Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Citi: Хятадын дотоодын нүүрсний үнэ 20%-иар өсч болзошгүй

Г.Төгс
2016 оны 5 сарын 30
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Хятадын Засгийн газрын явуулж буй нүүрсний дотоодын олборлолтыг хумих эрчимтэй бодлогын дүнд энэ оны сүүл гэхэд нүүрсний үнэ 20%-иар өсч магадгүй тухай Citigroup таамаглаж байна. Тодруулбал оны сүүлийн сард Цинхуандао боомт дээрх нүүрсний үнэ одоогийн 376 юань/тонноос өсч 450 юань/тонн болж мэдэхээр байна.

Хятадын Засгийн газар дотоодын уурхайн нүүрс олборлолтын хүчин чадлыг 16%-иар бууруулж, жилд ажиллах ажлын өдрийг 330 хоног байсныг 276 болгож танахыг үүрэг болгоод буй юм.

Засгийн газрын ийнхүү шийдвэртэй арга хэмжээ авч буй явдал нь дотоодын нүүрсний салбарт айсуй их дампуурлыг сөрөн зогсох, түүнээс зайлсхийх алхам болж буйг тус банкны шинжээчид тайлбарлажээ. Энэхүү шийдвэр нь ирэх улирлуудад эрчимтэйгээр хэрэгжих төлөвтэй байна.

Citi банкны тооцоолж буйгаар Хятадын түүхий нүүрсний олборлолт энэ жил 9%-иар буурч магадгүй байгаа нь мөн онд эрэлт 3.4%-иар буурч буйгаас давсан үзүүлэлт болох юм.

Хятад улс ирэх таван жилийн хугацаанд нүүрсний олборлолтын хүчин чадлаа 500 сая тонноор бууруулахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Төрийн зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдэж байсан юм. Тэр дундаа нүүрс олборлолтын гол бүс нутаг Шанси мужийн нүүрсний олборлолтын хүчин чадлыг 2020 он гэхэд 100 сая тонноор бууруулахаар орон нутгийн Засгийн газар мэдэгдээд байгаа билээ.

Ирэх сард Хятадын зарим томоохон нүүрсний компани бүтээгдэхүүн борлуулалтын үнээ тонн тутамд 5-10 юаниар нэмэгдүүлж магадгүй байгааг ICIS C1 Energy мэдээлжээ.

Хятадын төв банкны тухайд ч нүүрсний дотоодын олборлолтын төсөлд зээл олголтыг хумиад байгаа юм.

Зураг