Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн үеэр сэтгүүлчдийг гэмт халдлагаас хамгаалахыг уриаллаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

2012 оны сонгуулиар Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Sky” телевизийн захирал Б.Ганзориг нэр дэвшигчийг сонгуульд өвдөг шороодсоны бурууг ажилчдаасаа боллоо хэмээн уурсч, таван сэтгүүлч, дөрвөн зураглаачаа барьж зодсон байдаг. Үүнээс хоёр зураглаач нь тархиндаа хүнд гэмтэл авч, тархины яс нь цуурсан эмгэнэлт явдал гарч байв.

Сонгуультай холбоотойгоор сэтгүүлчдийг урьдчилан хамгаалах тусгайлан заасан хуулийн зохицуулалт байдаггүй. Хэрэг явдал гарсны дараа иргэний болон эрүүгийн хуулиар л асуудлыг шийдвэрлэнэ. Сонгуульд нэр дэвшигчдийн сайн, муу бүхнийг сонгогч түмэнд хүргэх үүргийг сэтгүүлчид л хүлээдэг. Үнэндээ нэр дэвшигчдээс илүү ачааны хүндийг сэтгүүлчид үүрдэг гэж хэлэхэд хилсдэхгүй.

Зуун чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэгчээр гурван мянга гаруй нэр дэвшигчээс хэдхэн нь азын шоо атгаж, зорьсон сэнтийдээ тухална. Харин унасан бөхөд шалтаг мундахгүй гэдгээр унагаасан буруутан нь сэтгүүлчид болж, нэр дэвшигчдийн, тэдний гар хөл бологсдын багтаж ядсан уур омог, гэмт үйлдлийнх нь золиос болох магадлал өндөр байна.

Тиймээс сонгуулийн үеэр болон дараа нь сэтгүүлчдийг гэмт халдлагад өртөхөөс сэргийлэхэд хууль хүчний болон хүний эрхийг хангах чиглэлээр ажилладаг байгууллагууд хамтран ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллагууд уриалж байгаа юм.


Д.Лхагва