Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Назарбаев өөртөө бунхан босгох гээд эсэргүүцэлтэй тулгарчээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Казахын нэр хүндтэй хүмүүст зориулсан оршуулгын газар байгуулах санаа олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Астана хотын ойролцоо 9,000 гектар газар эзэлсэн томоохон байгууламжинд нэр хүндтэй Казах хүмүүсийг бунхалж гавьяаг нь мөнхлөх ба үүнд эрх баригчид $235 саяыг гаргахаар төлөвлөсөн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Гэвч байгалийн баялгаас хамааралтай Казахстаны эдийн засаг хүндхэн байгаа энэ үед дэмий зүйлд хөрөнгө зарцуулахыг иргэд нь эсэргүүцсээр байгаа гэнэ.

Иргэд эсэргүүцлээ нийгмийн сүлжээгээр илэрхийлцгээх болжээ. Жишээ нь Алматы хотын иргэн Женис Кайржанова “тэд бунхан баримаар байвал тааллаараа болог. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр бус, өөрсдийнх нь хөрөнгөөр босгох хэрэгтэй” гэж твиттер хуудсандаа нийтлэжээ.

Өөр нэг блогчин Яков Фёдоров “хямралын үед бунхан босгох нь бүх тэтгэврийн хөгшдийг цуглуулаад тэтгэмжийг нь нэмэгдүүлэхийн оронд гоё сайхан оршуулгын газар байгуулж өгөхөөр болсноо тайлбарлаж байгаагаас ялгаагүй” гэжээ.

Тэдний зарим нь тус улсын удирдагч Нурсултан Назарбаев төсвийн хөрөнгийг өөрийн алдар хүндийг өвлүүлэн дамжуулахад зориулах гэж байна гэж хардацгааж байгаа юм.

Тавдугаар сарын 18-нд Казахстаны Соёл, Спортын сайд Арыстанбек Мухамедюли хэвлэлд ярихдаа “Казахстанд ажиллаж, амьдарч байсан агуу хүмүүс үе үеийнхний бахархал болж үлдэх ёстой. Тиймээс бид бунхан барих юм” гэж хэлснээс энэ бүх маргаан дэгджээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт буюу 26-ны өдөр Астана хотын зөвлөл энэ төсөлд зориулж 1,400 гектар газар шилжүүлэхийг шийдвэрлэсэн нь асуудлыг бүр хурцатгасан байна.

Гэвч олон нийтийн хүчтэй эсэргүүцэл үр дүнгээ өгсөн эхний шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлжээ. 27-ны өдөр Эдийн засгийн сайд Куандик Бишимбаев уг төсөлд зориулагдах мөнгө энэ оны болон ирэх жилийн төсөвт байхгүй тухай сэтгүүлчид ярьсан байна.

Алматыд амьдардаг улс төр судлаач Сергей Дувановын үзэж байгаагаар уг бунхан нь 1989 оноос хойш Казахстаныг удирдаж байгаа 75 настай ерөнхийлөгч Назарбаевт зориулагдсан байж магадгүй гэнэ.

“Фараонуудын нэгэн адил Назарбаевын хувьд одоо хэрхэн мөнхрөх тухай бодох цаг нь болсон. Тэр ийм бунхан байгуулснаар Казахын түүхэн дэх номер нэг хүнээр өөрийгөө өргөмжилж, алдар хүндээ түүхэнд мөнхлөх зорилготой байгаа гэж би бодож байна” гэж тэр өгүүлжээ.

 

 Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty