Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Мөнхзул: Хайр, харуусал нэг доор нэг цагт давхацдагаараа энэ балет онцлогтой

С.Номин
2016 оны 6 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдсан хамгийн анхны мэргэжлийн балет болох ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” балетын түүхэн 60 жилийн хүндэтгэлийн тоглолт энэ сарын 25, 26-ны өдрүүдэд 17:00 цагаас болох гэж байна. Энэхүү тоглолтын тухай УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзултай ярилцлаа.
 

-“Бахчисарайн оргилолт булаг” балетын 60 жилийн хүндэтгэлийн тоглолт болох гэж байна. Уг бүтээлийн агуулгыг товчхон дурьдвал?
 
-Гол дүрийн баатар болох Польш бүсгүй Марияагийн төрсөн өдрийн цэнгүүн ид дундаа болж байтал Гирей хааны татар цэргүүд цэцэрлэгийг бүсэлж, нэвтрэн орж, ширүүн тулалдаан болно. Шилтгээнээс Марияа, түүний хайртай залуу Вацлав хоёр гарч зугтаах гэтэл хаан Гирейтэй таардаг. Ингээд хаан Вацлавыг хөнөөдөг. Харин Гирейхаан, Марияагийн толгойноос алчуурыг нь хуу татсанаа бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхан зогтусч, дурладаг.
 
Ингээд Марияа Гирей хааны хайртай бүсгүй болж ордонд нь очно. Ордонд Гирей хаанд маш их хайртай Зарема гэх их хатан бий. Тэрээр хайртай хүнээ өөр бүсгүй рүү татагдаж байгааг мэдээд Марияаг хөнөөчихдөг юм.

Ингээд Гирей хаан хайртай бүсгүйнхээ дурсгалд зориулж усан оргилуур босгодог. Улмаар өөрийнх нь хайртай бүсгүйг хөнөөсөн ч өөрт нь хязгааргүй хайртай Заремаг өндөр хаднаас түлхэж унагаадаг. Хамгийн сүүлийн үзэгдэлд Гирей хаан гунигтайгаар усан оргилуур дээр бодлогошрон зогсож байгаагаар дуусдаг.
 
-Энэхүү балет  бусад бүтээлүүдээс юугаараа онцлогтой вэ?

 
-Энэ бүтээлийг анх тавьж байхад мэргэжлийн балетчин Монголд байсангүй. Тэр үеийн ахмадууд маань Монголд мэргэжлийн балетыг хөгжүүлнэ гэсэн шийдвэр гаргаж энэхүү бүтээлийг тавьж байлаа. Өөрөөр хэлбэл,  “Бахчисарайн оргилолт булаг” анх удаа тавигдсан мэргэжлийн, бүрэн хэмжээний балет гэдгээрээ онцлогтой.

Мөн түүхийн улбааг хөөж үзвэл энэхүү бүтээл нь Монголын түүхтэй холбогдоно. Хаан Гирей угтаа монголчууд Крымийг эзэлж байх үед байсан бага хаадын үр сад гэж хэлж болно. Тэгэхээр манай дорнын түүхтэй холбоотой балет гэдгийг хэлэхэд таатай байна.

Бас нэг онцлог нь энэ бүтээл өөрөө балет драма буюу жүжиг. Уг балетад тоглож байгаа жүжигчдээс жүжигчний өндөр ур чадвар шаардагддаг. Дүрийнхээ дотоод сэтгэлийг харуулдаг гэх үү дээ. Гирей хааны хайр, харуусал, зэвүүцэл нэгэн доор яг нэг цаг мөчид давхцаж байдаг.
 
Чин зүрхнээсээ хайрлаж, дурласан эмэгтэйг нь өөрийг нь үнэн сэтгэлээсээ хайрладаг бүсгүй хөнөөчихдөг. Ийм нөхөлд өөрийг нь чин сэтгэлээсээ хайрлаж байгаа тэр эмэгтэйг хайрлах уу, жигших үү гэсэн сэтгэл санааны том дотоод зөрчилдөөн үүснэ. Мөн хүн өөрийг нь маш ихээр хайрлаж, дурлаж байхад үл тоох ямар хэцүү байдаг.

Тэр хэцүүг даван туулж, үргэлжлүүлэн хайрлах ямар хүнд байдгийн харуулдаг. Хайртай нөхрөө өөр хүн рүү яваад өгч байгааг харж суугаа Заремагийн харуусал, гунигийн ч мөн дүрсэлдэг.

Цаазын ял сонсохоос ч айхгүйгээр хайр дурлалын төлөө тэр тэмцдэг. 

Энэ мэт хүний сэтгэлийн хамгийн нарийн нандин зүйл болох хайр сэтгэлийн зөрчлийг энэхүү балетын жүжгээс мэдэрч болно.

“Барчисарайн оргилолт булаг” балет маань өөрөө үнэн сэтгэлээсээ, гүн гүнзгий хайрлан дурладаг оргилуун дорнын сэтгэхүйг нэвт шингээж өгсөн. Үүнийг Гүрж бүсгүй Заремагийн дүрээс тодорхой харж болно. Цаазын ял сонсохоос ч айхгүйгээр хайр дурлалын төлөө тэр тэмцдэг. Ийм учраас жүжигчний уран чадварыг онцгой их шаарддаг юм аа.

Энэ бүтээл манай театрын тайзнаа 60 жил амьдарлаа. Аливаа бүтээл удаан хугацаанд амьдарч байна гэдэг бүтээлийн хүний сэтгэлд хүрэх, тайзан дээр амьдрах чадвар хэр сайтайг харуулж байгаагийн илрэл. Мөн уран бүтээлчдийг хөглөж, хөгжүүлж, үзэгчдийн сэтгэлд хүрч байгаагийн том баталгаа шүү дээ.
 
-Жаран жилийн өмнө анх тайзнаа амилснаас хойш хэдэн удаа шинэчилж тавьсан бэ?
 
-Тавилт гэдэг нь тайз засал, хувцаслалт, дэглэлтийн хувьд шинэчлэхийг хэлнэ. “Бахчисарайн оргилолт булаг” балет нийт гурван удаа тавигдсан. Монголд анх 1956 онд А.В.Хабаевийн дэглэлтээр тавигдаж байлаа.
 
Энэ үед тайзны удирдаачаар Ардын жүжигчин Төрийн шагналт Ж.Чулуун, ерөнхий зураачаар Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач Л.Гаваа нар ажиллаж, гол дүрүүдийг Ц.Тоомой, УГЖ Н.Баатар, УГЖ Дашдулам, УГЗ н.Булхүү, УГЗ Б.Гүрбазар нар бүтээсэн юм.

Тайзан дээр байгаа хар санаа, хайр сэтгэл гээд л хүний амьдралын бүхэн байгаа. 

Харин хөгжмийн гоцлолыг УГЗ Д.Цэрэндолгор, виолончель хөгжмийн гоцлолыг Ардын жүжигчин, Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Г.Жамъяан нар тоглож байлаа. Үүний дараа 1962 болон 1976 онд шинээр тавигдсан. Нийтдээ 200 гаруй тоглолт өнгөрсөн хугацаанд үзэгчдийн хүртээл болжээ.
 
-Энэ удаагийн тоглолтод ямар ямар балетын жүжигчид тоглох гэж байна?
 
-Тоглолт маань хоёр өдөр болно. Эхний өдрийн тоглолтод Марияагийн дүрийг УДБЭТ-ын гоцлол бүжигчин МУГЖ Г.Цолмон, Заремагийн дүрийг МУГЖ Ч.Ганчимэг, Бацлавын дүрийг Б.Пүрэв-Очир, харин хаан Гирейн дүрийг ОХУ-ын балетын жүжигчин, Япон улсын балетмейстер багш Г.Валери амилуулна. Харин хийл хөгжмийн гоцлолыг СТА М.Ариунцэцэг, виолончель хөгжмийн гоцлолыг СТА Ц.Ариунаа нар хөгжимдөнө.
 
-Манай залуучууд сүүлийн үед сонгодог урлаг, балет, дуурийн тоглолтыг их сонирхох болжээ. Таны хувьд сонгодог урлаг руу юу хөтөлсөн бэ. Залуучууддаа юу гэж уриалмаар байна?
 
-Сүүлийн үед балет сонирхож байгаа залуучууд нэмэгдэж байгаад маш таатай байна. Оюутан байхдаа би өглөөний наймаас орой долоо дөч хүртэл хичээлтэй байдаг байлаа л даа. Тэр үед миний хамгийн сайхан амарч, ачааллаа хөнгөлж чаддаг үе театрт ирж бүтээл үзэх байлаа. Би дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа л театрын үзэгч байсан.

Долоон паар хичээлийн дараа маргааш балет, дуурь үзнэ гэхээс сэтгэл санааны хувьд урд оройноос нь тайвшрал мэдэрдэг байсан. Театрын хаалгаар оронгуут ер бусын гайхамшигт ертөнцөд очсон юм шиг мэдрэмж авдаг байлаа. Тэгснээрээ дараагийн долоо хоногийн ачаалал надад хүнд биш юм шиг санагддаг байсан л даа.

Залуучууд маань өөрийгөө өдөр тутмын амьдрал, үргэлж хийдэг юмнаасаа тасалж, сайхан мэдрэмжийг авахад театр хамгийн их тусална. Тэгэхээр залуучууд маань нэг удаа л орж ирж үзэх ёстой юм байгаа юм.

Театрын хаалгаар орж ирэхэд энд тэнд гоё хөгжим дугарч, гоё тоглолт үзэх гэж байгаа хүмүүсийг хараад өдөр тутмын бухимдал алга болчихно. Тэгээд өөрийг чинь өндөр болгочихсон юм шиг, нуруу улам цэхэрч, сэтгэл чинь ер бусын мэдрэмжээр хөтлөгднө. Урлаг өөрөө амьдралын толь шүү дээ.

Тайзан дээр байгаа хар санаа, хайр сэтгэл гээд л хүний амьдралын бүхэн байгаа. Гэхдээ маш уран яруу, сэтгэлд таатай хэрнээ ойрхоноор өгүүлж байгаа. Үүнийг нэг л удаа театрт ирээд үзэх хэрэгтэй. Ингээд л хүн энэ мэдрэмжиндээ дурлачихдаг. Байнга л театр руу явах хүсэлтэй болчихдог.

Зураг