Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

317 га талбайд жимс, жимсгэнэ тариалжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд өнөөдөр хаврын тариалалтын явц, урьдчилсан дүнгийн  талаар мэдээлэл хийлээ. 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ  490.5 мянган га-д тариалалт хийгээд  байгаа аж. 

Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, үлдсэн га-д үр тарианы төрлийн бусад ургамлыг тариалахаар төлөвлөөд байсан. Тэгвэл 323 мянган га-д тариалахаар төлөвлөсөн үр тариаг 375.2  мянган га-д тариалж, тариалалтыг 116 хувьтай давуулан биелүүлсэн байна. 

Мөн хүнсний улаанбуудайг  301.5 га-д тариалахаар төлөвлөснөөс 353.3  мянган га-д тариалж, 117 хувьтай тариалсан байна. Бусад хүнсний ногоо, тарималын тариалалтын тухайд одоогийн байдлаар төмс 14.1 мянган га-д, хүнсний ногоо 7.8 мянган га-д, тосны ургамал  63.7 мянган га-д,  тэжээлийн ургамал  25.1  мянган га-д,  эмийн ургамал  4.2 мянган га-д,  жимс, жимсгэнийг 317 га-д тус тус тариалаад байгаа ажээ.

Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг зохион байгуулж, 13 аймгийн  353.2  мянган га улаанбуудайн талбайг хамруулан ажиллахад, нийт тариалсан талбайн 75.8 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй гэсэн дүн гарчээ.

Мөн УИХ-ын 108, Засгийн газрын 42 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, 2016 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор  эхний ээлжинд  хоёр жилийн хугацаатай,  жилийн 12.5 хувийн хүүтэй  25.0 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар шийдвэрлүүлж, улмаар  ХААН, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банкуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж дамжуулан зээлдүүлэх ажлыг хэрэгжүүлсэнээр өнөөдрийн байдлаар 80 гаруй аж ахуйн нэгжид 25.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарч,  эхний 13 аж ахуйн нэгжид 5 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байгаа аж. 

ХХААЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар  дамжуулан  нийтдээ 345 аж ахуйн нэгж, иргэнд 12.1 мянган тонн улаанбуудайн үр, 814 аж ахуйн нэгж, иргэнд онцгой албан татваргүй үнээр  4.1 мянган тонн  шатахууныг 10-50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгосон байна. 

 

Эх сурвалж: ХХААЯ