Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хулгайгаас сэргийлж автомашины толин дээр улсын дугаарыг нь шивж байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 27
iKon.MN
 

Зуны урин дулаан цаг ирж, хэн хүнгүй авто машинаа ил, задгай талбайд удаан хугацаагаар тавих, байрлуулан хонуулах болсоноор хороолол дундах зам болон зогсоолууд зайгүй болдог. Үүнийг дагаад автомашины толь, аккумулятор, баттерей, авто машинд үлдээсэн эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай байна.

Иймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх, гаралтыг бууруулах зорилгоор "Толь" нэртэй арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Уг арга хэмжээний талаар БЗД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн ОНХА хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ч.Ганбат "Сүүлийн үед автомашины эд анги, ялангуяа толины хулгай эрс нэмэгдсэн. Тэр дундаа приус 11, 20 машинуудын толь хулгайд алдагдах нь их байсан. Тиймээс бид "Толь" нэртэй арга хэмжээг тавдугаар сарын 18-наас эхлэн зохион байгуулж байна. 

 517 машины толин дээр улсын дугаарыг нь үнэ төлбөргүй шивж өгөөд байна.

Арга хэмжээний хүрээнд манай алба хаагчид иргэдийн өглөө ажилдаа явах, орой ажлаасаа ирэх цагаар машины зогсоолууд дээр  очиж иргэдээс зөвшөөрөл аваад толины суурин дээр улсын дугаарыг нь шивж байгаа. Одоогийн байдлаар нийт 517 машины толин дээр улсын дугаарыг нь үнэ төлбөргүй шивж өгөөд байна. 

 

Энэ төрлийн хулгайн гэмт хэрэг мэдэгдэхүйц буурч байгаа" гэлээ.

Та авто машиныхаа толийг хулгайд алдахаас урьдчилан сэргийлж, дээр нь бичвэр хийлгэе гэвэл доорх байршлуудад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч руу хуваарьт цагт нь залгаад очих боломжтой юм байна.