Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Төр хэзээ ч хийж чадахгүй ажлуудыг өөр дээрээ овоолчихсон"

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

MDG группийг үүсгэн байгуулагч, судлаач Бадарчийн Одсүрэнтэй ярилцав.

Эдийн засаг-харанхуй засаг

-Өнөөдрийн Монголыг нэг үгээр хэлбэл?

-Дусал залгуулаад хэвтэж байгаа хүн шиг байна. Зээл үнэхээр амь тариа шиг л байна. Засгийн газар саявтар хоёр ч ойрхон том зээл авчихлаа. Швейцарийн банкнаас зээлсэн 250 сая ам.доллар, бонд гаргаж босгосон 500 сая. Нийлээд 750 сая долларын өр

Монголын Засгийн газрын нэр дээр товолзож байна. Удахгүй Энэтхэгээс тэрбум ам.долларын зээл авна. Төгрөгөөр тооцвол нэг их наяд гэсэн хэн хүнд төсөөлөгдөж өгдөггүй тоо гараад ирнэ. 

-Төсөөлөгдөхгүй гэдэг нь?

-Их наяд гэдэг энэ тооны орон сүүлийн үед хэрэглэгдэж эхэлсэн. Бид амьдралдаа хэрэглэдэггүй тоо байхгүй юу. Дунд сургуулийн физик, астрономийн хичээл дээр л сонссон байх. Хүн ер нь гартаа барьж үзээгүй л бол тийм олон тэгтэй мөнгөний хэмжээг төсөөлж чадахгүй гэж ярьдаг. Тэгэхээр энэ өрийн хэмжээ манайд бол хэдэн тэгээр л төсөөлөгдөж байгаа.

За энэ яахав, тэгээд энэ мөнгөөр уг нь бизнесийн төслүүдийг санхүүжүүлбэл эдийн засгийг сэвхийтэл босгохоор их мөнгө л дөө. Даанч манай засгйин газар тийм өндөр хүүтэй зээл авчихаад алдагдсан төсвөө нөхөөд л суугаад байна. Учир нь төсвийг ерөнхийдөө бүрдүүлдэг хувийн хэвшлийнхэн нь өөрсдөө сөхөрчихсөн. Бизнесийн төслүүдийг санхүүжүүлнэ гэдэг нь чухам тэд юм л даа. Гэтэл тэгэх битгий хэл Энэтхэгийн нэг тэрбумын дараа дахиад ч зээл авч таарах байх. Ухаантнууд нь таг дуугүй байх юм.

-Улсын төсвийн тухай тодруулна уу?

-Дэлхийн банкны тайланд байгаа. 2015 оны нэгдүгээр улиралд манай улсын төсвийн алдагдал 145 тэрбум төгрөг байж. Харин энэ жилийн эхний гурван сарын төсвийн алдагдал 618 тэрбум төгрөг болчихлоо. Ганцхан жилийн дотор дөрөв дахин өсчээ. 

Нүүрсний үнэ  мөддөө сэргэхгүйг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ зэсийн ханш унахгүй гэж найдаад байгаа юм. Тэгээд төсөвтөө нэг тонн зэсийн үнийг  5,268 ам.доллароор тооцчихсон. Харамсалтай нь хоосон найдлага л даа. Өнөөдөр Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэс 4,600 доллароор арилжаалагдаж байгаа. Ингээд тонн тутамд алдаж байгаа  600 гаруй ам.долларын зөрүүг засаг зээлээр нөхөөд эхэлчихсэн. Зэсээс алдах мөнгө  ганцхан энэ биш. Өнөө жилийн төсөвт зэсийн АМНАТ-өөс 124 тэрбум төгрөг авна гэсэн өгүүлбэр дурайж байгаа.

Гэтэл зэсийн үнэ 5,000 ам.доллараас бага үед ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авдаггүй. Ингээд тэр тоо байхгүй болж байгаа биз? Дэлхийн банк ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр түрүү жилийнхээс 73 хувиар буурсан гэж мэдээлээд байгаагийн гол шалтгаан нь энэ. За тэгээд Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалт гэх юм алга, гадаад валютын нөөц багассаар л байгаа. Монголын эдийн засаг гэдэг үгийг сонсохоор “харанхуй засаг” хэмээх алдарт жүжгийн нэр л санаанд орж байна.

Бид туйлдсан 
 
Гэрэл зургийг mpa.mn

-Төсвөө сайтар танах хэрэгтэй бишүү?

-Гэхдээ цахилгаан, дулааны төлбөр, цалин энэ тэр юмнуудыг танах аргагүй л дээ. Өнөөдөр бол төсвийн жаахан мөнгө нь энэ мэт урсгал зардалдаа хүрвэл их юм болоод байгаа. 

-Зам сургууль барина гээд байгаа шүү дээ. Оргүй хоосон зүйл ээ. Баригдвал ёстой хэзээ нэгэн цагт л баригдах байх /инээв./

-Бүр үнэхээр боломжгүй гэжүү?

-Нэгдүгээрт төсөвт овойж оцойтол татвар төлөх бизнесүүд, ялангуяа олны олон таван цэн гэдэг жижиг дундууд нь унтраад хаалгаа барихаараа уралдаж байна. Иргэд нь ипотекийн зээлтэй. Аж төрөх үлдсэн мөнгөө хаанаас олох нь засагт угаасаа хамаагүй гэдэг онигоо одоо амьдрал дээр ид хэрэгжиж байна.  Хоёрдугаарт Засгийн газар гаднаас авсан зээлээ ирэх жилээс төлж эхэлнэ.

2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын бондын эргэн төлөлттэй.

Бид харин бүсээ чангална. 2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын бондын эргэн төлөлттэй. Төсвөөс гарах мөнгө нь 520 орчим тэрбум төгрөг. Залгаад  “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараас 500 саяынх нь зээлийг төлж эхэлнэ.

-Гэхдээ инфляци буурлаа гээд....?

-Наадах чинь сайндаа биш ээ, иргэд, байгууллагын худалдан авах чадвар ташраараа муудсантай холбоотой гэж эдийн засаг гадарладаг хэн ч хэлнэ. Хэрэв ямар нэг наймаа явагдаж байгаа бол бараг тэр чигээрээ бартер. Бүр гурав дамнаж бартердаж байгаа харилцаа үүссэн.

-Эрх баригчид өөдрөг л юм яриад байна шүү дээ?

-Байхгүй юмыг нэрээр орлуулна гэгчээр “айх хэрэггүй, удахгүй сэргэнэ” гэх сайхан үгнүүд бол сонгуулийн л эффект шүү дээ. Одоо сунгууль өнгөрөнгүүт энэ мөнгөний таг зогсоно. Ерөнхийдөө бол туйлдлаа. 

-Уул уурхай маань яах билээ?

-Энэ аймаар хямралаас гарах боломж уул уурхайн салбарт байна л даа. Гэхдээ өнөөдрийнх шиг царайгаар бол худлаа! Нийгэмд очих өгөөж нь муу байхгүй юу. Уул уурхайн салбар улсын нийт ажиллах хүчний дөнгөж тавхан хувийг шингээдэг эд. Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага Монголын уул уурхайн эздийн олдог мөнгийг орлого багатай олонхитой харьцуулахад 250 дахин өндөр гэсэн судалгаа байдаг.

Удирдлагын академийн судалгааны багийнхан  хоёр жилийн өмнө гаргасан эдийн засгийн тоймдоо  “Эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд муугүй үргэлжилсэн ч нийгмийн 20 хувийг эзэлдэг чинээлэг хэсэгт нийт орлогын 40 гаруй хувь, харин  ядуу эмзэг бүлэгт нийт орлогын дөнгөж долоохон хувь ногдож байна” гэсэн. Уул уурхайн өгөөж нийгэм рүү хялайж байгаа юм алга байгаа биз дээ?

Том төслөө хөдөлгөнө гэж бид ярих дуртай. Тэгээд лиценз өгнө, ордоо ашиглуулна, багахаан мөнгийг нь татварлаж төсөвтөө оруулна. Ихэнх нь гадагшаа явна. Муу ч гэсэн манай улстөрчдийн авч байгаа мөнгө дотроо үлдэнэ шүү дээ гэж бодож болно. Гэхдээ тэгдэггүй болохыг бид саяын офшор дансны дуулианаас харлаа. Хоржоонтой байгаа биз?  

Банкны салбар биднийг аварна
 

-Гэхдээ энэ гэрээ, энэ системийг хамгийн шалгарсан нь гэдэг шүү дээ.

-Энэ дээр байгалийн баялгаа арай өөрөөр ашиглах нэг санал байгаа юм. Эхлээд банкны салбараа жаахан ярья. Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бол  банк санхүүгийн байгууллагууд байдаг. Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол гээд нийгмйин бүх салбарыг зөвхөн банк  хөгжүүлдэг. Учир нь мөнгө бүх зүйлийн хөшүүрэг шүү дээ. Үйлдвэрлэл, худалдаа арилжаа, иргэдийн амьжиргаа ч банкны хүчээр хөгжинө. Банк хөрөнгө, ажлын байр бий болгодог. Хөрөнгө оруулалт, татварын орлого, улсын төсвийг өсгөдөг ганц газар нь банк. Товчхондоо эдийн засгийг бүтээгч бол банкны салбар. Харин манайд энэ бүх ажил үүргийг төр өөрөө хариуцаад авчихсан 20 гаруй жил ухнатчихлаа. 

Хөгжсөн улсуудын түүх бол тэр чигээрээ банк санхүүгийн салбараа дэмжсэн хүчтэй бодлогын түүх юм. Манайхыг шууд харьцуулж мэдээж болохгүй л дээ. Наад зах нь төгрөг манай бяцхан эдийн засагт, ноён доллар дэлхий дээр эргэлдэж байна. Төгрөгийн ханш гадаадын хөрөнгө оруулалтаас шууд хамааралтай. Доллар их хэмжээгээр орж ирэх тусам төгрөг олноор хэвлэж эдийн засгаа тэлэх боломж гарч ирдэг. Харин долларын урсгал татарвал яг өнөөдрийнх шиг төгрөг хэвлэхээ багасгаж, эдийн засгаа хумихаас аргагүй байдалд хүрдэг. Эндээс ам.доллар их хэмжээгээр орж ирвэл эдийн засаг төвөггүй сэргэнэ гэсэн логикийг хөнгөхөн хийчихэж болно. 

Бүтээгдэхүүнээ экспортлож доллар олох боломжтой ганц л салбар бий. Тэр нь уул уурхай. Харамсалтай нь доллар олдог зэс, нүүрсийг маань  экспортолдог уул уурхайн компаниуд Монголын эдийн засагт мэдрэгдэхээр нөлөө үзүүлдэггүй. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа ажилчдаа цалинжуулах, цахилгааны мөнгөө өгөх, хэрэгцээтэй зүйлээ цөөн хэдэн компаниас худалдаж авах, татвар хураамж төлөх гэсэн жижигхэн хүрээнд эргэлдэж байна. Дэлхийн том төсөл Оюу толгой ч ялгаагүй. Уул уурхай бидэнд хүртээлгүй байна. Одоо хөдөлсөн төслүүдийн хувьд энэ эрчээрээ хэрэгжиж таарна. Гэхдээ ирээдүйн төслүүдээ арай өөрөөр явуулья. 

-Тэгээд банктайгаа яаж холбогдох билээ?

-За хүлээж байгаарай, арай болоогүй байна. Манай банк, санхүүгийн байгууллагууд ч бас хэцүүдсэн. Чанаргүй зээл нь их наядаар тоологдож байна. Нэг их наяд 64.6 тэрбум төгрөгийн зээлийг компаниудаас авч чадахгүй байна. Зээлээ өгч чадахгүй таг суусан бизнес эрхлэгчдийн дийлэнх нь уул уурхай, барилгынхан. Чанаргүй зээл жилийн өмнөхөөс  42.5 хувиар өснө гэдэг бол цочирдмоор үзүүлэлт.

Мөн арилжааны банкуудын алдагдал 16 тэрбум төгрөгт хүрсэн гэх мэдээллийг статистикаас харж болно. Лав л он гарсаар банкны салбар дөрөв дэх сардаа дараалан алдагдал хүлээж байна. Банк санхүүгийн байгууллагуудад өмнөх шигээ  “хувийнх юм чинь эрсдлээ өөрөө үүр” гэсэн хөндий сэтгэлээр хандвал эдийн засаг бүхэлдээ унах өндөр эрсдэл бий. Энэ салбар унах юм бол эдийн засаг өөдийн нар харахгүй. 

Батаа үйлдвэрээ өргөжүүлэх  хүсэлтэй ч банк мөнгөгүй учраас зээл авч чадахгүй, Дулмаа санхүүгийн хүндрэлд орсон компаниа сэргээх мундаг төсөл боловсруулсан ч мөнгөгүй учраас ажилчдаа халахаас өөр аргагүй нөхцөл өнөөдөр үүсчихээд байгаа. Бизнес эрхлэгчдэд тулгарсан энэ зовлон банк мөнгөгүйгээс үүдэлтэй. Ингээд жаахан цаашаа явбал юу болохыг бодоход нуруу зарсхийнэ. 

Америк, Солонгос, Япон, Хятад зэрэг их гүрнүүд Таван толгойн орд дээр ажиллах өндөр сонирхолтой  гэдгээ илэрхийлж байсан. Одоо ч тэр сонирхол нь хэвээрээ. 

Одоо доллар олох  боломжтой ганц салбар болох уул уурхайгаа банк санхүүгийн салбартайгаа уявал яахыг бодож үзье. Таван толгойгоороо банк санхүүгийн байгууллагаа босгоод авах гарц харагдаж байна. Коксжих нүүрс дэлхийн зах зээл дээр дажгүй үнэ хүрнэ. Америк, Солонгос, Япон, Хятад зэрэг их гүрнүүд Таван толгойн орд дээр ажиллах өндөр сонирхолтой  гэдгээ илэрхийлж байсан. Одоо ч тэр сонирхол нь хэвээрээ. Тэдэнд “Та нар Таван толгойг  өөрсдөө мэдээд ашигла. Оронд нь жил бүр хоёр тэрбум ам.долларыг маш бага хувийн хүүтэйгээр зээлээч.

Зээлийн хугацаа нь хорин жил байвал бид ордоо ашиглуулъя”  гэсэн санал тавьж яагаад болохгүй гэж. 
Орж ирсэн валютаар нь банкны салбараа дэмжвэл банкныхан бизнес эрхлэгчдэдээ хямд хүүтэй зээл өгөөд эхэлнэ. Үр дүнд нь улстөрчдийн түмэнтээ амлаад бүтдэггүй ажлын байр хэдэн мянгаараа бий болно. Сая төгрөгөөс дээш цалинтай ажил мөрөөдөл биш амьдрал болно. Өчнөөн үйлдвэр үүдээ нээнэ. Хүсээд байдаг чинээлэг дундаж давхарга эндээс бий болно. Монгол улс гэдэг чинь гуравхан сая хүн шүү дээ. Бас тоолж баршгүй баялагтай.

-Зээлийн дарамт гээд бас л амаргүй зүйл шиг?

-Компаниуд томрохгүй байгаа хоёрхон шалтгаан бий. Нэг нь зээлийн хүү, нөгөө нь зээлийн хугацаа. Арван хувиас дээш хүүтэй зээлээр явж буй бизнесийн хамаг ашиг банкны хүүнд явдгийг дэлхий даяараа мэднэ. Энэ бол зээлийн дарамт. Бид улсаараа яг энэ дарамтанд байгаа.

Харин хөгжсөн улсуудын банкны зээл арван хувиас бага, хугацаа нь арав, хорин жилээр яригддаг.  Манайд аль нэг банк нь ”500 сая төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй, арван жилийн хугацаатай ав. Зээлээ сүүлийн дөрвөн жилд нь хуваагаад төлөхөд болно”  гэвэл ямар ч компани дуртай авна. 

-Манай өнөөгийн зээлийн нөхцөл юу билээ?

-За даа хугацаа нь хоёр гуравхан жил, гэхдээ хүү нь дунджаар жилдээ 25 хувь шүү дээ. Зоригтнууд нь зээл авч байна, гэхдээ юун ашиг олох, хүүгээ тушаах, зээлээ төлөх гээд үстэй толгойгоо зулгаасаар байгаад таарна.

Гэхдээ зээлийн хүү өндөр байгаад банкуудыг буруутгах аргагүй. Эх үүсвэр нь хомс, өндөр хүү амлаж байж хадгаламж татдаг гээд өчнөөн зовлон бий. Харин ч зөнд нь орхисон, бодлогын хүчтэй дэмжлэг байгаагүй гэхэд олон улсын төвшинд хөгжсөн ганц салбар банк л байна. 

-Сайхан ойлгомжтой ярилаа. Сүүлийн асуултыг танд өөрт тань үлдээе

-Гадны хөрөнгө оруулагчид эсрдлээ бодоод доллараа эргүүлэн татаж байна. Хямд эх үүсвэртэй мөнгө татах боломж улам бүр хумигдсаар байна.  Гэхдээ уул уурхайн ордынхоо “буяныг” бизнес төслийн ашигтай, ашиггүйг төгс ялгадаг банк санхүүгийнхэнд даатгачихвал  “Төр бондын мөнгийг буруу зарлаа, эдийн засаг хэцүү үед өрөө яаж төлнө дөө” гэсэн  сэтгэлийн зовлонгүй амьдарч эхэлнэ дээ. Нэг салбараа нөгөөгөөр нь тэтгээд эдийн засгаа сэвхийтэл босгоод ирэх бодитой боломж харагдаад байгаа юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.