Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тэнцвэрээ шалгаж, тэвчээрээ барж байна

Ж.Отгонмягмар
2016 оны 5 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

Нийслэлд жил бүр засч, янзалдаг зүйлийн нэг нь явган хүний зам. Ийнхүү шинэчилж байгаагийн учир юу гэвэл доор нь байгаа шугам сүлжээг янзлах гэж хуулдаг гэх. Ийм ажил хийж буй нэг хэсэг байхад бизнес болгон ашигладаг ч хүмүүс байна. Тэгээд жил бүр зам тавиад байгаагаа албаныхан их “хөөрхөн” тайлбарладаг.

Тодруулбал, “Хот тохижилтын ажилтнууд өвөл цас арилгаж байгаа нь энэ гээд лоом, жоотуугаар балбасаар байгаад хагалчихдаг. Хавар болохоор хүн явах аргагүй болчихдог юм. Тэгээд л солих шаардлагатай болдог. Их хэмжээний мөнгө гаргаад чанартай сайн, явган хүний зам тавьж болно. Гэвч дулааны шугам сүлжээг засах гээд хуулах шаардлага гардаг” гээд олон шалтаг, шалтгаан тоочдог.

Хэрвээ хот тохижилтынхон нь эрчим хүч, дулааны шугам сүлжээний газартайгаа уялдаа холбоотой ажиллаж чаддаг бол энэ жил тохижуулсан замаа ирэх жил нь хуулах шаардлагагүй л байлтай. Тавьсан замыг хуулах болгонд улсын төсвөөс их хэмжээний мөнгө гарч байгаа юм. Хамгийн хачирхалтай нь нэг ажлаа жил бүр хийж байгаа хэр нь хэзээ ч шат ахихгүй байгаад хамаг учир байна. Xapин ч бүр жил ирэх тусам муудаад байх шиг.

Саяхандаа нийслэлийн гудамж талбайг чимэглэж, өнгө хавтангаар зам тавьж эхлэхдээ нэг хөгийн юм хийж байлаа. Ёстой нөгөө “бусдад хэлэхэд ичмээр дамшиг даа” гэгчээр өнгө өнгийн хавтанг энд тэнд эрээн мяраан хээ маягийн хэлбэртэй болгоод тавьчихсан. 

Хараагүй хүний хөтөч хавтангаар хээ угалз урлаж “тэнэгтсэн” байсан. 

Гэтэл өөр өнгийн буюу шулуун зураастай, хараагүй хүний хөтөч хавтангаар хээ угалз урлаж “тэнэгтсэн” байсан. Энэ нь өнөөх явган хүний замыг бизнес болгогчид тендер зарлаад хамгийн хямд үнэ хэлсэн “чанаргүй” этгээдүүдийг  шалгаруулдгаас болсон хэрэг. 

Эсвэл хамгийн сайн таних мэргэжлийн бус хүндээ явган хүний замын ажлыг өгсөнтэй шууд холбоотой. Хавтангийн  учрыг ч олоогүй нөхөд зам тавьж байсан нь багадаад одоо бүр зориулалтын бус хавтангаар явган хүний зам урлаж эхлээд байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг Бага тойруу буюу МУИС-ийн хичээлийн  V байрны өмнөх талбайг саяхан тохижуулж байгаа. Гэтэл “чанаргүй тохижуулагч”-д энэ удаад далангийн хажуу талыг шорооны нуралтаас хамгаалах хананд байрлуулах зориулалт бүхий эко хавтангаар явган хүний зам тавиад байгаа “мал”-нуудыг яах вэ. Тэр замаар нь өндөр өсгийттэй бүсгүйчүүд битгий хэл намхан гуталтай эрчүүд ч явахад түвэгтэй. Хувь хүнээс маш өндөр ур чадвар шаардаж байгаа юм.

 

Сэтгүүлч миний бие ажилдаа ирэх, явах бүрдээ тэр замаар явдаг бөгөөд өсгийгөө зоогоод өнхрөөд уначихгүйн тулд хамаг авьяасаа гаргаж байгаа. Тэнцвэрийн ур чадвараа шалгах зуур, нүх нэг бүрийг харж явсаар толгой эргээд унахын даваан дээр тэр зам дуусдаг. Тийм зам тавьсан хүмүүст над шиг өдөр бүр “баярладаг” хүн олон л байгаа байх даа.

Хэрвээ зам тавьж байгаа нөхөд тэр хавтанг далан дээр байрлуулдаг гэдгийг мэдсээр байж явган хүний улаан зам дээр өрөөд байгаа бол хариуцлага тооцох хэрэгтэй.

Зам тавих тендерт бага хэмжээний мөнгө буюу бохины мөнгө аваагүй нь тодорхой. Тиймээс улсаас мөнгө авсан шиг ээ замаа чанартай тавих хэрэгтэй байна. Хэдийгээр хамгийн хямд үнэ хэлсэн нөхдийг тендерт шалгаруулдаг ч ажлаа чанаргүй, буруу хийсэн нөхдийн өөрсдийнх нь хөрөнгөөр засуулах, шинээр хийлгэх арга хэмжээ авч яагаад болохгүй гэж.

Угаасаа нийслэлийн Засаг дарга "Авто замыг шинээр хийж байгаа компаниудыг тавьсан замдаа 3-5 жилийн баталгаа өг.  Хэрвээ тэр хугацаанд хийсэн зам нь эвдэрсэн бол өөрсдийнх нь хөрөнгөөр засвар арчлалт хий” гэдэг хатуу шаардлага тавьж байгаа.

Тиймээс ч авто замын ажлыг гүйцэтгэж байгаа компаниуд баталгаат хугацаанд нь зам эвдрэхгүй байхаар тооцож, эхлээд хийсэн ажлаа дахин мөнгө зарж засварлахгүйн тул маш чанартай  хийж гүйцэтгэж байгаа шүү дээ. Энэ сайн туршлагыг явган хүний замд ч нэвтрүүлмээр байгаа юм. Хэрвээ энэ эко хавтангаар хийсэн замыг тавьсан компанийн удирдлагууд  бүр л их хариуцлага үүрэх нь дамжиггүй. Бүр үг авахгүй бол хариуцлага тооцсон ч яадаг юм.

Зураг