Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Оффшор"-оор овоглосон шинэ үзэл суртал

А.Алиман
2016 оны 5 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Ардчилсан намын дарга З.Энхболд “оффшор бүсэд данстай” гэх дуулианд нэр холбогдсон гишүүдээ УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж хувийн твиттер хуудсаараа нэгэнтээ мэдэгдсэн ч түүний энэ хатуу байр суурийг намынх нь анхан, дунд шатны байгууллагын шийдвэрүүд түрүүчээсээ няцааж эхэллээ.

Тухайлбал, С.Баярцогтыг Сэлэнгэ аймгийн, “Женко" Х.Баттулгыг Баянхонгор аймгийн Ардчилсан намаас ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Энэ нь нэг талаас Ардчилсан нам даргынхаа хатуу байр суурийг ч сөрж чадах ардчилалтай байгааг харуулж буй мэт боловч өнөөгийн хууль эрхзүйн орчинд “оффшор бүсэд компани бүртгүүлэх"-ийг гэмт хэрэгт тооцох, хариуцлага хүлээлгэх тухай зохицуулалт байхгүй учраас З.Энхболдын мэдэгдэл нөгөө талаас “дарангуйлал” гэж уншигдахаар алхам болсныг үгүйсгэхгүй.

Үүний зэрэгцээ Ардчилсан намын даргын байр суурийг дэмжихэд чиглэсэн зорилтот алхмууд ч хийгдэж, оффшортой тэмцэх тухай хууль санаачлан батлуулах сураг чимээ ч сонсогдоод амжсан. Энэ бол гэмт хэрэг шүү гэсэн ойлголтыг нийгэмд өгөхөд энэ мэт “бор шувуу” нисэх нь хэрэгтэй байсан биз ээ. Улс төрийн намуудын хувьд үндсэн зорилго нь гэж хэлж болох ээлжит сонгууль хаяанд ирчхээд байхад огт өөр асуудалд хүчээ барж, оффшорчидтой тэмцэх хууль хэлэлцэнэ гэвэл энэ нь угаасаа цагаа олоогүй асуудал байх байлаа.

Оффшорчидтой тэмцэх хууль хэлэлцэнэ гэвэл энэ нь угаасаа цагаа олоогүй асуудал байх байлаа.

Улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчдээ хэлэлцэж байгаа чухал мөчид горилогчдын талаарх хар, цагаан мэдээллүүд идэвхэждэг нь жам хэдий ч энэ дунд “оффшор” гэх ташуур олон хүний толгой дээр сүр далайлгасан нь өнөө жилийн онцлог болж байна.

Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг одоохондоо илчлэгдээгүй ч “оффшор" гэх үгээс айж яваа улстөрчид нэлээдгүй байгаа аж. Ямар ч нийгэмд өөрийн дэг, дэглэмийг барьж тогтоох үзэл сурталтай, түүгээрээ зэвсэглэдэг зүй тогтлыг үл гажин өнөөдөр монголчууд “оффшор компани” гэх ташуураар нэг нэгнээ айлгах болж байна гэсэн үг.

Улстөрчдийн хувьд энэ ойлголт нь үнэхээр эмээж, цэрвэх ёстой асуудал, ёс зүйн алдаа болох ч хавтгайд нь буруу, муухай гэсэн хандлагыг нийгэмд бий болгох нь харин ч сөрөг дагавартай байж мэднэ.

Уг нь оффшор бүс гэдэг олон улсад тогтсон ойлголтоор бол компанийн нууцлалыг чанд мөрддөг, татварын хамгийн таатай орчныг бүрдүүлдэг эдийн засгийн орчныг хэлдэг аж. Хамтарч хөрөнгө оруулалт хийсэн талууд хоорондоо хувьцаа шилжүүлэх, хоорондоо худалдах, худалдан авах ажиллагаа явуулах тохиолдолд олон дахин татвар ногдуулаад байдаггүй учраас бизнесменүүд үүнийг түгээмэл ашигладаг байна.

Нэг үгээр хэлбэл, татварын дарамтгүй нөхцөлийг бүрдүүлж чаддаг учраас оффшор бүсэд компани нээх нь эрсдэлгүй болон ашигтай. Тэрчлэн үл ойлголцол үүсч, маргаан гарлаа гэхэд “Англо-Саксоны” хуулийг хэрэглэж илүү шударга шүүхээр асуудлыг шийддэг гэх зэрэг анхаарал, шохоорхол татах орчин тэнд байдаг аж.

Тэр тусмаа Монгол шиг татварын эрх зүйн орчин нь эрсдэлтэй, бизнесүүд нь төдийлөн томорч өсч чаддаггүй жижиг буурай эдийн засагтай оронд оффшор бүсэд компани бүртгүүлж, гадаадын хөрөнгө оруулалт татах санхүүгийн хэрэгсэл талаасаа байж болох зүйл бололтой. 

Монгол Улсад өнөөдөр хэн нэгний эзэмшиж байгаа банкны данс руу нэвтэрч болох хуулийн 18 заалт байдаг. Эрүү, Иргэний, Банкны, Захиргааны гэх мэт хуулиудын дагуу бараг 18 эрх бүхий этгээд таны данс руу дураараа нэвтэрч, мэдээлэл авч, шалгаж, битүүмжлэх, хураах зэрэг эрхтэй...

Тэгэхээр оффшорын дуулиан улстөрчдийн хувьд ёс зүйн карьер үүсгэх чөдөр байж болох ч бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад халгаатай, эргэлзээтэй сэдэв аж. Аливаа зүйлийг шийдвэрлэхдээ хэт туйлширдаг зантай Монголчуудын хувьд үзэл суртлын зэвсэг болгон улстөрчдөө намнах гээд жамаараа хөгжиж яваа бусад салбараа давхар агнах вий гэсэн болгоомжлолыг шинжээчид сануулж байгаа нь ч зүйн хэрэг биз.

Зураг