Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Математикийн хичээлийн ЭЕШ хэвийн явагдсан гэсэн дүгнэлт гарчээ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн ерөнхий газраас Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан гэх гомдлыг шалгасан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү иргэдийн өгсөн гомдлыг шалгасан талаар ийнхүү ярилаа.

Тэрбээр "Цагдаагийн байгууллагад 2016 оны ЭЕШ-ын материал задарсан гэх гомдол ирсэн. Тус гомдлын дагуу бид шалгалт хийхэд, урьдчилсан байдлаар дараах зүйлүүд тогтоогдсон байгаа.

ЕБС-ийг энэ жил төгсөж буй Э нь 2016 оны зургаадугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Фэйсбүүк ашиглан ЭЕШ-ын математик, нийгмийн ухааны тестийн хариулт гэх мэдээллийг иргэн Н, Б, Х, Б гэх энэ жил ЕБС-ийг төгсөж буй 4 хүнд худалдаалсан нь тогтоогдсон. Уг мэдээллийг худалдаалсан иргэн Э нь тухайн хариулт гэх материалаа энэ жил сургуулиа төгсөж буй иргэн З-ээс худалдаж авсан. Харин иргэн З нь хувийн их, дээд сургуулийн Эдийн засгийн онолын багш 52 настай иргэн Д гэгчээс худалдан авсан. Энэхүү иргэн Д нь 12-р анги төгсөж буй сурагчдад хувиараа ЭЕШ-нд давтлага өгдөг багш байсан. Материал тараасан гэх иргэн Д нь ЭЕШ-ийн материал боловсруулах комисст орж ажилладаггүй. Мөн иргэн Д нь хүүхдүүдэд материалаа худалдаалахдаа "Энэхүү материал нь ЭЕШ-нд ирж болзошгүй тест юм" гэж хэлсэн гэдэг нь урьдчилсан байдлын шалгалтын дүнд тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл ирж болзошгүй гэсэн материалыг иргэн З нь иргэн Э-д худалдаалж, иргэн Э нь энэхүү материалыг ЭЕШ-ын хамгийн сүүлийн хариу гэж бусдад худалдаалсан гэсэн үг юм" хэмээн ярилаа.

БҮТ-ийн хэлтсийн дарга А.Ганбат хэлэхдээ "Сүүлийн үед гарсан ЭЕШ-ын материал задлагдсан гэх гомдолтой холбогдуулан БҮТ-өөс математикийн хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн үр дүнг Олон Улсад ашиглагддаг шалгалтын үр дүн бодитой гарсан эсэхийг тогтоодог нарийвчилсан шинжилгээг хийсэн байгаа.

Үүний үр дүнд, 2016 оны ЭЕШ-ийн математикийн хичээлийн шалгалт нь хэвийн явагдсан гэх дүгнэлт гарсан. Мөн бар кодтой хариултуудын  /математикийн Б хувилбарын шалгалт/ дагуу бөглөсөн улсын хэмжээнд 6 хүүхэд бар кодод байгаатай адилхан бөглөсөн байсан. Эдгээр 6 хүүхдийг шалгаж үзэхэд, 4 өөр сургуулийн 4 хүүхэд, 2 хөдөө орон нутгийн хүүхэд байсан. Тус зургаан сургууль нь математикийн гүнзгийрүүлсэн сургуулиуд байсан. Тус шалгалтын үеэр тэр бар кодтой математикийн шалгалтын хариу иргэдийн дунд байгаагүй гэдгийг судалгааны үр дүнд батлагдсан. Тэгэхээр олон нийтэд шалгалтын өмнө биш, дараа нь тараасан гэсэн үг юм.

БҮТ-өөс иргэдийн дунд буруу ташаал мэдээллийг санаатай болон санаатай хэлбэрээр тараасан хүмүүст хариуцлага тооцох хүсэлтийг зохих хууль хяналтын байгууллагуудад гаргах болно" гэлээ.

 

БҮТ-ийн захирал Г.Аззаяа хэлэхдээ "2016 он ЭЕШ-ын математикийн шалгалтын хариулт задарсан гэх мэдээлэл нь математикийн шалгалт дууссаны дараа буюу тухайн өдрийн орой нь Фэйсбүүкээр тархсан байсан. Бидний хувьд шалгалтын материалыг бөглөж, тараасан байх гэсэн магадлал бий. Гэхдээ иймэрхүү асуудлаас болж энгийн шалгалтаа өгөөд явж буй хүүхдүүд хохирох ёсгүй.

ЭЕШ-ын материал задарлаа гэх яриа гардаг ч ЭЕШ-ын материал задарсан тохиолдол байгаагүй" гэв.