Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

President.mn
2016 оны 6 сарын 20
President.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэ дэ Фэлип итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Элчин сайдыг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч Элчин сайд Андрэ дэ Фэлипэд хандан Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайдаар томилогдон ирж, үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэн ажилд нь амжилт хүсэн ерөөв.

Тэрбээр Бүгд Найрамдах Итали Улсаас Монголд Элчин сайдын яамаа нээж байгаа нь Италийн тал хоёр талын харилцааг чухалчлан үзэж байгаагийн илрэл гэж ойлгож буйгаа илэрхийлэн, монголын тал ч Монгол, Италийн харилцаанд чухал ач холбогдол өгдгийг тэмдэглэлээ.

 

Италийн Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо энэ дөрөвдүгээр сард Монголд албан ёсны айлчлал хийсэн нь Италийн талаас хэрэгжсэн анхны дээд хэмжээний айлчлал байсныг дурдав.

Түүнчлэн АСЕП-ийн уулзалтад Италийн парламентын 2 танхимын удирдлага оролцсон бол удахгүй болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад Итали Улсын Ерөнхий сайд оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхийлөгч илэрхийллээ.

Элчин сайд Андрэ дэ Фэлип хоёр улсын хоорондын түүхэн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдэж, өөрийн хуримтлуулсан мэдлэг туршлагаа зориулахаа амлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ урлаг соёлын салбарын хамтын ажиллагааг онцлоод 2020 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор урлаг соёлын өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдаж, эдгээрийг зохион байгуулахад идэвхтэй ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

Ерөнхийлөгч Элчин сайдын ажилд Монголын Гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газраас дэмжин ажиллахыг мэдэгдэж, түүний нэр хүндтэй, хариуцлагатай ажилд амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.

Уулзалтын дүрсийг доорх хаягаар үзнэ үү.