Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

А.Намуун: Бид хүн бүр аваад хэрэглэж болохуйц ЭРҮҮЛ СОНГОЛТыг нэгээр нэмж байгаа

Г.Номин, iKon.mn
2016 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

 Монголиа Маркет Партнерс компанийн хамт олон “Цай ба Хоёр Навч” хэмээх өвөрмөц нэртэй шинэ брэнд бий болгосон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

"Цай ба Хоёр Навч" брэндийнхэн Шри-Ланка, Африк, Турк, Тайвань, Хятад зэрэг улсаас хамгийн дэлхийд танигдсан цайнуудыг импортолж байсан бол саяхнаас үйлдвэрлэгч болж, эх орондоо органик цай үйлдвэрлэж эхэлжээ.

Монголын цайны зах зээл дэх шинэ гарааны бизнесийн талаар “Цай ба Хоёр Навч” брэндийг үүсгэн байгуулагч, Монголиа Маркет Партнерс компанийн захирал А.Намуунтай ярилцлаа.

- Импортлогчоос үйлдвэрлэгч болж байгаа юм байна. Үйлдвэрлэгч болох санаа хэзээ төрөв?

- Бидний хувьд органик цай импортлоод зургаан сарын нүүрийг үзлээ. Энэ хугацаандаа Турк, Шри Ланка, Өмнөд Африк, Хятад, Тайвань гэх мэт орнуудаас өөрсдийнх нь бэлэн тэмдэг, брэнд болсон цайнуудыг оруулж ирж байсан. 

Монгол орон бол органик бүтээгдэхүүний эх орон.

"Монгол орон бол органик бүтээгдэхүүний эх орон" гэсэн ойлголт гадныхантай уулзаад явж байхад байдаг. Дэлхийд бид тийм ойлголтыг бий болгочихсон хэрнээ яагаад бид заавал импортын цай хэрэглэх ёстой юм бэ. Ер нь бол бидэнд байгалийн нөөцөө ашиглаад, органик цай үйлдвэрлэн эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломж бий. 

Тиймээс өдөр тутам ажил, гэртээ хаана ч хэрэглэх боломжтой органик цайг үйлдвэрлэн, Монголын цайны зах зээл дээр инновацийн бүтээгдэхүүнүүдийг гаргахаар зорин ажиллаж байна.

- Үйлдвэрлэлээ хэзээнээс эхэлсэн бэ?

- Бүтээгдэхүүний үйлдвэрлэл хоёр сарын өмнөөс эхэлсэн. Одоогоор нэг цай худалдаанд гарч, хоёр цайны хөгжүүлэлтийн ажил үргэлжилж байна. Анхны бүтээгдэхүүн болох "Аньстай цай"-ны хөгжүүлэлтийн ажил гурван сар орчим үргэлжилсэн. 

Бид зүгээр л нэг санаа гаргаад, зах зээл дээр түгээмэл байдаг л бүтээгдэхүүн гаргаагүй. Аль болох өрсөлдөх чадвартай байхыг зорьсон. Үндэсний үйлдвэрлэгчдэд тавигддаг хамгийн том шалгуур бол өрсөлдөх чадвар байдаг. Тийм учраас бид цоо шинэ, хэрэглэгчдийн анхаарлыг татсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргахаар ажилласан.

Хөгжүүлэлтийн явцад хэрэглэгчдээсээ фокус группийн судалгаа авч, сүлжээ дэлгүүрүүдтэй санал солилцож сайжруулалтуудыг хийсэн болохоор үнэ болоод чанарын хувьд хэрэглэгчдийн хэрэглээнд нийцэж байгаа.

 

- Анхны бүтээгдэхүүн яагаад "Аньстай цай" байв. Хөгшчүүл аньсны навч хандалж уугаад байдаг. Аньс ер нь ямар "шидтэй" жимс вэ?

- Бид өдөр тутамдаа химийн элдэв найрлагатай, өнгө будаг амт үнэр оруулсан бүтээгдэхүүн хэрэглээд дасчихсан. Үүнээс ч болоод хорт хавдраар өвчлөх зэрэг эрсдэл нэмэгдэж байгаа. Уг нь өвчилчихөөд дараа нь их зардал гарган эмчлүүлж байхаас эхнээсээ л хамгийн наад зах нь идэж, ууж байгаа сонголтоороо л эрүүл мэндээ хамгаалчих нь зөв юмуу гэж хардаг. 

Бидний өдөр тутам хэрэглэж дассан байхуу цай кафейн агуулдаг.

Тиймээс бид хүн бүр аваад хэрэглэж болохуйц эрүүл сонголтыг нэгээр нэмж байгаа юм. Манай энэ шинэ бүтээгдэхүүний хувь байгалийн гаралтай, ямар ч амт, үнэр, өнгө оруулах химийн нэмэлтгүй. Тэгсэн атлаа таатай сайхан амттай. 

Бидний өдөр тутам хэрэглэж дассан байхуу цай кафейн агуулдаг бол манай цай кафейн агуулаагүй гэдгээрээ онцлог. 

Өвөг дээдэс маань эртнээс аньс жимс болон навчийг нь хандалж, цай болгож ууж ирсэн байдаг.

Аньс жимс нь витамин С-ээр маш баялагаас гадна төрөл бүрийн амин хүчилүүд, амин дэмүүд болон кальци, магни, йод, фосфор зэрэг хүний биед хэрэгтэй эрдсүүдийг агуулдаг. Хамгийн чухал онцлог нь аньс маш сайн хадгалалт даадаг. 

Аньстай цайндаа ямар ч сахар, амт, үнэр оруулагч, химийн нэмэлт оруулаагүй ч цай маань бага зэрэг чихэрлэг зөөлөн амттай. Чихэрлэг амтыг ургамлын хольцоор оруулж өгч байгаа.  Аньстай цайны маань найрлагад таван төрлийн ургамал ордог. 

- "Аньстай цай"-ны бусад Монгол цайнаас ялгарах онцлог юу вэ?

-Бид анхны гэдгээрээ ялгарна. Манай үндэсний үйлдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүн болох "Аньстай цай" нь Монголын хамгийн анхны өдөр тутмын хэрэглээний жимстэй органик цай.  Мөн аньстай цай маань дотроо бүхэл жимстэй. Гадны өндөр үнэтэй брэнд цайнд бүхэл жимс байх нь маш ховор байдаг.

Монгол цай гэхээр л нэг бол арвайн гурилтай сүүтэй цай, эсвэл бөөр, элэгний гэх мэтэмчилгээний зориулалттай цайнууд байсан. Харин одоо бид өдөр тутамдаа байхуу цайныхаа оронд хэрэглэж болох жимстэй органик цайны сонголттой боллоо. Үүгээрээ Монголын цайны үйлдвэрлэл дэх инновацийн бүтээгдэхүүн юм.

- Түүхий эдээ бүгдийг нь дотоодоосоо авч чадаж байгаа юу?

- Ер нь бол 100 хувь дотоодоосоо түүхий эдээ авах боломж бий. Үйлдвэрлэл гэдэг бол маш олон шат дамжлагаас бүрдсэн логистик систем байдаг. Түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, түүнийг анхан шатны боловсруулалтад оруулагч, борлуулагч гэх мэт шат дамжлагууд байх ёстой. Харин монголын хувьд тийм логистик систем бий болоогүй байна. Тиймээс бид шууд орон нутгийн бэлтгэн нийлүүлэгчидтай хамтран ажилладаг. 

Монгол эх оронд ургасан ургамал, жимсээ тэдгээр орон нутгийн нийлүүлэгчдээс авч байна. Органик цайнд байх зарим нэг “классик” гэж болох орцууд маань Монголд байхгүй учир гаднаас зарим түүхий эдээ авах тохиолдол байна. Яваандаа тэдгээрийг эндээ тарималжуулах боломжийг судална.

Байгалийн органик бүтээгдэхүүнийг авч бүтээгдэхүүндээ ашиглаж байгаагийн хувьд бид эргээд заавал байгальдаа хөрөнгө оруулалт хийх ёстой. Олсон ашгаасаа эргээд заавал байгальдаа, нийгэмдээ зарцуулна. Тэр чигтээ л нийгэмдээ ач холбогдолтой байхыг хичээх болно. Энэ маань их эерэг ажил л даа.

- Үйлдвэрлэл явуулахад бас нэг чухал үзүүлэлт нь боловсон хүчний асуудал байдаг. Монгол Улсад анх удаа органик цай үйлдвэрлэхээр ажиллаж байгаа танай компанийн хувьд боловсон хүчний асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

- Зөвхөн цай ч гэлгүй гарааны бизнесийн хувьд хүний нөөцийн асуудал нэн тэргүүний тулгамдсан асуудлуудын нэг байдаг. Бидний хувьд яг органик цайгаар дагнасан мэргэжилтэн монголоос олоход түвэгтэй байсан. 

Хүнсний үйлдвэрлэлд олон жил ажилласан технологичтой хамтраад найрлага, үйлдвэрэлийн технологио боловсруулж байна даа. 

 

- “Аньстай цай”-ны савлагаа их өвөрмөц харагдаж байна. Хүнсний бүтээгдэхүүний хувьд  савалгаанд тодорхой стандартууд тавигддаг байх?

- Тэгэлгүй яах вэ. Ер нь бол хүн юу ууж идэж байгаагаа мэдэж байх ёстой. Тиймээс цай маань гаднаасаа харагдаж байхаар савладаг. 
Дэлхийн жишгээр органик цайнууд пирамид хэлбэртэй савлагаатай байдаг. Тэр жишгээр савласан. Мөн Монгол гэсэн дүр төрхийг илтгэх зорилгоор Монгол хээгээр чимсэн. 

Зах зээлд түгээмэл байгаа бусад цайны адил байгаль, уул талын зураг тавихаас илүүтэйгээр анхаарал татах өнгөлөг, загварлаг байхыг хичээсэн. Гадаадын хүнд ч ойлгомжтой байхыг бас бодолцож, түлхүүр үгсийг англиар бичсэн болохоор гадагшаа явахдаа манай цайг авч явж сонирхуулж болно.

- Импортын органик цайнууд байхуу цайнаас харьцангуй үнэтэй байдаг. Монголдоо үйлдвэрлэсэн органик цай импортын цайнаас хямд өртөгтэй байж чадах уу?

- Монголдоо хийж байгаа гэдгээрээ гадны ижил төрлийн цайнаас 2-6 дахин хямд үнээр бүтээгдэхүүнээ гаргаж чадаж байна. Хэрэглэгчид органик цайг сонгон хэрэглэх тусам үйлдвэрлэлийн зардал улам буурч, түүнийг дагаад манай бүтээгдэхүүний үнэ ч буурах боломжтой. 

"Аньстай цай"-ны борлуулагдах үнэ 4,350-5000 төгрөг байгаа. Байхуу цайнаас илүү өндөр үнэтэй гэсэн үг. Гэхдээ яг ижил төрлийн импортын органик цайнуудтай харьцуулахад хамаагүй хямд.

Бидний зүгээс химийн найрлагагүй,хамгийн чанартай бүтээгдэхүүнийг боломжит хамгийн хямд үнээр хэрэглэгчиддээ хүргэхийг зорьж байгаа. 

-Импортлогчоос үйлдвэрлэгч рүү шилжиж байна. Цаашдын төлөвлөгөөгөө танилцуулахгүй юу?

-Бид импортлогчоос үйлдвэрлэгч болох эхний алхмаа хийчихлээ.  Мэдээж хэрэг үйлдвэрлэлийн ажлаа улам өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

Монголын органик цай үйлдвэрлэгч гэдэг нэрийн хуудсаа эх орондоо таниулж, цаашид манай орны талаар олон улсад хоногшсон "органик" гэсэн ойлголтыг баталгаажуулахын төлөө ажиллах алсын хараатай. Яагаад Монголын зэрлэг ой тайга, хөвчид ургасан жимс ургамалаар хийсэн цайг дэлхийд гаргаж болохгүй гэж.

-Брэндийн нэр их өвөрмөц санагддаг. “Цай ба Хоёр Навч” гэх нэр ямар утгатай вэ?

-“Нахиа ба хоёр навч” гэсэн хэллэг байдаг л даа. Энэ нь ямар утгатай вэ гэхээр цайны ургамлын нахиа ба хоёр навчаар хийсэн цай хамгийн сайн цайнд тооцогддог.  Үүнээс санаа авч хоёр навч гэдэг үгийг аваад дээр нь цай гэдэг үгийг оруулж “Цай ба Хоёр Навч” нэрийг өгсөн.

 

- Шинэ старт ап бизнес эхлүүлж байгаа залуусын хувьд шинэлэг бизнес санаачлан хөгжүүлэхийн зэрэгцээ эргээд нийгэмдээ өгөх өгөөжийн талаар санал санаачлагууд их гаргадаг болж?

- Тийм ээ. Залуучууд entrepreneur болох хандлага сүүлийн үед их болсон. Миний хувьд одоогийн залуус их бүтээлч сэтгэхүйтэй, бүтээе гэсэн эрмэлзэлтэй болж байгааг анзаардаг.

Нийгэмд хэрэгтэй, хүмүүст хэрэгтэй бизнес гэдэг өөрөө их эерэг.

Би хувьдаа энэ эхлүүлсэн ажлаа их утга учиртай гэж боддог. Эрүүл бус хэрэглээг эрүүл хэрэглээгээр солихыг хүсч байгаа. Нийгэмд хэрэгтэй, хүмүүст хэрэгтэй бизнес гэдэг өөрөө их эерэг. Хийж бүтээж байгаа маань утга учиртай байгаасай гэж хүсдэг дээ.

- “Аньстай цай” худалдаанд гараад хоёр сар болж байгаа гэсэн. Хаагуур худалдаалагдаж байгаа вэ?

- Дөнгөж шинэ гарч байгаа учраас бүх газарт хүрч чадаагүй байна. Одоогийн байдлаар Нарангийн бүх сүлжээ дэлгүүрүүд, Гранд Плазагийн “ZA ZA” супермаркет, Хүүхдийн 100-ийн Солонго супермаркет, Баянмонгол хорооллын Оранже супермаркет, Home plaza-н супер маркетуудад худалдаалж байна. Тун удахгүй Миний дэлгүүр сүлжээний бүх салбараар түгээгдэнэ.

Бид борлуулалтын сувгаа өргөжүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа тул сонирхсон худалдааны байгууллагуудыг бас бидэнтэй холбогдохыг уриалмаар байна.

- Ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд амжилт хүсье.

- Маш их баярлалаа. Гарааны бизнесийн хувьд бидний мэдээллийг ингээд олон түмэнд хүргэнэ гэдэг их дэмжлэг шүү дээ. Танай хамт олон бас амжилт хүсье.