Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ламбаа: Хугацааг таван жил болгосноор тэнсэн харгалзах ял болгох боломжтой

Д.Гэрэл
2016 оны 5 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа “Сайдын цаг”-т оролцож, салбартаа хийж буй ажлууд болон шинээр батлуулахаар ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч нарт хариуцлага тооцох асуудлыг хуульчилсан нь эргээд эсэргүүцэлтэй тулгарсан. Таныг салбарын сайдад томилогдоход ч энэ тухай хуулийн төслийг боловсруулахыг анхааруулж байсан?

-Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулж хэлэлцүүлсэн. Төсөл дэмжигдсэн. Гэвч УИХ-ын чуулган завсарласан учир ирэх сарын 23-ныг хүртэл энэ хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 15.1-д өөрчлөлт оруулж байгаа. Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг буюу хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирогч нас барсан гэсэн хоёр заалтыг нэг санкцаар хуульчилсан байдаг. 20-80 сая төгрөгөөр торгож, 2-8 жил хорих ял оноохоор хуульчилсан заалтыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, хамт байгааг салгаж хүнд хохирол учруулсан гэдгийг тусгайлсан заалтгаар буюу торгох, эрх хасах, ял эдлэх хугацааг нь заасан. Үүнээс гадна хохирогч нас барсан тохиолдолд ялын хэмжээг 1-5 жил хорих ял ногдуулахаар хийсэн. Дээд талын хугацааг таван жилээр тогтооно гэдэг нь тэнсэн харгалзах ял авах боломжийг бүрдүүлж байгаа юм. 

-Мөн мэргэжлийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл байгаа. Энэ хууль батлагдвал эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлт орох вэ?

-Эмнэлгийн мэргэ­жилт­ний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Эмнэлэг, даатгагч байгууллага, даатгуулагч, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын хоорондын нөхөн төлбөрийн харилцааг зохицуулсан шинэ хуулийн төсөл юм. Хууль батлагдаад хэрэгжвэл эрүүл мэндийн салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалахад чухал үүрэгтэй байх юм.

-Улаанбурханы вакцинжуулалтад иргэд хэр идэвхтэй хамрагдаж байна. Вакцинжуулалтын үеэр илүү цагаар ажиллаж байгаа эмч нарын цалинд хэдэн төгрөг төсөвлөсөн бол?

-Улаанбурханы эсрэг вакцинжуулалтыг үргэлжлүүлэн хийж байна. Өнөөдрийн байдлаар улаанбурханы өвчлөл 30 хувиар буурсан.

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо 100 руу орж ирсэн. Одоогоор 531 мянган хүн вакцинжуулалтад хамрагдсан буюу 83.2 хувьтай байна. Вакцинжуулалтыг 31-ныг хүртэл хийнэ. Хан-Уул, Налайх, Багахангай дүүргийн иргэд вакцинжуулалтад муу хамрагдаж байна.

Улаанбурхан өвчний дэгдэлт буурсан ч хачигт халдвар дэгдэх төлөвтэй байна.

Сая вакцинжуулалтын арга хэмжээ, шатахууны зардал, илүү цагийн хөлс төлөхөд Засгийн газар тогтоол гараад 948 сая төгрөг шийдэж өгсөн. Энэ мөнгөөр илүү цаг олгогдчихсон. Одоо дахиад илүү цагийн мөнгө үүсч байгаа. Энэ мөнгийг шийднэ. Хэдийгээр улаанбурхан өвчний дэгдэлт буурсан ч хачигт халдвар дэгдэх төлөвтэй байна. Хачигт хазуулсан, халдвар авсан хүний тоо 300 гаруй бүртгэгджээ. Иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, нүүр, амны өвчин өсөх хандлагатай байгаа тул эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулах шаардлагатай байгаа.

-Үүнээс гадна Улсын II төв эмнэлгийн хашаанд барьж байгаа Оношлогооны төвийн барилгыг ямар компани барих вэ. Санхүүжилтийг хэрхэн шийдэж байна?

-Оношлогооны төвийн шавийг тавьсан. Солонгосын 55 сая ам.долларын зээл, манай Засгийн газрын 10 сая ам.долларын хэмжээний санхүүжилттэй, нийт 65 сая ам.доллар зар­цуулагдана. Солонгосын “Самсунг” групп барил­гыг барина. Цахим эрүүл мэндийн компани, барилга барих, тоног төхөө­рөмж нийлүүлэх ком­пани зэрэг нэг кор­пораци болж орж байгаа. Монголын талаас туслан гүйцэт­гэгчээр “Одкон” компани оролцоно. Оношлогооны төвийн давуу тал нь цөмийн хурдасгуурыг үйлдвэрлэх изотопын үйлдвэрийг дотор нь  байгуулна. Энэ бол Монголд анх удаа байгуулагдаж байгаа төв.

-“Самсунг” компанийг ямар шалгуураар сонгосон бэ?

-“Самсунг” гэдгийг өргөн хүрээнд ойлгох хэрэгтэй. Төмөр зам, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал барихаас гадна, эрүүл мэнд боловсрол гээд бүх салбарт хөгжсөн компани. Эрүүл мэндийн талын компани нь шалгарч орж ирсэн. “Самсунг” зөвхөн менежмент хийнэ. Консарциум болоод орчихсон учраас ямар нэгэн асуудал байхгүй. Солонгосын “Экзим” банк урьдчилгаа төлбөрөө хийсэн. Ажил саадгүй явна.

Зураг