Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

ШӨХТГ: Кино театрууд хүүхэлдэйн киног Монгол дуу оруулгатай гаргахыг зөвлөлөө

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газараас сүүлийн үед хийсэн хяналт шалгалттай холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тус газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй өргөн дэлгэцийн Тэнгис, Гэгээнтэн, Өргөө, Хүннү Синема кино театруудад шалгалт хийжээ.

Энэ төлөөр ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Эдгээр кино театрууд дотоод, гадаадын киног киноны эрх эзэмшигчидтэй гэрээ байгуулж гаргадаг. Өргөө, Тэнгис кино театрууд дотоодын киноны орлогын 50-52 хувийг, Гэгээнтэн, Хүннү Синема кино театрууд дотоодын киноны орлогын 50 хувийг тус тус кино бүтээгчдэд өгдөг байна. Гадаад киног кино эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр монгол хадмал орчуулгатай гаргадаг.

Бага насны хүүхдүүд кино театрт хүүхэлдэйн кино үзээд ойлгохгүй нөхцөл байдал үүсч байгаа тул цаашид хүүхэлдэйн киног монгол дуу оруулгатайгаар гаргаж байхыг, кино театраар үйлчлүүлэгчдээ 00-ын төлбөр, машины зогсоолын төлбөр авахгүй байхыг, Гэгээнтэн, Хүннү Синема цаашид дотоодын кино бүтээгчдэд киноны орлогын дийлэнх хувийг өгч байхыг зөвлөлөө” гэв.

АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ, АВТО ЗОГСООЛООС ТӨЛБӨР АВЧ ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ

ШӨХТГ-ын дарга Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй ААН, байгууллага, зах, худалдааны төв, худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар 32 ААН хамрагдсан бөгөөд ариун цэврийн өрөө, авто зогсоолоор үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилж, иргэдээс хууль бусаар хураамж авч байсан 21-н ААН илэрчээ.

Тэдний 17 нь зөрчлөө арилгаагүй тул хуулийн дагуу ХХДХ-г тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 960 мянган төгрөгийн захиргааны шийтгэл тус тус торгуулжээ.

“ХАРГИА”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХУГАЦААНД ЗОГСООХООР БОЛЖЭЭ

ШӨХТГ-аас зургаадугаар сарын 7-ны өдөр гарсан тушаалын дагуу МХЕГ-тай хамтран Туул голын сав газрын дагуу аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар “Урьдчилсан сэргийлэх байгууламж” НӨҮГ буюу “Харгиа”-г эх үүсвэр бүхий арьс шир боловсруулах, ноос угаах үйлдвэрийн хамтаар хотоос гарган цогцолбор байдлаар дэд бүтцийг бий болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, энэ талаар тодорхой шийдвэр гаргах хүртэл үйл ажиллагааг нь зогсоохоор болжээ.

Учир нь тус газар байрлаж буй ААН-үүд хог хаягдлаа байгальд шууд хаяж байгаа нь онц ноцтой хохирол учруулах хэмжээнд очсон хэмээн дүгнэсэн байна.