л зөрүүтэй мэдээллийг цацах болсон.

Сэлэнгэ мөрөн Байгал нуурын олон цутгалын нэг нь мөн боловч уг голуудын олон жилийн /1900-2015/ дундаж урсацын нийлбэр хэмжээ нь 1872м3/с бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүрдүүлж буй Сэлэнгэ мөрний урсацын хэмжээ улсын хилээр гарахдаа 355м3/с байдаг. Үүнийг Байгал нуурт цутгаж буй нийт урсацын хувь хэмжээгээр харьцуулбал манай улсын нутаг дэвсгэр дээр бүрдүүлж буй Сэлэнгэ мөрний урсацын хувь хэмжээ 18.6%, Эгийн голынх 5.2% байгаа юм. 

 

Оросууд 1900 оноос хойш Байгал нуурын усны түвшинг байнгын харуулаар ажиглаж эхэлсэн. Мөн 1925 оноос хойш Байгал нуураас эх аван урсах Ангар мөрөн, Хөвсгөл аймгийн Дархадын хотгороос эх аван урсах Енисей голууд дээр судалгаа хийж УЦС барих боломжтой бүх байршлуудыг судлан Ангар мөрөн дээр 1959 онд Иркутск, Братскийн зэрэг дараалсан дөрвөн УЦС-уудыг эхнээс нь ашиглалтад оруулсан байдаг. Энэ үеэс эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх голууд дээр урсацыг тогтмол хугацаанд ажиглах голын харуулуудыг байгуулж ажиллуулах эхлэл тавигдсан.

Сэлэнгэ мөрөн Монголын хил даван урсаж Байгал нуурт цутгах хүртэл 500 гаруй км зайд Сэлэнгэ мөрний дайтай ОХУ-ын 4 том гол Сэлэнгэ мөрөнтэй нийлж урсацын хэмжээг үлэмж нэмэгдүүлэн 944м3/с-т хүрч Байгал нуурт цутгадаг. Байгал нуурт цутгадаг бусад голуудыг оролцуулахгүйгээр зөвхөн Сэлэнгэ мөрний урсацын бүрдэлтэд Монголын тал 37.5%-ийг эзэлдэг байхад Оросын тал 62.5% байгаа нь даруй 1.7 дахин их урсац байна. 

 

Мөн түүнчлэн ОХУ-ын Засгийн газраас 2001 онд 234-р тогтоол гаргаж нуурын усны түвшинг 456-457м-ийн хооронд байлгах шийдвэр гаргасан. Гэтэл Байгал нуурын баруун талд орших Эрхүү муж хамгийн бага байх усны түвшинг 455 метр болгох тогтоолын төсөл бэлтгэн батлуулахаар хөөцөлдөж байгаа нь нуурын зүүн талд орших БНБуриад Улсын том эсэргүүцэлтэй тулаад байгаа юм. 

Хэрвээ Байгал нуурын усны түвшинг бууруулбал Кабанск районы 44 суурин усны хомсдолд орж, мөн намаг хуурайшин хүлэр нь газар сайгүй доороосоо шатаж жилийн турш унтралгүйгээр утаа униар гаргадаг тохиолдлууд үргэлжлэн гарах болно гэсэн үг юм. Мөн түүнчлэн Байгал нуурыг тойрсон ойн түймрийн асуудал, Оросын талд байгаа Сэлэнгэ мөрнийг бохирдуулагч эх үүсвэр болох Галуут нуурын дулааны цахилгаан станц, уул уурхайн, цаас болон хуванцар материалын үйлдвэрүүд, хуучин цэргийн баазын танк, байлдааны тоног төхөөрөмж, машин механизмын төмрийн хог хаягдлууд одоог хүртэл асуудал болж Дэлхийн өвийн хороо Оросуудад сануулга өгсөөр байна.                  

Энэ мэтчлэн Оросууд Байгал нуураа хамгаалах асуудлаа эхлээд дотооддоо зохицуулах нь чухал байгаа юм. Сэлэнгэ мөрөн дээр байгуулах усан байгууламжийн тухайд зөвхөн төлөвлөлтийн шатанд явж байгаа бөгөөд шаардагдах судалгаанууд зохих ёсоор хийгдэж байна. 

- Ярилцсанд баярлалаа.