Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Отгонзориг: Манай киног үзсэн хүмүүс “Ээждээ цайны сүү бариад очъё доо” гэж бодоод гарах болов уу

Н.Пунцагболд
2016 оны 5 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

“Тэнгэрийн андгай”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Цасан охин”, “Орхидос-1, 2”, “Үл таних эмэгтэй”, “Хөх толбот хүмүүс”, “Улаан дөрвөлжин” зэрэг киноны зураглаачаар ажиллаж байсан  “UB film” медиа группийн ерөнхий найруулагч, зураглаач Б.Отгонзоригтой ярилцлаа.

Тэрбээр тун удахгүй нээлтээ хийх “Ээж” киноны Ерөнхий зураглаач, зургийн найруулагчаар ажилласан юм.

-Ээж гэдэг бол маш том сэдэв. Аль ч өнцгөөс нь харуулж болохоор. Нөгөө талаас барьж авахаас сүрдмээр сэдэв шүү дээ. Тэгвэл энэ сэдвийг барьж авч, зориглон кино хийх болсон шалтгаан юу байв?

-Ээж гэдэг бол миний дуртай сэдвийн нэг. Энэ сэдвээр ямар ч үйл явдлыг харуулж, хэдэн ч ангит кино хийж болно шүү дээ. Энэ хорвоо дээр байгаа хэдэн тэрбум хүний бүгдийнх нь дээдэлж, биширч явдаг ээж гэдэг хүний адал явдал яаж ч өрнөж болно.

Энэ удаад “Чононгоо фильм” продакшн намайг уриад, ээжийн тухай сэдвээр кино хийхээр болсон юм. Зохиолыг нь уншаад үзэхэд маш сонирхолтой санагдсан. 1984 онд болж байгаа үйл явдал. Бараг л болсон явдал гэж хэлж болно. Энэ киног үзэх юм бол Монгол эх хүний сэтгэлийг ойлгож авна. Ээжтэй хүн үхдэггүй гэдэг шиг үртэй хүн ч гэсэн үхдэггүй, гол нь тасардаггүй юм байна л даа. Хэчнээн өвдөж байсан ч гэсэн чанга гишгээд, бүсээ чангалаад, үрийнхээ төлөө зүтгэдэг. Тэр сайхан Монгол эх, Монгол дүр төрхийг гаргах гэж  оролдлоо.

Сайхан Монгол эх, Монгол дүр төрхийг гаргах гэж  оролдлоо. 

Сая кино театрынхан үзлээ. Гайгүй үнэлгээ авсан байх. Мөн Монголын “Кино сан” гэдэг сайтаас гайгүй үнэлгээ авчихсан байсан. Гарчихсан кинонууд 9.06 гэх мэт үнэлгээтэй явж байхад манай кино гараагүй байхдаа л найм давсан  үнэлгээтэй байна. Үзэгчид өөрсдөө энэ сайт руу ороод, саналаа өгч, дүгнэдэг юм билээ. 

-Зохиол дээр та өөрөө оролцсон биз дээ. Уран бүтээлчид санаагаа нийлүүлээд л явсан байх?

-Эхлээд үргэлжилсэн үгийн зохиолчоор зохиолоо бичүүлнэ. Гэхдээ энэ зохиол 10-аад жилийн өмнө бичигдсэн байсан юм билээ. Дараа нь бид кино зохиол болгодог.  Эхлээд найруулагчийн зохиол хийж байгаа юм. Түүн дээр зургийн найруулагч заавал хамтдаа сууна. Дараа нь сценжүүлнэ. Энэ дүрсэн дээр ийм зүйл гарна. Тийм өнцгөөс авна гэдгээ ярина. Тэгэхээр зургийн найруулагч яах аргагүй оролцоотой. 

-Богино хэмжээний видео танилцуулгыг нь үзэж байхад хүү нь хэрэгт орчихож байгаа юм. Тэгээд л эх хүн хүүгийнхээ төлөө сэтгэл санаа зовж, зүтгэж байгаа л агуулга харагдсан. Заавал ийм хүнд үйл явдлаар эх хүний сэтгэлийг гаргах хэрэг байсан юм уу. Өөр хөнгөн өнцөг олон л байна шүү дээ?

-Энэ үйл явдлаар эх хүний дүрийг тодруулж өгч байгаа байхгүй юу. Ийм хурц үйл явдлаар л эх хүний сэтгэлийг гаргах нь зөв байсан. Би ийм үйл явдлыг өмнө нь сонсч байсан байхгүй юу.

Кинонд гарч байгаа нэг айхтар үг бий шүү дээ. “Намайг төрүүлсэн умайндаа гомдоорой” гэж. Энэ бол хүний амнаас гарч болшгүй үг. Миний л толгойд хэзээ ч ийм үг орж ирэхгүй. Тэгэхэд л ингэж хэлж байгаа нь цаанаа нарийн ухаан шүү дээ. Ард Аюуш кинод нэг хуяг орж ирээд гараад явсан чинь үгэн дотор үг гэдэг шиг баахан юм хэлчихээд явсан байдаггүй юу. Яг л тэрэн шиг Монгол ухаан байгаа юм. Манай ард түмний битүү утгатай айхтар үгнүүд бий шүү дээ.

Хотонд чинь цэцэг ургаж нэг аймар үг бий дээ. Сонсохоор магтаал шиг мөртлөө бодоход малгүй бол л гэж байгаа биз дээ. Гэтэл эсрэгээрээ сайн сайхныг ерөөж байгаа үг нь болохоор аяга чинь бүтэн биш, уурга чинь хугархай байг гэх утгатай. Сонсохоор харааж байгаа юм шиг байгаа биз. Гэтэл яг начир дээрээ өнөр өтгөн, үр хүүхэд олонтой, адуу малаар бялхаж байг гэсэн ерөөл. Ийм л Монгол ухааныг бид кинондоо шингээж өгөхийг хүссэн. Яг л Монгол кино болсон.

Анх найруулагчаар нь ажиллаж байгаа жүжигчин Б.Эрдэнэцэцэг намайг урихдаа “Зоригоо миний дүү, дээр үеийн кинонууд яагаад сайн болдог байсан бэ. Би тийм л кино хийхийг зорьж байна” гэж хэлсэн. Манай эхнэр дээрийн зарим киног үзэчихээд “Энэ кино биш болсон явдал байх аа” гэдэг. Тийм л сайн кинонуудыг хийж байсан хэрэг. Бид тийм л кино хийхийг зорьсон юм. Энэ кинонд Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуайтай хамтарч ажиллахад үнэхээр сайхан байлаа. Б.Эрдэнэцэцэг эгч найруулагчаар нь ажилласан. Драмын театрт 20 гаруй жил ажилласан, олон уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан, өмнө нь хоёр хийсэн хүн шүү дээ. Ийм мундаг туршлагатай хүмүүстэй ажиллахад их олон зүйлийг өөр өнцгөөс харж, мэдлэг хуримтлуулж авсан даа. 

-Д.Мэндбаяр гуайгаас өөр хүн энэ дүрд тохирмооргүй санагдсан. Жүжигчдийн сонголтыг яаж хийв. Цэвэр найруулагчийн сонголт уу?

-Ерөөсөө л найруулагчийн сонголт. Энэ киноны гол дүрд Б.Мэндбаяр гуайг сонгоход бүх хүнд таалагдсан. Ямар ч эргэлзээгүй байхгүй. Мэндээ эгч чинь өөрөө Монголын сайхан ээжүүдийн нэг шүү дээ. Дээр үед Ч.Долгорсүрэн гэх мэт мундаг жүжигчид сайхан ээжийн дүрд тоглодог байсан. Тэгвэл одоо байгаа жинхэнэ бурхан ээж нь Д.Мэнбаяр гуай.

Тэгэхээр энэ киног үзээд, гадуур сартганаад явж байгаа залуучууд “Би чинь бас ээжтэй хүн шүү дээ” гэж бодох байх. Муу ээждээ цайны сүү бариад очъё гэж бодох болов уу. Ээжийгээ алдсан мань мэтийн нөхдүүд нь эргэж хараад, “Амьдад нь сайхан байлгахгүй яав даа” гэж харамсч байна. Бусад хүмүүст ч гэсэн ийм бодол төрөх байх. 

 

-Залуу жүжигчин Б.Энхтүвшин гол дүрд тоглосон байсан. Жүжигчин Б.Эрдэнэцэцэг энэ хоёр “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонд ээж, хүүгийн дүрд тогло­сон. Тэр утгаараа дахиж хамтарч уран бүтээл хийж байгаа болов уу гэж бодогдсон?

-Уг нь бид эхлээд “Ромео Жулетта”-д тоглодог Шинээг сонгохоор ярилцаж байсан юм. Гэтэл тэр жүжигчин чинь Драмын театрт ажилладаг, цаг зав багатай байх гээд больсон. Тэгээд л Энхүүш /Б.Энхтүвшин/-г сонгож авсан. Үнэхээр мундаг жүжигчин залуу. Солонгост жүжигчний мэргэжлээр төгссөн. Хар багаасаа л Хүүхдийн ордонд суралцаж байсан болохоор мундаг жүжигчин л дээ. Энэ кинонд ч үнэхээр сайн тоглосон.  

-Та сая алтан үеийн сайхан кино шиг уран бүтээл хийе гэж зорьсон талаараа ярилаа. Тэгвэл тэр зорилгодоо хүрсэн үү. Уран бүтээлийн голыг нугалалцсан хүний хувьд киногоо бага сага дүгнэвэл?

-Би өөрийнхөө киног шууд магтахгүй. Гэхдээ сая кино үзлэгт ороод, хүмүүст үзүүлсэн. Уран бүтээлч бусад хүнд киногоо үзүүлэхээр мэдрэхүй нь илүү сайн ажиллаж, бүх зүйлээ нягталдаг байхгүй юу. Тэгэхэд үзэж байхад Монгол ухаан гарсан байна билээ. Мундаг гарсан байсан. Тэгэхээр зорилгодоо хүрсэн болов уу.

-Дээр үеийн киноны харилцаа арай л өөр байсан. Хүн бүхэн л дээрийн киноны яриаг цээжилчихсэн байдаг шүү дээ. Түүгээрээ илүү давуу талтай, ялгардаг юм шиг санагддаг?

-Дээр үеийн киноны бүх л уран бүтээлчид сэтгэл зүрхээрээ ажилладаг байж. Зохиол ч нь гэхэд ямар ч мөнгө бодохгүй, хамаг сэтгэлээ гаргаж зохиолоо бичдэг. Жүжигчид нь мөнгө бодохгүйгээр тоглодог. Өнөө цагт арай өөр болчихсон байна шүү дээ. Мөнгийг нь сайн өгөх юм бол илүү сайн тоглоно ч гэдэг юм уу.   Гэхдээ сайн жүжигчид мэдээж олон бий.

Дээр үеийн киноны бүх л уран бүтээлчид сэтгэл зүрхээрээ ажилладаг байж.

Манай кинонд мөнгө боддог биш жинхэнэ уран бүтээлчид оролцож тоглосон. Дандаа л мундаг жүжигчид. Мэндээ эгч байна. Ц.Төмөрхуяг, Б.Бямбацогт, Г.Золбоот ах байна. М.Дорждагва ах бас байгаа. Дандаа л мундаг, хуучин бууны хугархай гэдэг шиг чадварлаг жүжигчид тоглосон доо.  

-“Аав” гэдэг кино гарч, үзэгчдэд хүрч чадсан. Зохиол сайтай, аав хүн ийм л байх болов уу гэж бодогдохоор кино болсон. Түүний араас “Ээж” гэдэг кино гарахаар үзэг­чид харцуулах болов уу. “Аав” нэг иймэрхүү байсан, “Ээж” нь яах бол ч гэдэг  юм уу?

-Ялгаа байхгүй дээ, аав, ээж гэдэг гэрийн хоёр багана нь юм чинь. “Аав” гэдэг кинонд ээжгүй хүүхэд гарч байсан. “Ээж” кинонд аавгүй хүүхэд л гарах юм байна. Гэхдээ мэдээж огт өөр үйл явдалтай. Монгол эх хүний ухааныг гаргасан кино болгосон. Энэ кино уг нь “Ээжийгээ би саналаа” гэдэг нэртэй байсан юм. Харин зохиолч маань шууд “Ээж” гэдэг нэр өгчихсөн юм. Гэхдээ энэ нь дээр л дээ. Англиар бичсэн ч гэсэн амар. 

-Сүүлийн үеийн зарим киног үзэхэд гар утасны бичлэг үзэж байгаа юм шиг санагдахаар байдаг. Өнгө  муутай, гологдохоор байх нь бий. Танай киноны трейлерийг үзэж байхад энэ тал дээр илүү сайн анхаарсан юм шиг санагдсан. Зураг авалтын тал дээр ярьвал?

-Бидэн шиг техниктэй харьцдаг уран бүтээлчид дэлхийтэй хөл нийлүүлж алхахгүй бол болохгүй байна. Ямар ч байсан энэ кино бол дэлхийн хэмжээний уран бүтээл болсон. Өнгө дүрслэл, техникийн хувьд огт гологдохгүй. Яагаад гэвэл бид 4К гэдэг форматаар нь авсан.

Одоо бид пост-продакшны ажлыг Солонгост хийлгэх гэж байна. Тэгээд киноныхоо нээлтийг хийчихээд, дараа нь Японд нэг том кино наадамд оролцохоор бэлтгэж байгаа. 

-Тэр нь ямар учиртай кино наадам юм бол. Жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

-Манайхны хийгээд байдаг “Улаанбаатар” кино наадам гэдэг шиг л наадам. Гэхдээ Азийн хэмжээнийх. Азийн Оксар гэж ойлгоход болно. Манайх шилдэг найруулагч, шилдэг зохиолоос гадна жүжигчдээрээ л оролцох байх. Ямар ч байсан хүсэлтээ явуулчихсан. Японы талаас нааштай хариу өгсөн. Хамгийн гол нь техникийн шаардлага хангасан байх ёстой гэсэн. Пост-продакшны ажил хийсэн, дуу дүрсний хувьд ямар ч алдаагүй байвал болно.

Азийн хэмжээнд Монгол хүний ахуй амьдралыг сонирхоно шүү дээ. Тэгж бодоод л оролцоод үзье гэж шийдсэн юм.  Би өнөө маргаашгүй киногоо аваад, Солонгос явна. Манай киноны өнгө, дууг нь янзлах газар Солонгостоо мундаг томд тооцогдох компани юм билээ. Америк, Солонгосын киноны өнгийг нь шүүж, янзалдаг гэсэн.  Уг нь бид эх орондоо энэ мэт ажлаа хийчихдэг бол аятай юу. Гэвч одоохондоо энэ төрлийн боловсон хүчнүүд нь сургууль соёлоо төгсч ирээгүй байгаа.  Энэ ажлыг л хийчихдэг болбол Монголын кино урлагт маш их хэрэгтэй юм.  

Манай Бямбасүрэн ахын “Алсын удирдлага” гэдэг киноны зургийг Америк хүн Монголд зургийг нь аваад, хийгээд дуусгасан. Тэгээд Америкт очиж пост-продакшны ажлаа хийсэн. Гэтэл Бусаны кино наадмаас Гран-при шагналыг нь авч байна шүү дээ. Монголчууд дээр үед Каннын кино наадмаас шагнал авч байсан. Ингээд бодохоор манай уран бүтээлчид муу биш, маш сайн. Ганцхан техникийн тал дээр л хэцүүдээд байгаа юм. Маш их хөрөнгө мөнгө шаарддаг болохоор хэцүү. Тийм болохоор кино ойлгодог продюссорууд их гарч ирээсэй гэж л бодох юм даа. 

-Манай киночид аль болох бага зардлаар кино хийгээд, их ашиг олох гэж хичээгээд бай­на уу даа. Тийм болохоор л уран бүтээл гэж хэлж болохоор кино гарахгүй байх шиг байна?

-Угаасаа дэлхий нийтээрээ тийм байгаа. Гэхдээ пост-продакшныг заавал хийлгэх ёстой. Түүнд заавал мөнгө үрдэг байхгүй юу. Сая Оксар авсан “Өрөө” гэдэг киног хар л даа. Маш бага зардлаар хийсэн. Нэг өрөөнд ээж, охин хоёр юм яриад л байгаа юм. Тэгсэн мөртлөө тэр киноны өнгө, дүрс гайхалтай байгаа биз дээ. Ерөөсөө л өнгө дүрсэндээ л мөнгө зарж байгаа байхгүй юу.

Одоо л манай залуучууд үүнийг ойлгож эхэлж байх шиг байна. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийг хийж байхад “Аравт”-ын дараа би анх удаа “Монгол фильм” компаниас  “Red one”-ийг түрээсэлж авч байлаа шүү дээ. Монголоос хэн ч тэгж мөнгө төлж аваагүй байхад би зоригтой хөдөлсөн. Тэгээд “Хувьсал”-ынханд “За та нар пост-продакшн хийнэ шүү. Би та нарт мундаг камераар зургийг чинь авч өгч байна” гэж хэлээд авч өгч байсан.

Тэр үед “Монгол фильм” компани анх камераа оруулж ирчихээд, өөрсдөө “Аравт” гэдэг киногоо хийчихээд байж байлаа. Манайхнаас тэр камерийг нь ойлгодог ч хүн байгаагүй. Ямар өндөр түрээстэй юм бэ гээд авахгүй байж байхад нь би өөрөөсөө мөнгө гаргаад л аваад, кино урлагийнхаа өнгө дүрсийг өөрчилье гээд л орж байсан. Кино огт өөр л болж байгаа байхгүй юу. 

Зураг