Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Наранбаатар: Урлагийн салбар тусдаа яамтай, мэргэжлийн сайдтай болох ёстой

Х.Монголхатан
2016 оны 5 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг
УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Гэрэл зургийг Г.Өнөболд

Бид салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэнд хүргэдэг билээ.

Энэ удаагийн зочноор УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарыг урилаа.

МОНГОЛЫН ТЕАТРЫН УРЛАГИЙН ХӨГЖИЛ АЗИДАА НЭГДҮГЭЭРТ ЯВНА

85 жилийн түүхтэй манай театр 1979 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч С.Галсанжавын “Гамлет” жүжгийг тавьсныхаа дараа эрдмийн гэдэг нэрээ авч байсан. Театр урлаг нийгмийн оюуны хөтөч, нөгөө талаас хүний сэтгэлийг эмчилдэг газар юм. Эмнэлэгтэй зүйрлэвэл театр мэс заслын өрөө нь гэсэн үг. Өнөөдрийн сэтгэл их эвдэрсэн үед театр чухал үүрэгтэй.

Хүний амьдрал тэр чигтээ таашаалын тухай ойлголт юм.

Хүмүүс олон янз байна. Мэдлэгтэй, боловсролтой, чадвартай, оюунлаг, авьяастай ч гагцхүү зөв сэтгэл дутагдаж, хүн гэж хэлэгдэх суурь нь үгүй болжээ. Театр бол нийгмийн толь юм. Бид ингэж амьдарч байна, энэ зөв үү, буруу юу, яаж өөрчлөх тухай театр уран бүтээлээрээ гаргаж харуулдаг. Тиймээс театр соён гэгээрүүлэх, оюуны хөтөч юм.

Хүний амьдрал тэр чигтээ таашаалын тухай ойлголт юм. Таван мэдрэхүйгээр нь дамжих таашаалыг театрын урлаг өгөх ёстой. Хүмүүс гоо зүй, ёс суртахууны асар олон зүйлийг урлагаас ойлгож авдаг. Эцэстээ театр хүнийг хүн байлгах гэж, хайрыг л ойлгуулах үүрэгтэй. Хүн хүнээ, байгаль дэлхийгээ, хамт олноо, нийгмээ хайрлахын тухай ухагдахуун юм. Театрыг ариун сүм гэж зүгээр нэрлээгүй нь лавтай. Оюун сэтгэлийг нь эмчилж ариун байлгах зорилготой болохоор тэр. 

Театрт жүжиг үзээд сэтгэл нь хөдөлсөн хүн “би хулгайлсан, би хүн алсан” гэж хашгираад өөрийгөө барьж өгсөн түүх байдаг. Тэгэхээр театр гэгч амьд урлаг хүмүүсийн сэтгэл оюунд ямар хүчтэй нөлөөлдгийг харуулж байгаа юм. Хөгжлийн хувьд анх үүссэн цагаасаа өнөөг хүртэл хөгжиж ирлээ, цаашид ч театрын урлаг хөгжсөөр байх болно.

Өнөөдрийн хувьд Монголын театрын урлагийн хөгжил ямар явна гэдгийг дүгнэвэл  Азидаа нэгдүгээрт явна гэж би хэлнэ. Жүжигчид, найруулагчид, зураачид, хөгжмийн зохиолчид гээд манай уран бүтээлчид хаана ч гологдохгүй мэргэжлийн ур чадвартай. Гагцхүү техник технологиороо хоцрогдсон.

Социализмын үед театр маань нийгэмд хүлээсэн оюун санааны хөтчийн үүргээ биелүүлж ирсэн. Гэхдээ үүн дээр цаг үе, нийгмийн хөгжилтэй уялдуулан үзэл суртал нэмэгдэж байсан. Мэдээж уран бүтээлчийн хэлэх гэсэн санааг хааж боох зүйл байсан учраас нийгмийн болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг гаргахын тулд өөр жижиг зүйлд анхаарлыг нь хандуулж батлуулдаг арга хэрэглэж байсан гэдэг. Гэхдээ л оюун тархийг хөгжүүлэх, оюунлаг байлгах тал дээр анхаарч ирсэн байдаг.

УРЛАГТ ХАЙРГҮЙ ХҮМҮҮСИЙН ГАРААР ОЛОН ТЕАТР ҮГҮЙ БОЛСОН

Театрын урлаг хөгжиж ирсэн цаг үеийнхээ явцад нүдээрээ үзэх бус сэтгэлээрээ мэдрэх, тархиараа үзэх чадвартай үзэгчид театрт ирдэг байсан. Тиймээс л нийгмийн дийлэнх хэсгийг хамардаггүй байх. Ард түмэн оюуны бядтай болох тусам театрыг зорих нь ихэснэ. Тархиа ажиллуулж урлаг үзэх, ойлгох гэдэг үзэгчийн хувьд сонирхолтой.

Нийгэмд болохгүй байгаа зүйлсийг уран бүтээлээрээ гаргаж тавих нь найруулагчийн эмзэглэл. Театр шүүмжлэлтэй хандахын зэрэгцээ баяр баясал, ухаарал, амьдрах итгэл, уйтгар гуниг ч өгөх ёстой.

Гуниг гэдэг өөрийгөө чагнаж буй нэг хэлбэр юм. Хүмүүс ихэнхдээ өөрийгөө чагнадаггүй. Өдөрт ядаж хоёр минут өөрийгөө чагнаж, би хэн билээ, юу болоод байна, яагаад байна гэж эргэцүүлж бодох хэрэгтэй. Тэгэхээр хүн байхын тулд нэгдүгээрт, өөрийгөө сонсож чадсан байх ёстой. Хоёрдугаарт, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж чаддаг байх ёстой. Гуравдугаарт, бусдыг энэрч хайрлаж чаддаг байх ёстой. Энэ гурван шинжийг өөртөө бий болгосноор хүн гэсэн ухагдахуунтай болох юм.

Өнөөдөр Улаанбаатар хотод Улсын эрдмийн театр нэг л байна. 21 аймаг театртай ч төрөөс хамааралтай учраас төсөвтөө баригдан ажиллаж байна. Механизмын хувьд хоцрогдмол явж байна гэсэн үг.  

Өмнө нь Хүүхэд залуучуудын театр гэж гайхамшигтай сайхан театр байсан нь урлагт хайргүй хүмүүсийн гараар ороод үгүй болсон. Орчин үеийн театр, Армийн театр гэж байсан ч санхүүжилт, дэмжлэггүйгээс байхгүй боллоо. Театр бол гарцаагүй төрөөс дэмжлэг авах ёстой салбар. Төр театр урлагтаа анхаарлаа хандуулж, чухал хандах ёстой юм. Саяхан Соёлын яамтай болоод урлагийнхан бид маш их баярлаж байлаа. Ингээд нэг төрийн бодлогод орж, хөгжлийнхөө зам руу орох нь гэж найдаж байтал динозавр ярьсаар яам ч үгүй боллоо. Энэ бол эмгэнэл юм.

Манай төрийн түшээд жаахан ичмээр байгаа юм. УИХ-ын гишүүн болчихоод давраад сайд болох гэж зүтгэнэ. Яасан их шуналтай, ямар их нэр алдарт дуртай юм бэ. Ядаж байхад мэддэггүй салбарынхаа сайд болчихоод мэддэг юм шиг яриад явахаар нь бухимдах юм. Уг нь сайд салбараа маш сайн мэддэг, бүр цаад буланд нь юу байдгийг ч мэддэг, мэргэжлийн, удирдах чадвартай, стратеги бодлогоо мэддэг хүн байх ёстой. Тэр сайдын сайн, муу ажиллаж байгааг УИХ хянах хэрэгтэй биз дээ. Гэтэл өөрсдөө гишүүн, сайдаа давхар хийгээд байгаад нь гайхах юм. Хүн бүр хийж чадах ажлаа хийж, цэг цэг дээрээ л зогсмоор байна.

Монголын урлагийнхан өнөөдрийн хүнд нөхцөлд чадах чинээгээрээ соёл урлагийн салбарыг хөгжүүлж, нуруундаа үүрсээр өдий зэрэгтэй авч явна. Бүх л арга хэмжээний урд урлагийнхныг барьдаг хэрнээ ашиг хонжоогоо өөрсдөө хүртдэг. 

БИДЭНД ГАЙХАЛТАЙ УРАН БҮТЭЭЛ ХИЙХ УР ЧАДВАР БАЙГАА Ч ТӨР ЗАСГИЙН ДЭМЖЛЭГ АЛГА

Саяхан СУИС дээр Азийн 13 орон оролцсон АТЕС-ийн их наадам болж өнгөрлөө. Энд мини АСЕМ боллоо гэдэг манайх ямар үзүүлэлттэй, хөгжилтэй явааг харуулж байна. Гэхдээ урлагийн салбарынханд төрийн зөв бодлого, дэмжлэг хэрэгтэй байна. Өнөөдөр төрийн статустай УДЭТ-ын хамгийн сайн жүжигчин 578 мянган төгрөгийн цалинтай байна. Түүнээсээ татвараа суутгуулаад хоёр хувааж 260-270 мянган төгрөг гар дээрээ авдаг. Ийм цалингаар яаж өнөөгийн нийгэмд амьдрах билээ. Гэвч бүгд сэтгэл зүрхээрээ Монголын урлагийн төлөө, драмын урлагийн төлөө ажиллаж, амьдарч байна. Манай театраас олон уран бүтээлчид олон улсын наадамд амжилттай оролцож ирсэн. Гадны шүүгчид ирээд бидний тавьсан жүжгийг үзээд өндрөөр үнэлж байна.

Бид 1965 онд хийсэн гэрлийн техник ашиглан уран бүтээлүүдээ хийж байна.

Гэтэл бид 1965 онд хийсэн гэрлийн техник ашиглан уран бүтээлүүдээ хийж байна. Төр засгаас урлагаа боддог бол ядаж театрын гэрэл, техник, тайз, дуу шуумны технологийг солиод өгчих л дөө. Хойд хөршийн Ерөнхийлөгч Путин “Большой театр”-таа их засвар хийлгэж дэлхийн түвшний болгосон шиг. Тэгвэл бидэнд гайхалтай уран бүтээл хийх ур чадвар байна. Үнэхээр орчин үеийн шаардлага хангасан гэрэл, техник, дуу шуумны технологитой болчихвол гайхшруулж чадна.

Өнөөдөр авьяаслаг уран бүтээлчдийг дэлхийн тавцанд яагаад гарахгүй байна гэдэг. Энд хамгийн чухал нь төрийн бодлого байх ёстой. Төрөөс бодлогоор дэмжээд төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд түүхэн онцлогоо гаргасан дэлхийн стандартыг хангасан мэргэжлийн кино хийгээд Холливудад гаргавал Монгол Улсыг дэлхий сонирхоно, жуулчдыг татна. Түүхэн киногоо хийхийн тулд хот барьж зураг авалтаа хийчихээд дараа нь түүнийгээ жуулчдад үзүүлэх нэг том үзвэр болгож ашиглана. Бусад улс орон ийм л жишгээр явдаг.

Бидэнд одоо үндэсний үзэл, үндэсний бахархал бий болох хэрэгтэй байна. 1960 онд Г.Сүхбаатар гуай үндэсний үзлийн талаар хэлэхдээ нэгдүгээрт, бүтээлч сэтгэлгээтэй байх, хоёрдугаарт, ардын сайхан ёс заншил, соёл урлагаа дээдлэх, гуравдугаарт, газар шороогоо хайрлах, дөрөвдүгээрт, эх түүхээ мэдээд зогсохгүй юун дээр алдаж онож байснаа эргэцүүлэн цаашдын төлөвлөгөө гаргах, тавдугаарт, эх хэл бичиг соёлоо эрхэмлэх, зургадугаарт, иргэнч байх бусдыг хүндэлж амьдрах гэж томъёолсон байдаг. Гэтэл өнөөдөр Монголд либериализм буюу амин хувиа хичээх үзэл сууж байна. Миний гэр бүл хэнээс ч гуйхгүй, хэнд ч туслахгүй гэсэн амьдралаар амьдардаг хүмүүс олширч байна. Энэ үзлийн загалмайлсан эцэг нь зохиолч Айн Рид юм. Өөрийнхөө амжилт, амьдралын төлөө бусдыг золиослох, хэдэн хүн хохирохыг юман чинээ бодохоо больсон мөсөн зүрхтэй хүмүүс бий болж байгаа нь аймшигтай. 

ТЕАТРУУДАД ӨӨРИЙГӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХ БОЛОЛЦООГ ГАРГАЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Манай театр амжилттай ажиллаж байгаа. Хамгийн сүүлд “Ромео Жульетта” жүжгийг 150 сая төгрөгөөр тавьсан ч 67 удаагийн тоглолтоороо зардлаа нөхсөн. Гэвч дараагийн уран бүтээлийнхээ төсвийг төрөөс хараад сууж байна. Уг нь бидэнд зардлаас давсан орлогоо захиран зарцуулах эрхзүйн орчин нь байдаг бол дараагийн уран бүтээлдээ зориулах юм уу, сайн ажилласан хүмүүсээ урамшуулмаар байна. Энэ эрхзүйн орчин бүрдчихвэл Монголын бүх л театр урлагийн байгууллагад шинэ сайн уран бүтээл төрөх нэг хөшүүрэг болно шүү дээ. Авторын шагнал гэж байсан. Тэрийг сэргээх хэрэгтэй. Жишээ нь, жүжгийн сайн зохиолыг 20 сая төгрөгөөр худалдаж авч болно гэсэн хэмжээ тогтоочихвол зохиолчид сайн зохиолоо өгөхийг бодно. Тэгснээр нэг ч болов айлын амьдралд тус болно.

Гэтэл өнөөдөр манайд захын наймаачид шиг л яриа болдог. “Уг нь сайхан зохиол юм даанч театрт мөнгө алга, жаахан яриач, буулгаач” гээд сууж байна. Энэ бол үнэхээр утгагүй асуудал. Уран бүтээлчдийн цалинг анхаарах цаг болсон. Өнөөдөр манай уран бүтээлчид төрийн үйлчилгээний зургадугаар ангиллаар цалинжиж байна. Мөн солист гэх мэт зэрэглэлийг цалингийн фондод тусгамаар байгаа юм. Театр зах зээлийн нийгэмд өөрөө, өөрийгөө санхүүжүүлэх бололцоонуудыг гаргаж өгөх хэрэгтэй.

Уран бүтээлчдийн уран бүтээлээ хийх орчинг бүрдүүлэх ёстой. Орчин нь эрхэмсэг байх ёстой. Америкийн “Бостон” балетын театрын жүжигчид маш гоё, тав тухтай, тансаг өрөөнд ганцаараа суудаг. Гэтэл манай нэг өрөөнд 5-10 жүжигчин хамт байна. Ийм л хүнд нөхцөлд уран бүтээлчид ажиллаж байна. Монголын бүх л урлаг сэтгэлтэй зүтгэлтэй хүмүүсийн хөлс хүчин дор хөгжиж явна.

Бидэнд одоо хамгийн чухал шийдэх асуудал бол соёл урлагийн салбар тусдаа яамтай болох ёстой. Тэр яам нь бодлогоо боловсруулдаг, сайд нь мэргэжлийн хүн баймаар байна. Энэ салбарын төлөө бүхнээ хийх сэтгэлтэй чадвартай байх ёстой. Төрийн бодлогыг урлаг руу хандуулснаар Монголын театрыг дэлхийтэй холбох гадаад харилцааг бий болгох  хэрэгтэй. Дэлхийн том театруудтай холбоотой ажиллах, уран бүтээлчдээ гадаадад сурталчлах ажил дутагдалтай байна.

Монголын уран бүтээлчид гадаадын том фестивалиудад оролцох хэрэгтэй байна. Үүнд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Спортын өндөр амжилт гаргасан тамирчинд төр засгаас урамшуулдаг шиг урлагийн том фестивалиудад амжилт гаргавал шагнах тогтолцоо чухал байна. Энэ фестивалиудын нэрсийг яам нь гаргаад өгчих хэрэгтэй. Ерөөсөө салбар бүр мэргэжлийн хүнээр удирдуулвал энэ бүх нарийн асуудлыг шийдэж чадах юм.

Монголд авьяас чадвартай уран бүтээлчид олон бий. Театр урлаг нь хөгжөөд ирвэл ард түмэн аяндаа араас дагаад гэгээрнэ. Бодлоготой, хяналттай уран бүтээл туурвих ёстой. Одоо хэн хүссэн бүхэн дуртай сэдвээрээ кино хийж байна. Телевизүүдээр хэлж ярьж, харуулж болохгүй мэдээ, нэвтрүүлэг, кино ямар ч хяналтгүй гарч байна. Гэтэл тэр нь хүүхэд залууст ямар үлгэр дууриалал өгч байгааг анхаарах ёстой. Бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууд маань Монголынхоо өв соёл, үүх түүх, үлгэр домгоо мэддэг байх ёстой. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодохын тулд одоо төр засаг телевиз, кино урлагаа хяналтдаа авах хэрэгтэй байгаа юм. Төр төмөр нүүртэй гэдэг. Хэрэгтэй гэж үзвэл одоо хувьд өгсөн салбаруудаасаа буцаагаад авах хэрэгтэй.

БЛИЦ:

Овог: Уран Боржигон

Нэр: Намнангийн Наранбаатар

Орд: Загас

Төгссөн сургууль: СУИС-ийн кино драмын анги. Удирдлагын академийн төрийн удирдлагын мастер. 

Зан чанарын хувьд: Итгэл үнэмшил байж хүний бүх юм бий болно.

Хэлэх дуртай үг: О.Дашбалбар: “Доромжлуулах тусам долоон бурхан од шиг гялалзана. Гүтгүүлэх тусам гүн шөнийн одод шиг тод гялалзана”

Дуртай шүлэг: О.Дашбалбар: “Тэнгэр шиг бай”

Хобби: Багадаа нисгэгч болохыг хүсдэг байсан болохоор онгоц цуглуулах дуртай.

Шүтлэг: Буддизм

Зураг