Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Бидний өвөг дээдэс Пикассогоос дутахгүй зурсан байгаа юм

President.mn
2016 оны 5 сарын 31
President.mn
Зураг зураг

Холбоотой мэдээ:

Дэл уулын хадны зургууд

Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн ивээл дор зохион байгуулж буй “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан”сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, экспертүүдийн уулзалт хоёр дахь өдрөө Туушин зочид буудалд болж байна. 

Уг хуралд ЮНЕСКО болон Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ, Турк, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улс, БНСУ, Япон, Турк, Франц, Австрали, Азербайжан, Испани зэрэг орны эрдэмтэн, судлаачид оролцож байгаа юм. Хуралдаан өнөөдөр өндөрлөнө.

Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Балар болон өнө эртний судлалын Олон улсын нийгэмлэгийн гишүүн П.Цагаан үг хэллээ.

Тэрбээр "Эх орны маань өргөн уудам газар нутаг- хөрсөн доороо ч, хөрсөн дээрээ ч асар их баялагтай гэдэг. Гэтэл тэрхүү баялгуудын нэг нь бидний өвөг дээдсийн хаданд мөнхлөн үлдээсэн урлаг, уран зургууд байсан гэдгийг бид тэр бүр сайн мэддэггүй байсан.

Энэхүү түүх соёлын дурсгалын талаар манай их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, О.Намнандорж нар болон орчин цагийн нэвтэрхий толь болсон Д.Цэвээндорж, түүний шавь, түүх, археологийн эрдэмтэн судлаачид судалснаас гадна олон улсын эрдэмтэд судалж, хадны зургийг дэлхий нийтийн анхааралд хандуулж байгаад их баяртай байна.

Өвөг дээдсээс үлдээсэн түүхийн энэхүү гайхамшигт дурсгалуудыг олж нээх, танин мэдэх, цаашлаад тайлж унших, хадгалж хамгаалах нь өнөөгийн Та бидний үүрэг гэж бодож байна. Хадны зургийг сонирхож судлах нь түүх, соёл, хөгжлийн олон талт ач холбогдолтой гэдгийг бид ойлгох цаг болсон. Өнөөдрийг хурлаар бид шинэ ажил эхлүүлж байна." гэв.


Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэхдээ "ЮНЕСКО Монгол хадны дэлхийн өвийг бүртгэсэн бүртгэл батламжийг надад гардуулж өгч байсан. Энэ бол Монгол Алтайн зураг байсан. Бид нар нэмээд дахиад хоёр санал тавиад байгаа. Цагаан салааны хадны зураг, хойд Цэнхэрийн агуйн хадны зургийг  бүртгүүлье гэсэн. ЮНЕСКО бол дэлхийн урлаг, соёл, боловсролын өвийг хариуцаж авч явдаг, үлдээх ёстой байгууллага. Энэ байгууллага өөрийн үүргийг мундаг ухамсарлаж байна гэж үзэж байгаа.

Өнөөдөр бидний тавьсан хоёр саналыг урьдчилсан байдлаар бүртгэж авъя гэсэн хэлэлцүүлэг явж байгаа гэж ойлгоорой. Үүний төлөө энэ байгууллага ажиллаж байгаа. Монголоос энд гурван гайхамшигтай өв бүртгэгдсэн.

Монгол Алтайн хадны сүг зураг хэдэн км үргэлжилдэг. Арван хэдэн км гэж ярьдаг. Байгалийн галарей гэсэн үг. Би өнөөдөр өглөө бодож байлаа. Би 30-аад жил зураг цуглуулж байгаа. Миний хобби зураг цуглуулах. Энэ сонирхлыг намайг төрөхөд суулгаад өгчихсөн юм байна шүү дээ. Тэгэхээр хадны зургийг үлдээхийн төлөө, намайг мэдээгүй байхад бидний өвөг дээдэс далд мессэж явуулсан юм байна гэж би хувьдаа ойлгож байна. Энэ ариун үйлсэд нэгдэж байгаад баяртай  байна. Энд бас бидний анхаарах шаардлагатай зүйлсүүд байгаа.

Хадан дээр бидний өвөг дээдэс гайхамшигтай шүлэг дуу бичиж үлдээсэн. Бид нэг насанд тохиолдох ганц үйл явдал, зуунд тохиолдох үйл явдал гэж ярьдаг. Яг тийм үйл явдлаа хаданд бичиж үлдээсэн байдаг. Зөвхөн хадны зураг биш, хадны шүлэг, хадны дуу, хадны магтаал хадан дээр бичсэн түүх гэдэг бол гайхамшигтай зүйлүүд. Энэ бол улс орон бүхэнд байдаг байх гэж би боддог.

Орчин үед тэр бүхнийг зурсан аргаас нь үзээд насыг нь тогтоодог болсон юм байна. Энэ хадны зургийг тэдэн онд зурсан юм байна гэж гаргаж ирэх боломжтой болж байгаа. Тэр бол гайхамшиг. Тэгэхээр энэ гайхамшигтай зүйлд учир байна. Энэ гайхамшигтай зүйлд оролцсон олон байгууллага, сургуулиуд, эрдэмтэд, судлаачдад талархал илэрхийлье. Гадаадын зочдод, ач холбогдол өгч энэ хуралд хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлье." хэмээн онцоллоо.

Монгол эрдэмтдийн тавьж буй илтгэлүүд:

  1. Археологийн амьд архив- Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Цэвээндорж “Монгол Алтайн нурууны хадны зурганд мөнхөрсөн эвэрт амьтад”
  2. Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Соёл Урлагийн их сургуулийн профессор, доктор С.Дулам “Рашаан хадан дээрх “Тамгат бүжигчин” зургийн нууцыг тайлан унших нь”
  3. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Го.Аким “Маген Дэвид үнэхээр Монголоос олдсон”
  4. Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн доктор, дэд профессор Ю.Болдбаатар “Монголын зарим хийсвэр хадны зургийг тайлбарлах нь”
  5. Урлаг судлалын дэд профессор, зураач, барималч, доктор С.Бадрал “Хадны зураг дахь хүний нүүр царайг ажиглах нь”
  6. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Батболд “Говь-Алтайн нуруун дахь хадны зургийн цогцолбор”
  7. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян–Өлгий аймаг дахь судалгааны төвийн судлаач, доктор Б.Өмирбек “Монгол Алтайн Хэмцэгийн хадны зураг” 
Фото 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг